Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч, МАН-ын Бага хурлын гишүүн Д.Загджавтай ярилцлаа.
-Саяхан таныг БНХАУ-д болсон олон улсын энхтайвны дээд хэмжээний хуралд оролцоод ирсэн талаарх мэдээлэл хэвлэлээр гарсан байсан. Энэ хурлын ач холбогдлын талаар таны бодол?
-БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнуудын олон улсын энх тайвны дээд хэмжээний хурал тус улсын Сан Ши мужийн Си Ан хотод өнгөрсөн сарын 23-24-ний өдрүүдэд болж өнгөрсөн. Хуралд БНХАУ-ын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Энхтайвны, Зэвсэг хураах нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хань Чи Дө, Шриланка улсын Их Хурлын дарга Чамал Янта Раджапакса, Бангладеш улсын Ерөнхий сайд Хусэйн Мухамед Эршад, Киприйн Ерөнхийлөгч асан Демитриос Кристофер олон орны их хурал Засгийн газрын гишүүд. Мөн улстөрийн намын төлөөлөгчид, энх тайван аюулгүй байдал, найрамдал хамтын ажиллагааны байгууллагууд, олон улсын сан, олон орны стратеги судлалын хүрээлэнг төлөөлсөн 130 гаруй орны өндөр дээд хэмжээний болон албан ёсны зочид төлөөлөгчид оролцсон. Өнгөрсөн жил болсон хурлын үеэр Монголын талын гаргасан санаачлагын дүнд ОХУ болон Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд мөн төлөөлөгчдөө илгээж оролцууллаа. Олон улсын энх тайвны дээд хэмжээний хурлын үеэр хөрш орнуудын хамтын ажиллагааны төв байгууллагуудын гурван талт хаалттай уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт нь гурван орны төрийн тэргүүн нарын Душанбегийн уулзалтын дараа болж буйгаараа онцлогтой түүхэн үйл явдал болсон. Аливаа улс орны нэн тэргүүнд эрхэмлэх бодлого нь энхтайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллах. Энэхүү бодлогыг олон улсын хэмжээнд тунхаглаж, бусад улс оронтой хамтран ажиллахад ихээхэн дэвшил гаргасан нь уулзалтад Монголын талыг төлөөлж оролцсоны ач холбогдол орших болов уу.
-Уулзалтаар хэлэлцсэн гол гол асуудлаас тодруулбал?
-Уулзалтын хүрээнд гурван орны хамтын ажиллагааны байгууллагууд хамтран ажил- лах, гурван талт уулзалтыг тогтмолжуулах, БНХАУ-ын Энх- тайван, зэвсэг хураах нийгэмлэг, Монголын Энхтайван, найрамдлын байгууллага хамтран Монгол Улсын аль нэг цахилгаан эрчим хүч шаардлагатай байгаа бүс нутгийг сонгон нарны сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийх. ОХУ-ын Энхтайвны сан, Монгол, БНХАУ-ын төлөөлөгчдийг энэ оны арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Австри Улсын нийслэл Вена хотноо болох олон улсын Энхтайвны форумд албан ёсоор урихаа мэдэгдэж, тус тус харилцан тохиролцсон.
-Эндээс хамгийн сайхан мэдээ нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар нарны сэргээгдэх эрчим хүчээр бүс нутгийг хангах тухай мэдээ байна. Үүнийг хаана, хэзээ хийх вэ?
-Одоохондоо энд, тэнд хийнэ гэсэн зүйл алга. Аль бүс нутагт байгуулахыг Засгийн газартай зөвшилцөж байж шийдэх байх. Энэ бол улс орны бүтээн байгуулалтад оруулж буй бидний хувь нэмэр. Хамгийн гол нь улстөржихгүйгээр улс орны чухал хэрэгцээт газарт энэ хөрөнгө оруулалтыг хийгээсэй гэж хүсч байна. Өнөөдөр улстөрчид нь ч, иргэд ч ямар нэгэн хөрөнгө оруулалтын ард юу байгаа бол гэж хардаг болсон байна. Гэхдээ ирээдүйд үлдэх үр дүнг нь биш үүгээр хэн улс төр хийж байна, эндээс хэн нэгэн хөрөнгө мөнгө завшив уу, хийх гэж байгаа нэг нь үүнээс хэр ашиг олж болох вэ гэдэг ч юм уу. Бид ингэж хардсаар олон жилийг үдлээ. Харин одоо бид ирээдүйдээ юу үлдээх вэ гэдэг үүднээс асуудалд хандаж, улс орныхоо хөгжлийн төлөө бусдын өгсөн тусламжийг үр дүнтэй ашиглаж сурах хэрэгтэй болсон байна.
-Таныг иргэд Засаг дарга, УИХ-ын гишүүн, улстөрч гэдгээр илүү мэднэ. Ялангуяа нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга байсан гэдгээр тань андахгүй. Одоо харин та хэн бэ?
-Би одоо ч улстөрч хэвээрээ. Харин ч бүр олон улсын хэмжээнийх болсон гээд хэлчихэд болохгүй гэх юм алга. Улс орныхоо төлөө гараа өргөж, саналаа өгч буй хүн бүхэн улстөрч гэсэн эртний Грекийн нэг үг байдаг. Эртний Грект хот-улсууд гэж байх үед хот улсад харьяалагддаг хүн бүхэн хот улсынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд саналаа өгөх эрхтэй байж. Тиймээс дээрх үг гарсан байх. Би ямар ч албан тушаалд байсан үедээ Монгол Улсын иргэн байсан. Одоо ч хэвээрээ. Тэгэхээр би Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд үгээ хэлэх эрхтэй. Ийм эрхтэй учраас одоо ч би улстөрч. Малчин Дорж, тариаланч Дондог гээд энэ улс орны төлөө, ирээдүйн төлөө санаа зовдог, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг бүх хүн улстөрч. Харин тэднийг төрд хэн төлөөлж байна вэ гэдэг л асуудлын мөн чанар байх.
-Тэднийг өнөөдөр улс төрд төлөөлж буй хүмүүс хэн гэж. Тэдний талаар таны үзэл бодол?
-Өнөөдөр тэр хүмүүсийг улс төрд төлөөлж буй хүмүүс мэдээж УИХ-ын 76. Би ч тэдний нэг байж үзсэн. Улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн үзэл бодолтой, зарчимтай хүмүүс ч бий. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг нэгнийх нь хийсэн алдаа 76 хүний хийсэн сайн зүйлийг иргэдийн өмнө харлуулдгийг ч бас үзсэн. Хүмүүс өнөөдөр сайныг бус саарыг нь харах дуртай болж дээ гэх бодол хааяахан төрнө шүү. Алдаа оноо, сайн, саараас хорвоо бүтдэг. Тэр 76 бас хүн. Гэхдээ алдаж гишгэх эрхгүй хүмүүс. УИХ хэмээх тэр том айлд орж байгаа хүмүүст бодсон бодол, улс орныхоо төлөө ихийг хийх гэсэн эрмэлзэл, зарчим байдаг. Улс орон, ард түмэн гэх ухагдахуун УИХ-д сууж буй хүмүүсийн эрх ашгийн хэмжүүр байдаг, байх ч ёстой, хожим хойно ч энэ хэвээрээ байгаасай гэж хүсдэг.
-Тэгвэл таны зарчим?
-Миний амьдралд нэг л зарчим өнөөдрийг хүртэл оршсоор ирсэн. Хэрэв та улс төрд хөл тавьж байгаа бол эхлээд нэгдүгээрт, улс орны ирээдүй, хоёрдугаарт, улс орны ирээдүй, гуравдугаарт, улс орны ирээдүй гэсэн зарчмыг л мөрдөх ёстой.
-Өнөөдөр эдийн засаг туйлдаж, засаглалын хямралд манай улс орчихоод байна. Үүнийг шийдэх гарц байна уу. Хэрэв та УИХ-ын гишүүн байсан бол таны үзэл бодол, энэ талаар юу гэж хэлэх байсан бол?
-Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Одоо бол улс орноо дэлхий дахины өмнө Энхтайван, найрамдлын байгууллагын өмнөөс төлөөлөх. Энэ улсын иргэн хүний нүдээр хараад ямар ч үнэн бодит мэдээлэлгүйгээр улс орны өнөөгийн байдлыг дүгнэ гэвэл дэндүү өрөөсгөл болно. Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүн өдрөөс өдөрт буланд шахагдсаар байгааг л харж байна. Энэ байдлаас тэр хүн хэрхэн гарах бол гэдгийг харах үлдээд байна. Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэр хүнд улс орныхоо төлөө, ирээдүйн төлөө хийх гэж байгаа ажил, бодсон бодол, сэтгэл байгаа гэдэгт найдаж байна. Элдэв улс төртэй холбоогүйгээр хэлэхэд ард түмнийхээ эрх ашгийг золиослож, хувийн амьдралаа цогцлоох гэсэн увайгүй үйлдэл бүхнийг таслан зогсоож байж л улс орон зөв голдьрилоор хөгжинө, урагшилна, хүчирхэгжинэ. Улс орныг хамгийн дордуулагч, тамирдуулагч хүчин зүйл бол авлига. Хар тамхи л гэсэн үг. Энэ аалзны тор улс орныг хэрэх аваас бид улам дордох болно. Тиймээс бид үүнтэй тууштай тэмцэх ёстой. Ийм байж чадна гэдэгт би итгэдэг.
-Бид сэдвээсээ хэт халиад улс төр рүү орчихлоо. Эргээд БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнуудын Олон улсын энхтайвны дээд хэмжээний хуралтай холбоотой асуултад оръё. Та хуралд үг хэлсэн гэсэн?
-Тэгсэн. Ер нь манай улс бүс нутаг төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орчихоод байна. Бид энэ дэлхийн улс орнуудын өмнө үг хэлэх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Монгол хэмээн бахархахаас гадна энэхүү их нэр хүндийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүн бүхэн ухамсарлах цаг үед бид амьдарч байна. Өмнө нь ч, өнөөдөр ч ийм байсан, ирээдүйд ч ийм л байх ёстой. Энэхүү дээд хэмжээний хурлын үеэр олон талт өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн. Үүнээс онцолбол Ази тив бүс нутгийн орнуудын аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал, ард түмний эрх чөлөө, Ази тивийн аюулгүй байдлын шинэ механизм, “Торгоны зам”-ын эдийн засаг зэрэг асуудлыг хэлэлцэж, олон орны хотын дарга нарын дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Миний хувьд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилт гэдгийг тэрхүү хуралдаанд онцолж хэлсэн. Ази тивийн, цаашлаад дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө манай улс асар их хүчин чармайлт гаргаж ирсэн. Тиймээс Төв Азийн бүс нутагт төдийгүй олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг /ШХАБ/ Монгол Улс тус бүс нутгийн, цаашлаад дэлхий нийтийн хамтын ажиллагаанд тодорхойлох үүрэгтэй оролцох, улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх, хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг, энхтайвныг сахиулах, аюулгүй байдлыг хангах, хам- тын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй хэмээн үзэж өндөр ач холбогдол өгсөн.
-Таны хэлсэн үг дотор НҮБ, АНУ-ын эсрэг хандлагатай ганц нэг үе байсан гэсэн?
-Байлгүй яахав. Ер нь НҮБ- аар халхавчилсан АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчин, тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, терроризмыг өөгшүүлэн, цэрэг зэвсгийн хүч түрсэн байлдааны балмад ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Зөвхөн энэ ч биш эзлэн түрэмгийлэх, эд баялгийг булаан дээрэмдэх, хүн ард, хүүхэд багачуудыг үхэл хагацал, зовлон шаналалд нэрвэгдүүлж буй туйлын эгзэгтэй энэ мөчид та бид амьдарч байна. Дээрх хурал ч энэ л эгзэгтэй цаг мөчид болсон. Тиймээс ч бид энэ байдалд дүгнэлт өгч, тодорхой шийдвэр гарган НҮБ-д хүргүүлж, Ерөнхий Ассамблейг хуралдуулахыг шаардах хэрэгтэй гэж би хэлсэн. Хамгийн гол нь энэ хурлаас гаргасан шийдвэрийг гарсан өдрөөс нь эхлэн дэлхий улс орнууд дагаж мөрддөг зарчим болгон хэрэгжүүлэх нь чухал. Үүнийг бид ажил хэрэг болгох хэрэгтэй. Тиймээс эхний ээлжид Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эхний ээлжид хоорондоо хэрэглэх мөнгөн тэмдэгт буй болгон, цаашид дэлхийн валютын сүлжээ болгон хөгжүүлэх, мөн мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох ёстой. Мөн ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил, ӨАБНУ гишүүн орнуудын цэрэг зэвсгийн хамтын ажиллагаа, байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх, цэргийн хамтарсан бэлтгэл сургалтыг үе үе хийж, стратегийн цохилтын нэгдсэн штабтай болох шаардлагатай байгаа юм. Энэ нь бүс нутгийн төдийгүй олон улс орны нийтлэг эрх ашигт гүнээ нийцэж, өнөөдөр хэмжээ хэрээсээ хэтэрсэн түрэмгийлэлд тодорхой хэмжээний цохилт болох юм.
-Өмнөд болон хойд хөршийн төрийн тэргүүн нарын манай улсад хийсэн айлчлалд ач холбогдол өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ч та ихээхэн онцолж хэлсэн байна лээ?
-Үүнийг тэнд хэлэхгүй байх аргагүй юм. Манай улсын мөнхийн хоёр хөрш өнөөдөр дэлхий дахины бодлогод том үүрэг гүйцэтгэж байна. Түүнээс гадна бид энэ хоёр хөршөө зөв үнэлж, хамтарч ажиллаж, нөхөрлөхгүйгээр хөгж- лийн тухай ярих аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны ёсдүгээр сарын 11-ний өдөр Тажикстан улсын Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван талт уулзалт хийсэн. Энэ нь хөрш гурван орны төрийн тэргүүн нэгэн цаг мөчид нүүр тулан уулзсан анхны түүхэн үйл явдал болсон шүү дээ. Уулзалтын гол зорилго нь нэгдүгээрт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг хийх,
Хоёрдугаарт: “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Зас- гийн газар хоорондын ерөн хий хэлэлцээр”-ийн явцыг идэвх- жүүлэх.
Гуравдугаарт: “Байгалийн хий дамжуулах баруун шугам”-ыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих, гурван талын ажлын хэсгийн уулзалтыг энэ онд багтаан Улаанбаатарт хийх асуудлыг шийдвэрлэх.
Дөрөвдүгээрт: Энэ оны арваннэгдүгээр сард Бээжин хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус байгууллагын гишүүнээр элсэх Монгол Улсын хүсэлтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн зорилттой. Энэ нь зөвхөн манай улсын хувьд ч биш бусад улс орны хувьд ч ихээхэн анхаарал хандуулж буй асуудал учраас хөндөхгүй, ярихгүй өнгөрч болохгүй сэдэв байсан юм. Манай улс бол их өвөрмөц байршилтай буюу БНХАУ, ОХУ- ын хооронд дангаараа байрладаг, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай дэлхий дээрх цорын ганц орон. Тиймээс манай гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгөө найрсаг харил цаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны эн тэргүүний зорилт гэж томьёолсон байдаг. Зөвхөн хоёр хөрш гэхгүй дэлхийн бүх улс түмэнтэй найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьдог.
-Энэ онд манай улсаас санаачлан зохион байгуулсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн гэдэг?
-Манай улс Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, энэ оны зургадугаар сард эрдэмтэн судлаачдыг оролцуулан Улаанбаатар хотноо зохион бай- гуулсан.”Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюул- гүй байдал, тогтвортой хөгж- лийг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэсэн бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
-Энхтайван гэдэг ганцхан улсын хичээл зүтгэлээс шалтгаалахгүй. Мөн дэлхий нийт нэгнээсээ дэндүү хамааралтай болсон цаг үед нэг улсад болсон хямрал олон улс орныг хамрах нь энгийн үзэгдэл болоод байна. Өнөөдрийн олон улсын харилцаа ч түгшүүртэй хэмжээнд байна шүү дээ. Тухайлбал, манай хойд хөршид л гэхэд Украины асуудал байна?
-Өнөөгийн олон улсын харилцааны нэг түгшүүртэй байдал, тухайлбал, АНУ, НАТО-ийн гишүүн орнуудын тусгай албадын Сири, Украин улсад зохион байгуулж байгаа иргэний дайн, хямрал нь тухайн бүс нутаг төдийгүй, тив дэлхийг хамарсан хурц асуудал болоод байгаа. Манай улс энэ асуудлыг эв зүйгээр, улс төр, дипломатын аргаар шийдвэрлэх ёстой гэж үзсээр ирсэн, одоо ч гэсэн ийм байр суурьтай байна. Саяхан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэг, ОХУ-ын төлөөлөгчдийн оролцоотойгоор Бүгд Найрамдах Беларусь Улсад болж өнгөрсөн Украины сөргөлдөгч талуудын уулзалт яриа хэлэлцээний үр дүнд талууд Украины өмнөд хэсэгт гал зогсоох шийдвэрт хүрснийг бид талархан дэмжиж байгаагаа тус хуралд оролцогсдод мэдэгдсэн. Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг нэн тэргүүнд эрдэм шинжилгээний аргаар таниулан, хамтран ажиллахад бид анхаарч ирсэн. Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог манай улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж байгаа шүү дээ. Үүний үр дүнд 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн. Энэхүү статусыг хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ ч тунхагласан. Энэ нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад манай улс өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулсан явдал юм. Энэхүү хурлын үеэр үүнийг ч онцлон дурдсан. Манай улс Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү энхтайвны хуралд оролцогч орнуудтай цаашид ч улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг дахин илэрхийлсэн. Манай улс дэлхий дахинд энхтайвныг хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн, цаашид оруулах болно. Бид чинь дэлхий нийтийн нэг хэсэг шүү дээ. Энхтайван бол дэлхий нийтийн ирээдүй юм шүү.
Д.Лхагва-Очир