Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 17

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд холбогдох шүүх хурал ээнэ сарын 17-нд буюу өчигдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болов.

Шүүх хуралд нэхэмжлэгч талаас иргэн Т.Мөнх-Оргил оролцсон бол хариуцагч талаас Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж нар оролцлоо.

Шүүх бүрэлдэхүүн иргэн Т.Мөнх-Оргилын гомдлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Ингэснээр шүүх Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг бусдын нэр хүндэд халдаагүй гэж үзлээ. 

Эл хэргийг эргэн сөхвөл, Хотын дарга Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм.  Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод  өнгөрдөг.  Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан  хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа.

Ер нь Баабараас гаралтай нэг буруу ойлголт байдаг юм. Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ.  Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй.

Бат-үүл үхээсэй гэж өнөөдрийг хүртэл бодож,  залбирдаг хичнээн хүн бий гээч, цаана чинь. Надтай хүндрэл тохиолдоход хоорондоо хундага тулгадаг нөхдүүд байгаа. Тийм учраас би юунд ч доргихоо больчихсон. Ертөнцийн бүх хараалыг овоолоод байгаа хүмүүс чинь галзуу байж таарна биз дээ.

Монголчуудын нэр хүндийг унагаад яваа бүтэхгүй хүмүүсийг Баабар сүгсэлзүүр гэдэг юм. Бидний үед тэднийг лалрууд гэдэг байлаа" гэж ярилцлагадаа дурдаж олон жиргээчдийн уур бухимдлыг хүргэсэн.

Үүнийг нь иргэн Т.Мөнх-Оргил олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг доромжилсон нэр хүндээ сэргээлгэх хүсэлтэй байна хэмээн шүүхэд хандсан билээ. 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх