"Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний уулзалт боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 25

МҮХАҮТанхим, Монголын Жижиглэн Худалдааг Дэмжигчдийн холбооноос санаачилсан “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдэвт дугуй ширээний уулзалт боллоо. 

Уулзалтад урилгаар гадаадын экспертүүд оролцож, “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, уг хуулийн хэрэгжилт жижиглэн худалдаачдад төдийгүй хэрэглэгчдэд, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо солилцов. Энэхүү арга хэмжээнд Казахстаны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүлэгчид, ОХУ-ын Е.Т.Гайдарын нэрэмжит Улс төр, эдийн засгийн хүрээлэнгийн дарга,  Ази номхон далайн жижиглэнгийн худалдааны холбоо(APTRA)-ны удирдлагууд уригдан оролцлоо. Тэд “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар гадаадын улс орнуудын туршлагаас хуваалцаж, манай улсад тамхины хяналтыг сайжруулах үр дүнтэй шийдлүүдийг дэлгэн хэлэлцсэн юм.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй “Тамхины хяналтын тухай” хууль нь 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн билээ. Уг хуулийн хүрээндсургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотортамхи худалдаалахыг хориглосон. Олон нийтийн газар буюу баар, ресторан, үйлчилгээний байгууллага доторх тамхидалтыг зогсоосон гээд олон чухал заалтуудыг хуулинд шигтгэж чадсан. Тэгвэл амьдрал дээр энэ хууль төгс хэрэгжихгүй байгааг хүн бүхэн мэднэ. Хориглосон газруудад зөвшөөрөлгүй дэлгүүр, ТҮЦ, жижиглэн худалдаа эрхлэгчид лангуун дор тамхи борлуулж байна. Ингэж тамхины худалдаа далд хэлбэрт шилжсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогод ч сөргөөр нөлөөлж байна. Хамгийн аюултай нь насанд хүрээгүй хүүхдүүдийн тамхидалт хяналтаас гарлаа. Орон сууц, барилга байгууламж, тэрбайтугай сургуулийн орчинд насанд хүрээгүй хүүхдүүд тамхи татаж байна. Судалгаанаас харахад сурагчдын 61.3 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татсан байдаг гэнэ. Харин 13-17 насны сурагчдын арав орчим хувь нь сүүлийн нэг сар тамхи татсан гэсэн тоо баримт байна.

“Тамхины хяналтын тухай” хуулиар олон хориглолтыг хийж чадсан ч тамхидалт буурахгүй байгаа дүр зурагсудалгаанаас харагдаж байгаа юм.2016 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 26.5 хувь нь тамхи татдаг байсан бол жилийн дараа энэ тоо нэг хувиар өсчээ. Хүйсээр нь аваад үзвэл эрэгтэйчүүдийн тэн хагас нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг байна. Эдгээр тоон үзүүлэлтүүдийг өсгөхгүй байх гарц нь тамхины худалдааны зохистой хяналтыг нэвтрүүлэх явдал юм. Иймд олон талын экспертүүдийг оролцуулсан дугуй ширээний уулзалтаар УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Жигжиглэн худалдаа эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийн хэлж байгаагаар одоогийн мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт 50 хувь ч хүрэхгүй байгааг онцолсон. Ийм байтал одоогийн хуулийг улам чангатгасан хуулийн төслийг дахин оруулж ирж байгаа нь амьдралд хэрэгжих боломжгүйг хэлж байлаа. Тодруулбал, шинэ хуулийн төсөлд“Тамхины хайрцган дээрх зурагт хэлбэрийн анхааруулгыг 75 хувь нэмэгдүүлэх” гэсэн саналд уулзалтад оролцогчид шүүмжлэлтэй  хандаж байлаа. Энэхүү заалт нь тамхины баглаа боодлыг үйлдвэрлэх зардлыг ихэсгэхээс гадна хуурамч тамхины үйлдвэрлэл нэмэгдэх аюултай. Учир нь тамхины тусгай баглаа боодлыг өөр, өөр биш нэг ижил кургаар солих тул хуурамчаар үйлдвэрлэх боломжтой болох гэнэ. Тэгээд ч тамхины хайрцаг дээрх наалт тамхины хэрэглээг бууруулж байгааг нотлох бодит тоо баримт байдаггүй юм байна.

Мөн хуулийн төсөлд “Тамхины эсрэг Үндэсний шинэ зөвлөлийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд байгуулах, Ерөнхий сайдын дэргэд Тамхины эсрэг Тамхины эсрэг үндэсний хороо байгуулан ажиллуулж тэдгээрийн санхүүжилтийг тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварын арван хувиар санхүүжүүлэх” гэсэн саналыг нэмсэн байна. Энэ нь зохисгүй, авлигын шинжтэй болохыг дугуй ширээний уулзалтад оролцогчид хөндлөө. Дээрээс нь улсын төсвөөс их хэмжээний мөнгө үр дүнгүй зарцуулагдах сөрөг талтай гэж үзлээ.

Хуулийн төсөлд тусгасан бас нэг заалт бол “Олон нийтийн газар тамхи татахыг хориглох, үүнд тамхи татах газар байгуулах эрхгүй нийтийн хоолны газар орно”, “Байгууллага аж ахуйн нэгжийн гарцаас 50 метр хүртэлх радиуст тамхи татахыг хориглох” гэж нэмжээ. Экспертүүдийн онцолж байгаагаар ийм хориглолт хэрэгжиж байгаа орнуудад тамхины хэрэглээг бууруулах тэмцэлд үр дүнгээ өгөхгүй байгаа ажээ. Нууцаар тамхи татах тоо  нэмэгдэж, хоол идсэний дараа байгууллагын орчимд тамхи татасан хүмүүс торгууль төлөөд байвал тухайн газраар дахин үйлчлүүлдэггүй байна. Нөгөө нэг сөрөг үр дагавар нь зохицуулалтын байгууллагын дунд авлига үүсгэж, зоогийн газар, аялал жуулчлалын байгууллагууд бизнесийн орчноо нуух таатай орчин бүрдэнэ гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Одоогийн хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хуулинд сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радуист тамхи худалдаалахыг хориглосон заалт бий. Тэгвэл шинэ хуулийн төсөлд төсөлд “Тамхи татахгүй газрын тоог хүүхдийн цэцэрлэг, хөгжлийн төв, хүүхдийн байгууллага болгож өргөтгөх. Тэдгээрээс 500 метрийн радиуст тамхи борлуулахыг хориглоно“ гэжээ. Энэ заалтыг хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын газар нутгийн 90 хувьд тамхи худалдах хориотой болох ажээ. Дэлхийн хаана ч 500 метрийн бүсчлэл тогтоосон хязгаарлалт байдаггүй гэнэ. Дээрээс нь одоогийн хуулинд байгаа сургууль, цэцэрлэгийн орчноос 500 метрийн зайд тамхи борлуулахыг хориглосон заалт биелэлээ олохгүй байгаа. Тамхи худалдаалах зөвшөөрөлгүй ТҮЦ, дэлгүүрүүд хүртэл тамхийг лангуун доороосоо нууцаар зарж, борлуулсаар л байдаг. Өргөн хүрээнд хэрэгжихгүй байгаа энэ хязгаарлалт нь хууль бус тамхины худалдааг тэлж, төсөвт төвлөрөх орлогыг бууруулах сөрөг үр дагавартай юм байна.

Энэ мэтчилэн амьдралд хэрэгжихгүй байгаа олон заалтыг улам чангатгасан саналуудыг хуулийн төслөөс хасч, олон улсын туршлагыг үндэслэн тамхины хяналтыг илүү үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэсэн асуудалд дугуй ширээний уулзалтад оролцогчид байр сууриа нэгтгэлээ. Иймд тамхины худалдааны хяналтыг сайжруулах зорилгоор хэд хэдэн саналыг УИХ, Засгийн газарт өргөн барихаар болсон. Тэдгээр шийдлүүдийн талаар сонирхуулбал,

  1. Тамхийг тусгай автомат машинаар дамжуулан худалдах, автомат машин нь худалдан авагчийн насыг асуусны дараа борлуулалт хийнэ. Эсвэл иргэний үнэмлэхийг шалгах замаар мөн тусгайлсан картаар насыг баталгаажуулж болно. Инхгэснээр насанд хүрсэн тамхи татагчийг бүрэн таних боломжтой. Иймд автомат систем нь хүний хүчин зүйлийг бүрэн устгаж, насанд хүрээгүй хүмүүсийг тамхины бүтээгдэхүүн авах боломжийг хязгаарладаг.
  2. Тамхины эсрэг тэмцэлд үнэ, татварын арга ашиглах, ДЭМБ-ын Тамхины Хяналтын Суурь Конвенцийн дагуу тооцоолсноор эдгээр нь хамгийн үр дүнтэй арга юм. Үүнтэй холбоотойгоор, тамхины  жижиглэнгийн худалдааны хамгийн доод үнийг төрийн зохицуулалтаар Засгийн газрын тогтоолоор тогтоодог байх. Урьдчилсан тооцоогоор тамхины хамгийн бага жижиглэнгийн үнийг тогтоосноор нэг жилд АНУ-ын төсвийн орлого 10-15 сая ам.доллараар  нэмэгдүүлсэн байна. Энэхүү тохируулгын арга хэмжээ тамхин бүтээгдэхүүний олдоцод нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн.
  3. Тамхи татах тусгай цэгт хатуу шаардлага тавих.
  4. Тамхин бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах шаардлагыг зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийг ихээхэн нэмэгдүүлэх.
  5. Тамхины хяналтын борлуулалтыг хянадаг эрх бүхий байгууллагууд хянаж болох жижиглэн худалдааны сүлжээнд ведио камерын аппаратыг заавал байгуулах боломжийг судлах. Одоогийн байдлаар хяналтын байгууллагад ийм боломж байхгүй байна.
  6. Тамхины  үйлдвэрүүд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийгэмд сайн үйлс бүтээж байх хэрэгтэйг хуулийн төсөлд тусгах ёстой. Олон улсын туршлагад ийм бизнес эрхлэгчид өөрсдийнхөө нэрийг зарлаад байдаггүй жишиг байдаг. Тэгсэн хэрний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон сайн үйлд хандивлагч байж чаддаг юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх