Гурван саяыг төлчихвөл коридорт хэвтэх шаардлагагүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 16
 
Нэгдүгээр төрөх эмнэлэг өргөтгөл хийж, “Өргөө” хэмээн нэрээ сольсон ч өмнөхтэйгээ адил ачааллаа дийлэхгүй хэвээр байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг 340 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, дээрхи тооны эхчүүд, эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үүн дээр нэмээд 20-30 эх тогтмол коридорт хэвтсэн байдалтай байгаа юм байна. Шинээр төрсөн эхчүүдийг нэгээс хоёр хонуулаад л коридорт шилжүүлж, улмаар гэрт нь гаргаж байж дараагийн хүмүүсээ авч байгаа гэнэ. Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай дүүргийн эхчүүд харьяаллын дагуу тус эмнэлэгт төрөх учиртай. 



Гэсэн ч сүүлийн үед төрөх эмнэлэг хүрэлцээгүй гэх шалтгаанаар Баянгол дүүргээс ч олон эх тус эмнэлэгт ирж амаржих болсон нь ачааллыг улам бүр нэмэгдүүлж байгаа талаар эмнэлгийн эмч, удирдлагууд учирлаж байлаа. Төрөлт улам бүр нэмэгдэж байгаа и тоог уншигч та бүхэн хэдийнэ олж харсан байх. Тус эмнэлгийн тухайд л гэхэд жилдээ 13000 орчим эх амарждаг байсан бол одоо 15000 болж өссөн, өдөртөө 25-30 эхийг хүлээж авдаг байсан бол өдгөө 50-60 болж нэмэгдсэн гээд бодит ачаалал үүсчээ. Төлөвлөгөө ёсоор бол өнгөрсөн жил шинэ төрөх эмнэлэг 300 ортойгоор Яармагт баригдаад дуусчихсан байх ёстой. Гэтэл хариуцаж ажиллаж байсан компаниуд нь санхүүжилтдээ гар дүрсэнээр хэрхэх эсэх нь тодорхойгүй болсон. 

Шинээр баригдаж буй төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дарханстрой” ХХК, “Марс констракшн” ХХК-иуд хийсэн бол барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пума констракшн” ХХК гүйцэтгэсэн гэж байгаа. Ажлын явц 70 шахам хувьтай болсон талаар мэдээлж байсан барилга одоогоор зогсонги байдалд шилжсэн аж. Энэ байдал ганц тус эмнэлэгт байгаа юм биш бусад төрөх эмнэлгүүд ч байр сав нь хуучирч муудсан, ор дэр нь хүрэлцээ муутай зутруухан байгаагийн дээр Нийслэлээс алслагдсан дүүргүүдийн эхчүүд одоо болтол төрөх эмнэлэгтээ ирэх гэж 100 гаруй км-ийг туулж байна. Монголын эхчүүд эмнэлгийн коридорт гөөхийлөн хэвтэж байхад гадаадын эхчүүдийн байдал ямархуу байгааг та бүхэн дараахь зургаас хараарай.


Гадаадын төрөх эмнэлэгт нэг хүн нэг өрөөнд хэвтэж, хүссэн цэсээ зохиолгон хоолоо захиалдаг, бүр өрөөндөө душ, нойлтой байдаг. Гэтэл манайд тусдаа өрөө байтугай тусдаа ор ч олдохгүй шахам байдалтай байна. Мэдээж, Монголд ч бас буудал шиг тансаг эмнэлгүүд бий болсон. Тухайлбал, хамгийн сүүлд баригдсан Интермед эмнэлэгт амаржихад гурван сая төгрөг, Гурван гал эмнэлэгт амаржихад 1.5 сая төгрөг гэх мэт үнэ ханштай байгаа юм. Гэхдээ ийм хэмжээний мөнгийг төлж чадах ээжүүд хэр олон байгаа бол? Шинэ иргэнээ угтахдаа хүртэл ялгаварлах бодлогыг цаашдаа баримааргүй байна. Төрийн ордны их засварт хоёр тэрбум, Гандан хийдийн засварын ажилд 5.9 тэрбумыг төсөвлөж байхаар хүний орчлонд ирэгсдээ угтахад хэдэн төгрөг зарцуулчихаасай билээ. Цаана чинь гурван сая дахь иргэн чинь төрөх гэж байна!!!
 
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх