Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 19
・ 23

УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн аварга А.Сүхбат УИХ-ын чуулганы үеэр манай улс Дорнын соёлтой учраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль манайд тохирохгүй гэж хэллээ. Манайх одоо хэр нь дорнын соёлтой юм уу. Тэгвэл дорнын соёлтой орнуудад одоогийн байдлаар, эрчүүд нь хоёр, гурав, тав зургаан эхнэртэй, эцэг эхчүүд нь өөрсдийнхөө үзэл бодол хүслээр охиноо дуртай айлдаа бэр болгон өгдөг.
Мөн Япон, Солонгос зэрэг оронд айлын эхнэрүүд, нөхрөө нэрээр нь дууддаггүй, хүүхдийн нэрийг хэлээд, тэрний ааваа, энэний ааваа гэж дууддаг нь дорнын соёлоос үлдсэн ёс аж.
Харин өрнийн соёлтой орнуудад хүүхдээ төрөхөөс нь өмнө хүүхдийн хувцас хэрэглэл, даавуу зэргийг сайтар бэлтгэсэн, хүүхэд амьдрах таатай орчин нөхцөлийг заавал хангасан. Хүүхдийн эрх зөрчигдсөн, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ муухай харьцсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Нэг ёсондоо хүний эрхийг дээдэлдэг, соёлжсон байгаа. Тэнд хүүхдэд гар хүрэх, хүнийг зодох, эхнэрээ айлгах зэрэг нь хуулиар хориотой. Ингэсэн тохиолдолд мөн л хуулийн хариуцлага хүлээдэг.
Гэтэл манай улсын хувьд гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч, эхнэр хүүхдээ зодож, байнгын дарамт, айдас дунд амьдруулдаг, тэр ч бүү хэл амь насыг нь хөнөөдөг хэрэг маш их гарах болсон. Хамгийн сүүлийн зарим жишээнээс дурдахад л 12 настай хүү өвөөгөө хутгалаад хөнөөчихөж, тэр өвөө үргэлж архи ууж, агсам тавьж, эхнэр хүүхэд ач зээ нараа айлган дарамталдаг байсан учир маш их сэтгэлийн хямралд орсон хүү ийнхүү нэг л өдөр хүн амины хэрэг хийсэн байгаа юм. Мөн 20 гаруйхан настай хоёр залуу аавыгаа хөнөөгөөд шатаагаад, орхисон хэрэг өнгөрсөн хавар гарсан. Мөн л аав нь 20 гаруй жилийн турш эхнэр хүүхдээ зоддог байсан юм байна билээ. Дөнгөж саяхан гэхэд л гурван хүүхэдтэй, төрөх дөхсөн жирэмсэн эхнэрээ зодоод алчихсан хэрэг гарлаа. Хүүхдээ заазуурдсан, эхнэрээ хөнөөж нуусан гээд энэ ийм гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн хэрэг манай улсад өдөр бүр гарах юм. Энэ байх ёстой зүйл үү.
Ийм их айдас дарамтанд өссөн хүүхэд сайн хүн болж, эх орондоо ихийг хийх, чадварлаг мэргэжилтэн байх тухай ярих ч хэрэггүй байх. Мөн суралцаж, сайн ажиллаж, сайхан амьдрана гэдэг ч хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэлтэй айлуудын амьдрал ядуухан байх нь элбэг. Нэг ёсондоо манай улсын ядуу буурай, хөгжилгүй байгаа гол шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл. Тэгэхэр А.Сүхбат гишүүн ийм хүчирхийлэл зодоон, айдастай гэр бүлүүд байх ёстой гэж хэлээд байгаа юмуу.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд урлаг соёлынхон гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлэн дэмжиж, сурталчилан рекламдмааргүй байна. Өнгөрсөн хавар “Эмоци” продакшны жүжигчид нэгэн тоглолтынхоо үеэр Европ болон Монгол гэр бүлийн амьдралыг харьцуулан тоглохдоо, Монгол ээж, аав нь хоорондоо хэрүүл хараалаар ярилцаж, хүүхдээ байсхийгээд л алгадаад зодоод нүдээд байгааг харуулсан. Ингээд тоглолтынхоо төгсгөлд ийм их дармтанд байдаг ч монгол хүмүүс эцэг эхээ хайрладаг, энэ нь зөв. Харин европууд эцэг эхээ асрамжийн газарт өгчихдөг гэж дуусгаж байгаа юм. Энэ хэр зөв бэ. Ядуу орны ядуу сэтгэлгээтэй урлагаас хүртэл татгалзмаар л байгаа юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.