“Хоол” биш “өвчин” иддэг гэж үү!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 16

 

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна хэмээн үздэг. Иймд аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт МХЕГ-аас шалгалт хийжээ. 

Төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газрууд, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/, зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газар тус тус хамрагдсан байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд гарсан хоолны хордлогын материалыг нэгтгэн, дүн шинжилгээ хийхэд нийт 78 хоолны хордлого гарчээ. Аймгийн хэмжээнд 59 тохиолдол (76%), нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол (24%) бүртгэгдсэн байна.

2004-2014 онд хоолны хордлого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгджээ. Энэ оны намар хөдөө орон нутагт сурагчид хоолны хордлогод орсон тохиолдолууд хэд хэдэн удаа гарсан. 

Оны эхний найман сарын байдлаар нийт долоон удаагийн дэгдэлтэнд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад дөрвөн удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой хоёр тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн аж.

Тандалт судалгаанд хамрагдсан нийт 38 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 12 буюу 31,5 хувийн шошгонд олон улсын Е кодыг бичжээ. Эдгээр нь ”Чили” соус, “Мөөгтэй” цуу, “DBL” исгэгч, Орос, Польш улсын хоол амтлагчууд юм. Энэхүү хоол амтлагч, соусыг Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Тайланд, Япон, Итали, Малайз, Америк, Энэтхэг улсуудаас импортолсон байна.

Тандалт судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь хүнсний нэмэлтийг хоолны технологийн картад дутуу тусгасан, баримжаагаар хэрэглэдэг, зарцуулалтын бүртгэл хөтөлдөггүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтөнд тусгадаггүй нь тогтоогтжээ. 

Хяналт шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 58,0 хувь нь ажиллагсад хувцас солих өрөө /шүүгээ/-гүй гал тогооны өрөөнд хувцсаа сольдог зэрэг олон зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, Батлагдсан жор технологийн дагуу хоол үйлдвэрлэлийг явуулдаггүй бөгөөд хоол амтлагч нь Е 100, 101, 311, 446, 551, 621, 631 хүнсний нэмэлтүүдийг агуулсан байжээ. Хоол хийхдээ  гадаад тогоочийн аман заавраар хольж бэлтгэн хоол, хүнсэнд ашиглаж хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцлийг Нийслэлд 32,6%, Булган аймагт 65,3%, Орхон 1% бүрдүүлжээ.

-Хоол үйлдвэрлэлд чанар, аюулгүй байдлын баталгаажилт, дагалдах баримт бичиггүй, хаяг шошго нь хятад, солонгос хэл дээр бичигдсэн хоол амтлагчийг ашиглажээ. Хятад, солонгос үндэсний хоолны газарт хийсэн шалгалт, тандалт судалгаагаар нийслэл, Орхон, Дархан-Уул аймагт 39 нэр төрлийн түүхий эд, хоол амтлагч нь чанар, аюулгүй байдлын дагалдах баримт бичиггүй, шошго хятад, солонгос хэл дээр бичигдсэн байсан аж.

-Шалгагдсан байгууллагуудын 664 буюу 46,7 хувь хортон шавьж мэрэгчдээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, шавжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар тогтоосон хугацаанд хийлгэдэггүй, үр дүнг тооцдоггүй; /нийслэлд 38,3%, Баян-Өлгий 52,5%, Дархан-Уул 64,8%, Төв 76,6%,Говьсүмбэр 56,2% г.м/, Хоолны газрын 776 буюу 54,6 хувь цонх, хаалга, агааржуулалтын хоолой нь шавж хорхой, ялаанаас хамгаалагдсан торон хаалттай байх шаардлагыг хангаагүй. Үүнээс үүдэн хоол, хүнсийг шавжаар дамжин бохирдох нөхцөл бүрдүүлжээ. Энэхүү зөрчил нь Нийслэлд 59,2%, Ховд 41,1, Сэлэнгэ 70%, Дорноговь 28,5% гарсан байна.

-Нийт шалгалтад хамрагдсан хоолны газрын ажиллагсадын 26,7 хувь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, 46,3 хувь нь халдварт өвчнөөр өвдсөн, өвчтэй хүн асарсан ажиллагсадыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж магадлагаа дүгнэлт гаргуулаагүй, бүртгэлжүүлээгүй нь тэднээр дамжин хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого тархах нөхцөл бүрдүүлж байгаа аж. Нийслэлд 93, Говьсүмбэр 42, Өмнөговь 35, Хэнтий 1, Дорнод 5 ажиллагсад үзлэгт хамрагдаагүй. 

Ийнхүү шалгалтын зөрчил дутагдлыг дурдаад байвал жагсаалт үргэлжлээд байна уу гэхээс цаг тавигдаж дуусна гэж үгүй. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 41 нянгийн стандарт заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Мөн хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн 987 дээжид хийсэн шинжилгээгээр 37 буюу 3,7 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан нь хүнс хадгалах агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалдаггүй, дотоод хяналт муу байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн байгууллага буюу байгууллагын цайны газартай холбоотой хоолны хордлого, халдвар нэмэгдэх хандлагатай байгаа нь мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй, хүүхдийн байгууллагын нягтрал ихэссэн, хүнсний байгууллагад ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулдаггүй, эрүүл мэндийн үзлэгт ороогүй хүмүүс хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой байна гэлээ. 

Дээрх хяналт шалгалтын дүнг сонсоод бид хоол биш өвчин иддэг байна гэх хар төрж байгааг нуугаад яахав. Өнөөдөр бид гадуур хоол унд идэх шаардлага байна уу? Үнэтэй хоол, хямд хоол ч хор болж мэдэхээр цаг үе хэдийнээ иржээ. 

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх