Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 04
Манай улсад хөдөлмөр аюулгүй байдлыг норм, дүрмийнх нь дагуу чанга баримталж ажиллаж байгаа барилгын компани, үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгж цөөн гээд хэлчихэд буруутахгүй.
Өнгөрсөн онд өдөр болгон шахуу барилга дээрээс төмөр унаж хүний амь эрсдлээ гэдэг таагүй мэдээг сонсох болсон. Энэ жил ч байдал дээрдсэнгүй ээ. Барилгаас дээрээс унаж хүн нас барлаа гэх нь хүртэл энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болсон гэлтэй. МХЕГ-аас хууль зөрчсөн барилгын компаниудад хяналт шалгалт хийж тухайн барилгын үйл ажиллагааг зогсоодог. Гэвч "мөнгө", "танил" тал байхад бүх зүйл болчихдог болсон гэх хардалт амьдрал дээр хэрэгжих болсоноор хуулийн дагуу ажилладаггүй. Өнөөдөр нь үйл ажиллагааг нь зогсоож байхад маргааш нь барилгаа барьсаар байдаг.
Энэ оны есдүгээр сарын 10-ны байдлаар манай улсын хэмжээнд нийт 205 удаа үйлдвэрлэлийн осол гарч, түүнд 222 хүн өртөж, 24 хүн нас барж 16 хүн тахир дутуу болж, 183 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.
Осол гарахад хамгийн их нөлөөлсөн шалтгаан нь уналт нуралт гэнэ. Гарсан ослын хамгийн их хувийг уналт нуралтаас 41 осол буюу 20.0 хувь, хальтиргаанаас 38 осол буюу 18.5 хувь, аюулгуй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсанаас 33 буюу 16.1 хувь, машин механизмын эвдрэл гэмтлээс 22 осол буюу 10.7 хувийг эзэлж байгаа ажээ.
Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос барилгын салбарт үйлдвэрлэлийн ослыг зогсоох, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар асуудлыг олон талаас нь ярилцаж, салбарын яамдын дэргэд ХАБЭА-н салбар хороо байгуулах үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг шинэчлэх, зарим стандартыг шинээр боловсруулж ажиллахаар болсоноо дуулгав.
Мөн барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнуудад хандаж зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргье.
Барилгын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаарх зөвлөмж
Монгол Улсад их бүтээн байгуулалтын ажил өрнөж, барилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд барилгын салбарт үйлдвэрлэлийн осол олон удаа гарч, эрдэнэт хүний амь нас эндэх, хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох зэрэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал ойр ойрхон давтагдах боллоо. Барилгын салбарт гарч буй ослын шалтгааныг авч үзвэл, нийт ослын 60 орчим хувь нь өргөх, эөөх тоног төхөөрөмжийн бүрэн бус ажиллагаа, уналт нуралтаас, 20 гаруй хувь нь хаалт, хамгаалалт хангалтгүйгээс, 20 хувь нь аюулгуй ажиллагааны арга барилд хангалтгүй суралцсан гэсэн хүчин зүйлээс хамаарч байна. Энэ нь барилгын салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, хаалт хамгаалалтыг хангалтгүй хийдэг, өргөх, эөөх механизмын бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, сургалтанд хамрагдаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, барилгын ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж заншаагүй, анхаарал болгоомжгүй, хэнэггүй, хайхрамжгүй байдлаар ажилдаа ханддаг зэрэг нь осол гарахад нөлөөлж байна. Иймд барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооноос дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дурэм, журмын хэрэгжилтийг барилгын салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах;
2. Барилгын ажлыг шинээр эхлүүлэхийн өмнө "Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө" боловсруулж, ерөнхий захиалагч компанийн захирлаар батлуулан ажиллах ба энэ төлөвлөгөөнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн эөвшөөрлийг авах, барилгын ажлын үе шат бүрт авах ХАБЭА-н арга хэмжээг барилгын ажил эхлэхээс улсын комисст хүлээлгэж өгөх хүртэлх хугацааг хамруулан нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
3. Аж ахуйн нэгж, байгууллагын төвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-н орон тооны бус эөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулж, мэргэшүүлэх;
4. Барилгын үйлдвэрлэлийн талбайд аюул осолгарч болзошгүй бүсийг барилгын ажилбар бүрт урьдчилан тогтоож, сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж байх;
5. Захиалагч нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудтай хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, ХАБЭА-н арга хэмжээнд шаардагдах зардлыг тодорхой тусгасан байх;
6. Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгч нь сургалтад хамрагдаж, "Цэнхэр карт" авсан ажилтныг барилгын талбайд ажиллуулах, барилга угсралтын тусгай эөвшөөрөлгүй байгууллага, мэргэжлийн бус иргэдээр ажил гүйцэтгүүлэхийг бүрмөсөн зогсоох;
7. Барилгын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа ачаа өргөх, зөөх, буулгах тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн байдлыг тогтмол хянах, өргөх байгууламжийн мэргэжлийн ажилтнууд /кранчин, өргүүрийн операторчин, лифтчин гэх мэт/-ыг авч, ажиллуулах, аюулгүй ашиглах дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах;
8. Барилгын үндсэн хийцийн ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллага, ажилтнаар гүйцэтгүүлж байх;
9. Ажилтанд ажлын талбай дээр ундны цэвэр ус, түр амарч дулаацах, сэрүүцэх, хооллох байраар хангах, ажлын байранд гэмтэл, бэртэл тохиолдох үед үзүүлэх анхан шатны тусламжийн бэлэн байдлыг хангуулах; 10. Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамруулж, шалгалт авч хэвших, ажилтан хүн өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцлийг хангаж ажиллах соёл, дадал, заншлыг ажилтан бүрт эзэмшүүлэх;
11. Өглөө бүр барилгын ажил эхлэхийн өмнө таван мннутын мэдээлэл хийж, аюул осол гарч болзошгүй эрсдлийн талаар анхааруулж, ажилтнуудын саналыг сонсч, аюулгүй ажиллагааны зөвлөмж зааварчилгааг өгдөг ажлыг барилгын компани бүр хэвшил болгох;
12. Барилгын компанийн удирдах ажилтнууд, даамал, инженер техникийн болон ХАБЭА-н албаны ажилтнуудыг оролцуулан хуваарь гаргаж, өдөр бүр барилгын үйлдвэрлэл явагдаж байгаа ажлын талбай дээр жижүүр хийж, дотоод хяналтыг зохион байгуулж ажиллах. Тухайн өдрийн жижүүр нь барилгын ажлын талбай дээр үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, засуулах, эрсдлийг арилгах зэрэг арга хэмжээг авч, тухайн өдрийнхээ ХАБЭА-н нөхцөл байдлын талаар маргааш өглөө нь мэдээлэл хийдэг байх;.
13. ХАБЭА-н чнглэлээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ажлын туршлага, дадлага, мэдлэгтэй ахмадуудтай гэрээ байгуулан, тодорхой асуудал хариуцуулан ажиллах; Энэхүү ЗӨВЛӨМЖ-ийг ажилтан, ажил олгогч эзэд та бүхэн барилгын салбарын байгууллага, аж ахуйн нэгж бүр дээр хэрэгжүүлэхэд санаачилгатай хандаж, өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлж мөрдөхөд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хэрвээ та барилгын салбарт ажилладаг бол дээрх зөвлөмжийн дагуу ажиллаж өөрийн эрүүл мэнд, амь насаа эндэхээс бүрэн сэргийлж чадна.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.