Замбараагүй газар олголтын "хор"

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 10

УБЦТС гэх том айл Нийслэл хот, Төв аймгийн 16 суманд цахилгаан түгээж, борлуулах үүрэгтэй ч эрчим хүчний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэдэг эцсийн цэг нь. Тогтой холбоотой асуудал гарвал шууд л энэ айл хамгийн түрүүнд иргэд ханддаг билээ. 

Тэгвэл ард түмэнд гэрэл гэгээг саадгүй түгээхэд хүндрэл бэрхшээл ихээр гардаг байна. Тодруубал, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

 

Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр энэхүү хуулийг зөрчсөн 5588 объект байгаа аж.

Үүнээс 85 орчим хувь нь цахилгаан дамжуулах, түгээх шугамын зурваст байгаа юм. Зөрчил дутагдал гарч буй үндсэн шалтгаан нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст гэр, хашаа, байшин, граж, агуулах зэрэг барилга объект барьсан. Мөн Нийслэл, Дүүргийн Засаг дарга нар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр давхардуулан газар олголтыг хийсэнээс болж өнөөг хүртэл газрыг суллаж өгдөггүй байна.

Баримт нэг: Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Глобал Тэсунг" TWIN PARK орон сууцны 2 давхар гражийг хотын төвийг дулааны эрчим хүчээр хангадаг 1а магистраль 2Ф800 мм төв шугамд тулгаж барьсан. 

Баримт хоёр: БГД Хархорин захын хашаанд 11в магистраль шугамын худаг дээр бөс барааны бөөний худалдааны павилон баригдсан. Удаа дараа буулгах шаардлага тавьдаг боловч гэмтэл гарвал бид шууд буулгана гэдэг.

Баримт гурав: Иргэн Г.Гэрэлт Хан-уул дүүргийн 15 дугаар хороо 35кВ-ын Налайх А-Б 2 хэлхээт цахилгаан дамжууоах агаарын шугамын тулгуур №27-28 доор зэрэгцээ 2 хаус барьсан. Энэ нь 35кВ-ын шугамын утсанд хүрэх эрсдэл үүссэн тул  цахилгаан эрчим хүчээр хязгаарласан байна. 

Ийнхүү баримтуудыг дурьдаад байвал өч төчнөөн бий. Энэ нь инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулж, засвар үйлчилгээ хийх нөхцөл боломжийг алдагдуулан, улмаар хэрэглэгч цахилгаан, дулаан, цэвэр усны хангамж удаан хугацаагаар тасрах, харилцаа холбооны тасралтгүй найдвартай ажиллагаа алдагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Түүнчлэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст иргэн, аж ахуйн нэгж байрласнаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, амь насаа алдах ч эрдсэлтэй байна. Шалгалтын явцад 78 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 8,2 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөвшөөрөлгүй 10 объектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх болон 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагын газрын захирамжийг хүчингүй болгуулах ажиллаж байгаа аж.

Нөгөөтэйгүүр, Эрчим хүчний шугам сүлжээ, дэд станцын хамгаалалтын зурваст буюу агаарын шугамын трассын доор, кабель шугамын трасс дээр, дэд станцын дэргэд суурьших, үйл ажиллагаа явуулах нь наанадаж эдийн засгийн хувьд хохирол амсах, эрдэнэт хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрах эрсдлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй.

Шугам сүлжээний хамгаалалтын зурваст дур мэдэн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор гарсан ослууд их бий.  

Тухайлбал 2006 оны 6-р сард Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын доор буусан айл хашаандаа крантай механизм ажиллуулж байхдаа краныхаа сумыг шугамын утсанд хүргэснээр жолооч нь, Мөн 2006 оны 6-р сард Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелийн 2-р гудамжинд байрлах хувийн эзэмшлийн цахилгааны дэд өртөөний шугамд гэмтэл гарахад хашааны сахиул гэмтэлтэй утсанд зөвшөөрөгдөх хэмжээнээс дотогш ойртсоноос, 2006 оны 8-р сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч иргэн гэрийнхээ ойролцоо байсан 6 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурт авирснаас, 2011 оны 6-р сард Гурвалжингийн гүүрний ойролцоо цахилгаан дамжуулах агаарын шугамын доор шороо буулгаж байсан самосвал машин шугамын утсыг гогдож тус тус амь насаа алдсан байдаг.

Мөн энэ оны долдугаар сард Баянгол дүүргийн 4-р хорооллын хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг хаалттай дэд өртөөний цоожтой хаалгыг 39 настай эрэгтэй Д гэгч эвдлэн орж хүчдэлд нэрвэгдэн нүүр, гар нь түлэгдсэн осол гарсан талаар бид мэдээлж байсан билээ. 

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх