Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 14
Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.
1. -“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Н.Алтанхуягийг огцруулсныг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж гэж дүгнэжээ-
Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсантай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал зөрчилд ороод буй.
Өнөөдөр гэхэд л УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг тус намын дарга Н.Алтанхуяг орхин гарч, Ерөнхий сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулсан явдал дотоод гэхээсээ илүү гадаад улс орнуудын анхаарлыг ч татах болсон аж.
Өнгөрсөн Ням гарагт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхэлсэн Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулганы үеэр “Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монгол улсын Ерөнхий сайд огцорсон асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр чуулганы үеэр “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа "Монгол улсын Засгийн газрын тэргүүн өөрчлөгдөх гэж буйг Оюутолгой төслийг гацаанаас гаргах боломж, эерэг шинж тэмдэг байх болно гэдэгт итгэлтэй байна.Мэдээж Монгол улсын ард иргэд Оюутолгойн төслийг үргэлжүүлээсэй гэж хүсч буйг илтгэх олон зүйл бий. Өнгөрсөн цаг хугацаа бид төслийг ямар хурдан бүтээж чадах байсныг харуулж байна. Би Оюутолгойн төслийг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Ажил хугацаандаа явагдахад би дуртай, гэвч Монгол эрх баригчдад энэ асуудлаа цэгцлэх хугацаа хэрэгтэйг ойлгож байгаа. Бид тэвчээртэй хүлээх болно” хэмээн өгүүлсэн байна.
“Рио Тинто” групп Оюутолгой төслийн хоёр дахь үе шат болох гүний уурхайн өргөтгөлийн ажилд шаардлагатай гэх 5.4 тэрбум ам.долларыг Монголын талаас шаардаж буй бөгөөд ирэх оноос өмнө уг санхүүжилт шийдэхгүй бол Оюу Толгой төслийг үргэлжлүүлэхгүй гэдгээ өнгөрсөн 10-р сард албан ёсоор мэдэгдсэн билээ.
Юутай ч Монгол улсын шинээр байгуулагдах Засгийн газар уг саналыг дуулгавартай хүлээн авч ажиллана гэдэгт "Рио Тинто" итгэлтэй байгаа бололтой.
М.Гал Эх сурвалж: www.sonin.mn
2.- 2015 оны Улсын төсвийг баталлаа-
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хамгийн муу төсөл болсон гэж МАН-ын бүлэг үзсэн. Гэвч өмнөх жилийнх шигээ түүх давтагдаж муу төсөл болсон. УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс баримтлах мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Улс орны эдийн засаг хямарсан, хариуцлагагүй төсөв өргөн мэдүүлсэн Засгийн газар нь огцорсон Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед түүхэндээ анх удаа та бид ирэх оныхоо төсвийг хэлэлцсэн.
УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм. Ирэх оны төсөв батлагдсан холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
З.Энхболд:"2015 оны төсвөө баталж дууслаа. 2015 оны төсөв өргөн барихаасаа эхлээд асуудал дагуулсан. Ямар ч байсан хугацаандаа амжиж баталж дуусгалаа. Гурван бүлэг гурвуулаа идэвхтэй оролцож, дүгнэлтээ уншсан. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг шөнийн 03, 04 цаг хүртэл ажиллах нь энүүхэнд байсан. Гэхдээ энэ том ажлын ард гарсан байна. Энэ төсвийн гол онцлог бол эдийн засгийн хямралаас сэргийлж, улсын төсвийн урсгал зардлыг 114.8 тэрбумаар бууруулж баталсан байгаа. Төсөвт байгууллагын шаардлагагүй орон тооны хэмнэлт, бараа, үйлчилгээний зардал 5-30 хувиар, Засгийн газрын тусгай сангуудын зарим зардлыг 50 хүртэл хувиар, эрүүл мэнд, боловсролын их засварын зардлыг 30 хүртэл хувиар танасан. УИХ-ын түүхэнд Засгийн газраас өргөн барьсан төсвийг 100 тэрбумаар нь бууруулан баталж байсан удаа байхгүй. Энэ удаа онцгой жил учраас ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон. Мянгаад орон тоо буурч байгаа. Баахан орлогч, зөвлөхүүдийн орон тоог байхгүй болгосон.
С.Бямбацогт: "Ард иргэдээ дэмжих хуулийн төслийг баталж чадлаа Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй, хүнд байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хамтарч ажилласны үр дүнд 2015 оны төсвийг баталлаа. МАН Төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш нийт 8 удаа хуралдсан. 2015 оны төсвийг үнэн зөв тооцоололтой, бодьтой, хэмнэлттэй байх, эдийн засгийн хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан байх зарчмуудыг баримталж асуудалд хандсан. ЗГ-аас оруулж ирсэн төсөв нь МУ-ын түүхэнд байхгүй, замбараагүй, хууль зөрчсөн төсөв оруулж ирсэн. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын 6.1-д заасан “Төсвийн хүрээний мэдэгдлийн есөн шаардлагад нийцсэн байх ёстойгоос таван шаардлагыг хангаагүй. Төсвийн тухай хуулийн 28-р зүйл, Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-ийг тус тус зөрчсөн, УИХ-ын хяналтаас гадуур, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн төсөл оруулж ирсэн. Төсвийн алдагдал өнгөрсөн онд нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Ийм үед төсвийн алдагдлаа бодьтойгоор тооцоолоогүй, ард иргэдийнхээ татварыг нэмэгдүүлэх, ААНБ-уудаа шалгах, дарамтлах, хүү, торгуулийг нэмэгдүүлэх гэсэн олон зүйлүүдийг тусгаж оруулж ирсэн. Хамгийн ноцтой асуудал нь 2011 онд улсын төсвөөс зээл, зээлийн үйлчилгээний зардалд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол үүнээс 20 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд зарцуулах төсөв оруулж ирсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс энэ хямралын үед төсвийн зардлыг аль болох бууруулах, ард иргэд, ААН-үүдэд дарамт учруулахгүйн тулд өргөн барьсан дөрвөн татварын хуулийг буцаах шаардлагыг тавьсан. Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй байх, гаднаас зээл авахгүй байх шаардлагуудыг тавьсан. Орон тоо, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулж, төсвөөс гарах зардлыг нэмэгдүүлж, үүгээрээ цалин тэтгэврийг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг давахад анхааръя гэдэг асууудлыг тавьж ажилласан.
Үүнээс гадна 2011, 2012 оноос хэрэгжихгүй, царцаагдсан байсан обьектуудыг 2015 онд барилгын ажлыг нь дуусгахаар УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Харамсалтай нь 2015 онд улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шинээр хөрөнгө оруулах ажил нэлээд бага хийгдэхээр байгаа. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Цааш цаашдаа эдийн засгийн хямралыг давах, төсвийн урсгал зардлыг бууруулах, ард иргэдийнхээ амьдралыг муутгахгүй байх тал дээр УИХ нэлээд анхаарч ажиллах ёстой гэсэн асуудлуудыг УИХ-д тавьж, 2015 оны төсөв болон төсвийг дагалдах тогтоолуудад бүрэн хэмжээгээр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөв дээр УИХ дахь нам, эвслүүдийн гишүүд маш хариуцлагатай хандаж, аль болох эдийн засгийн хүндрэл хямралыг давах, ард иргэдээ дэмжих хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж чадлаа гэж манай бүлэг үзэж байгаа" гэсэн юм. Ийнхүү улсын төсвийг батлав.
3.-Хан-Уулын 32-р сургуулийн сурагчид "коридорт" Засаг дарга нь шинэ ордонд тухлаж байна-
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн сурагчид барилга нь нурсан гэх шалтгаанаар одоог хүртэл ийнхүү коридорт сурагчид нь сурч байна.
Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал дээр арга хэмжээ авах ёстой хариуцсан албан тушаалтнууд нь бодит байдлыг мэдэлгүй явсаар байгаа нь харамсалтай.
Хан-Уул дүүргийн хүүхдүүд ийнхүү коридорт сурч байгаа бол харин Засаг дарга нь шинэхэн бариулсан ордондоо тухлаж байгаа нь албан тушаалтнууд өөртөө ямар их анхаарал тавьдагийн нэгэн илрэл юм аа.
Бидний ирээдүй болсон хойч үедээ мөн ямархуу анхаарал хандуулж байгаагийн тод томруун жишээ бол энэ.
4.-Найман хувийн орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулжээ-
Монголбанк ипотекийн журмаа өөрчилжээ. Монгол банкны Ерөнхийлөгч энэ сарын 10-нд “Орон сууцны ипотекийн санхүүжилт”-ын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А178 тоот тушаал гаргаж, тус зээлийн журмын зарим заалтад өөрчлөлт оруулсан байна.
“Орон сууцны ипотекийн санхүүжилт”-ын журамд дараах өөрчлөлтийг оруулжээ.
5.-Шатрын их мастер А.Энхтуул 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ-
Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авлаа. Монгол Улсад эмэгтэй шатарчдаас Олон улсын их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар хүртээд байсан бол ийнхүү гурав дахь Их мастер цолтноор А.Энхтуул тодров.
Шинэхэн Их их мастер А.Энхтуул “Сити” дээд сургуулийн багш, оюутан нартай шатрын өрөг дээр уулзаж 30 хүнтэй зэрэг тоглолт хийлээ.
Тэрбээр "Их мастер цол тэмдгээ аравдугаар сард гардаж авсан. Ингээд их мастер болсны хамгийн анхны тоглолтоо сургууль дээрээ 30 хүнтэй зэрэг тоглолоо. Олон улсын шатрын их мастер болохын тулд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулж байгаа олон улсын шатрын тэмцээнүүдэд оролцож норм болон олон улсын гадаад рейтингээ чансаагаа 2000 хүргэх байдаг. Миний хувьд Украйн улс, ОХУ-ын Москва хотод болсон олон улсын тэмцээнүүдэд оролцож их мастерын болзлоо хангасан. Би ОХУ-ын Шатрын их сургуульд суралцдаг. Үүнийхээ хажуугаар монголынхоо "Сити" дээд сургуулийн Бизнес удирдлагын чиглэлээр ОУ-ын худалдааны менежментийн дөрөвдүгээр курст суралцаж байна. Энэ хугацаандаа сургууль дээрээ хамгийн анхны албан ёсны шатрын зэрэг тоглолтыг хийлээ. Энэ тэнцүү тоглолоо. Сургуулийнхаа багш, оюутнууддаа баярлалаа" хэмээв.
6.-“Шар хад”-ны аймшигт хэрэгт холбогдсон залуугийн гэм буруугүйг тогтоожээ-
Өнгөрсөн тавдугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эцэст орших “Хар хошуу” гэдэг уулын орой дээр хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан талаар өмнө нь манай сайт мэдээлж байсан билээ.
“Овооны хажууд хоёр эмэгтэй хүний цогцос байна” гэсэн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид өргөн маршрутаар хэргийн газрыг хамгаалалтад авч, нийт гурван удаа үзлэг хийж ажилласан байдаг. Улмаар хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг олж илрүүлж чадсаны үр дүнд 48 цагийн хугацаанд хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг баривчлан хорьсон талаар цагдаагийнхан мэдэгдэж байв.
Улаанбаатар хотоос Б.Идэрзаяа гэгч этгээдийг баривчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдээлж байсан. Дарханаас баригдсан Э.Золбоо нь энэ хэрэгт ямар оролцоотой вэ гэдгийг шалгаж байна гэж мэдээлж байсан юм. Хэрэг явдлаас хойш хэдэн сар нам жим болсон энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусаад, нотлох баримтуудыг прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар прокурорын газраас хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.
Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын эх сурвалж хэлэхдээ “Хэргийг хянаж дуусаад, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.16 буюу “Хоёр буюу түүнээс олон хүнийг санаатайгаар алсан бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байна” хэмээсэн юм. Мөн цагдаагийн байгууллагынхан мэдээлэл хийх үедээ хэргийг үйлдсэн гэх 1991 онд Өвөрхангай аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой И гэгчээс гадна хамт архидан согтуурч байсан Э.Золбоо гэгчийг Дарханаас баривчлан хорьж, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байсан.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Э.Золбоо гэгчийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон байна.
Тэрбээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэж байсан учраас би гэртээ тасраад уначихсан байсан. Тийм болохоор юу болсныг огт мэдээгүй” гэх утгатай зүйл ярьсан” гэж эх сурвалж мэдээлж буй. Энэ хэргийг сэжигтэн И нь ганцаараа үйлдсэн болох нь тогтоогдсон аж. Б.Идэрзаяа гэгч нь энэ аймшигт хэргийг үйлдэхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлд зааснаар нэг сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нэгэн юм.
Б.БУРМАА /Эх сурвалж: www.uls.mn/
7.-Галаа зөв түл!!!-
Нийслэлд 189 мянган айл гэр хороололд амьдарч байна гэсэн статистик мэдээлэл бий. Иймд гэр хорооллын айлуудыг адан үзэн утаа нэмэгчид хэмээн алаг үздэг. Айл өрх бүрийг хямд чанартай орон сууцаар хангаж чадахгүйгээс хойш яая гэхэв. Тэд нүүрсээ түлж өвлийг өнтэй давна. Ямар тэднийг өвлийн тажигнасан өдөр гал түлж болохгүй гэлтэй биш.
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй гарсан гэж өнгөрсөн сар мэдээлсэн. Гэвч энэ нь стандартанд заасан хэмжээнээс 1,6-2,7 дахин их байгаа гэдгийг энд онцлоё.
Утааг багасгах талаар цэвэр агаар сангаас олон аргыг дэвшүүлсэн. 2013-2014 онд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болсон. Мөн 45 мянган зуухнаас 29707 нь айлуудад очсон. Үлдсэн зуухыг энэ сарын 3-наас борлуулж эхэлжээ. Өмнө нь зуухны үнийн 90 орчим хувийг улсаас татаас хэлбэрээр олгодог байсан бол энэ жил 66 хувь болгож бууруулсан байна.
2014-2015 онд “Цэвэр агаар сан”-гаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон байна. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа гэнэ.
Тэгвэл тэдний дараагийн дэвшүүлж буй асуудал нь хийн түлш ажээ. Нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадал нэмэгдэж байгаа учир нам даралтын зуухыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбож байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд Цагаан даваа, Цагдаагийн академи орчмын айл өрх, албан байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд шинэ ус, дулаан дамжуулах төвийн барилга барих, инженерийн шугам сүлжээг шинээр байгуулах цогц ажлуудыг цэвэр агаар сангаас 5.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.
Харин сайжруулсан зуухаа зөв түлбэл нийслэлийн агаарын бохирдол 50-60 хувь багасах боломжтой гэж цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал байнга шахуу хэлж буй. Эхлээд нүүрс, дараа нь мод, цаас гэсэн дарааллаар түлэх ёстой юм байна.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.