Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
21 цагийн өмнө
・ 1
Эр, эм хүйстэнд байгалиас оноосон үүрэг, хариуцлага, нас, тэдгээрт үзүүлэх нийгмийн нөлөө, үр дагавар
Амьд байгалийн бүтээсэн нэгэн дээд гайхамшиг бол эр, эм хүйс юм. Амьд байгалийн хувьслын дунд үе шатны чухал нэгэн бүтээгдэхүүн, цааш цаашдын хувьслын нь гол хоёр багана, тухайн зүйл амьтны хөгжих, төгөлдөржихийн хязгааргүй боломж, эцэс төгсгөлгүй ирээдүй нь эцэсдээ эр, эм хүйс болов.
Эр, эм хүйсний холбоо, харилцаанд тулгуурласан хувьсал, хөгжил бол үнэнхүү дээд гайхамшиг, үүнтэй өрсөлдөх, давж гарах гайхамшгийг бид мэдэхгүй, тийм гайхамшиг ч хэрэг дээрээ байхгүй. Мэдэхгүй байгаагаа мэддэггүй, гэхдээ элдвээр мэдэмхийрэх гажигтай болчихсон хүмүүс “бурхдын гайхамшигт ид шидийг” л магтдаг, шүтдэг. Харин аливаад бодитой ханддаг, шинжлэх ухаанч, оюунлаг хүмүүс байгалийн хувьслын гайхамшгийг л таньдаг, тогтоодог, ашигладаг. Тэд л чухамдаа соён гэгээрүүлэгчид, жинхэнэ сэхээтнүүд, үнэнийг өгүүлэгчид юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл тэднээс л гардаг.
Үр удмаа үлдээх, тухайн зүйл амьтад цааш цаашдаа амьдрах асар их чадавхтай болоход нь хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүргийг байгаль ээж эр, эм хүйстэнд хоёуланд нь оноож өгчээ. Гэхдээ л яг амьдрал, практик дээрээ бол эм хүйстний үүрэг, хариуцлага, ачаалал ихэнх амьтны хувьд асар их, урт удаан, нарийн нандин, магтахаар, алдаршуулахаар өндөр байдаг.
Зарим зүйл амьтны хувьд эр хүйстний нь үр төлдөө тавих анхаарал, халамж хэрэг дээрээ бараг л байдаггүй. Эм хүйстэн нь л үр төлөө тээх, төрүүлэх, тэжээх, өсгөх, амьдралд сургах, хамгаалах үүргийг дангаараа гүйцэтгэдэг. Ихэнх хүмүүс энэ талаар ихийг мэдэх болохоор жишээ, баримт татах нь илүүц юм...
Эр, эм хүйстний үүрэг, хариуцлага хүмүүсийн хувьд, нийгмийн хувьд харин ямар байна вэ? Залгамж хойч үеэ бэлдэхийн тухайд эцэг, эх хоёрын үүрэг, хариуцлага яг амьдрал, практик дээр ямар байна вэ? Энэ хэрэгт нийгэм, төр засгийн оролцоо байх ёстой түвшиндээ байж чадаж байна уу? Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өссөөр л байна! Эцэг хүний үүрэг, хариуцлагаас зайлсхийдэг эрчүүдийн тоо ч өссөөр байна! Хөвгүүд, охидуудад боловсрол, мэргэжил олгох, залуусыг ажлын байр, орон сууцаар хангах, залуу гэр бүлийг дэмжих талаарх төр, засгийн бодлого, туслалцаа ч шаардлагын түвшинд биш болчихлоо. Орон сууцны метр квадратын үнэ хөөсрөн өссөөр, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн хомсдол бүр архагшин газар авсаар, залуус эх орноосоо дүрвэн гарсаар, багш, эмч, инженерүүдийн тоо цөөрсөөр, ганцхүү тамирчид, бөхчүүд, жүжигчид, наймаачид, лам нар, хутагт, хувилгаадын тоо өссөөр байна. Энэ бол өнөөдрийн Монголын нийгмийн дүр зураг, зүс царай, доройтол юм.
Монголын улстөрчид яг үнэндээ бол нийгэм дэх паразит давхраа, мөлжигч давхраа, шимэгчид (хачиг, хувалз) болж хувирлаа. Эхэндээ элдэв хөөрөлд автагдсан залуус байснаа төдхөн хөлсөөр жагсагчид, намын дарга нарын цүнх баригчид, архагшсан танхай популист, хэр чадлаа, худал үнэнээ, хэрэгтэй хэрэггүйгээ үл ухааран, үл тооцон хийрхэгчид, улстөрийг хялбархан баяжих арга, хэрэгсэл гэж хатуу итгэсэн болчимгүй хүмүүс ч хот, хөдөөгүй олон болчихжээ. Энэ бол нэгэн зүйлийн үзэл санаа – ёс суртахууны өвчин, эмгэг юм. Монголын маань нийгэм дэх өөр нэгэн гажиг, өвчин бол өрх гэрийн амьдрал, гэр бүлийн амьдралд хандах, үнэлэх, дээдлэх ёс суртахууны уналт, доройтол болов. Болж л өгвөл, чадаж л байвал халуун ам бүлээ эрхэмлэх, дээдлэх сэтгэлзүй, ухамсар эвдэрсээр, ясан төрөл, цусан төрлийн холбоо, таталцал суларсаар, зөвхөн л амин хувиа, ганц биеэ бодох, хичээх зан авир, сэтгэлзүй энэ талаарх үнэт уламжлалыг маань гутаасаар, устгасаар байна. Авгаа, нагацаа гэх дотносол ч ховор үзэгдлийн нэг болов...
Амьтнаас ялгаатай нь эр хүн (эцэг хүн) үр хүүхэдтэйгээ их ойр дотно, насан туршдаа тэднийгээ хайрлаж, тусалж, сэтгэл тавьж ирсэн түүхэн уламжлал аль, ямар ч ард түмэнд байжээ. Энэ уламжлал эдүгээ цагт Монголд маань их нимгэрлээ. Салсан эхнэртээ орхиод гарсан нялх хүүхдүүддээ сэтгэл, ухамсраараа тэтгэлэг тогтмол өгдөг эрчүүд тун ч цөөрчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд телевизээр энэ тухай ярив...
х х х
Хүйстэй, тэр дундаа эмэгтэйчүүдийн 40-60 насны үеийн нь ааш авир, сэтгэл санаа, бэлгийн амьдралтай холбоотой маш том, тун чухал асуудал гэж буй. Энэ талаар шинжлэх ухааны судалж тогтоосон үнэн мэдлэг, зөв мэдээлэл байгаа боловч тэр бүхний сурталчилгаа Монголд маань тун ч муу байна. Эмэгтэй хүний насыг 15 хүртэлх, 16-25, 26-45, 46-60, 60-аас дээш гэж ангилдаг. Тус бүрд нь л өвөрмөц асуудлууд байдаг. Эхчүүд, эмч нар асуудал нэг бүрийг нь сайтар ойлгодог, сэргийлэх, зөөллөх, хүч нөлөөг нь бууруулах, эмчлэх арга хэрэгслийг нь мэддэг, сурталчилдаг байх ёстой. Эсрэг тохиолдолд ямар ч хүндрэл гарч болно. Амь хохирох, гэр бүл салах, үр хүүхэд өнчрөх, аж амьдрал доройтох гэх мэтийн сөрөг үр дагавар ч олон гардаг.
Эмэгтэй хүний бие, сэтгэлзүйд 45-60 насанд нь гардаг өөрчлөлт, ааш зан, бэрхшээл, тавгүйтлийг эхчүүд өөрсдөө ойлгодоггүй, дээр нь эр нөхрүүд нь ойлгодоггүй, тооцдоггүйгээс болж зөрчилдөж, салж сарнисан гэр бүлүүдийг би мэднэ. Миний мэдэхгүй нь ч олон байгаа, улсын хэмжээнд авч үзвэл хэдэн зуу юу, хэдэн мянга уу, бүр хэдэн арван мянга уу?!
Насны онцлогтой холбоотой асуудал, бэрхшээлүүд ялангуяа эмэгтэйчүүдийн 40-60 насанд бараг л хүн бүрд толгой дараалан тохиолддог. Эмчээс зөвлөгөө авах, шаардлагатай эм, бэлдмэл хэрэглэх, сэтгэлзүйн бэлтгэл, тэвчээртэй байх, өөрийгөө мэдлэгээр жолоодох чадвартай байх нь энэ үеийн бэрхшээл, сорилтыг давж гарахад тусалдаг. 40-60 насны хооронд ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог, тух тохь алдагдуулсан элдэв шинж тэмдгийг даван туулахад нь эрэгтэйчүүд, эр нөхрүүд нь ч гэсэн тусалж, дэмжиж, ойлгож, сэтгэл гарган оролцох ёстой. Онцын шалтгаангүй жин нэмэгдэх, ихэд хөлрөх, ядрах, сэтгэл санаа уймрах, нойргүйдэх, сарын тэмдэг будилах, цус алдах, үтрээ хуурайших, бэлгийн дур сонирхолгүй болох, архи, тамхинд автах, стресст хялбархан өртөх, шалтгаангүй шахам бухимдах зэрэг нь энэ үед тохиолддог зовиур, таагүй шинж, тэмдгүүд юм. Орчин үед эм бэлгийн гормоныг ууж хэрэглэх (таблеткаар) аргаар дээрх зовиур, бэрхшээлийг нимгэлэх, бүр үгүй хийх болжээ. Эрэгтэйчүүдэд ийм зовиур, бэрхшээл үл тохиолддогийн гол шалтгаан нь тэд 90 нас хүрсэн үедээ ч эр бэлгийн гормон нь нас, биенд нь тохирсон хэмжээнд хадгалагдсаар байдаг онцлог юм.
90 настай эрчүүдийн бэлгийн чадавх нь 60 настай эмэгтэйчүүдийнхтэй адил шахам түвшинд байдаг, хадгалагддаг байна. Өмнө яригдсан бүхэн орчин үеийн шинжлэх ухаанаар нотлогджээ.
Аливаа эр амьтны амьдрал, үйлс эрсдэл ихтэй, аюулд өртөх нь их, гэмтэх, бэртэх нь ч их байдаг. Энэ бүхнээс болж дундаж нас нь богино. Махан тэжээлтэй амьтад ч тэр, өвсөн тэжээлтэй амьтад ч тэр ороо хөөцөлдөөний үедээ бэртэх, хүнд гэмтэл авах, энэнээс болж амь алдах нь ч элбэг. Энэ бол байгалийн шалгарал юм.
Нийгмийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд тэд 40, 45 хүртэлх насандаа жирэмсэлж үр хүүхэд төрүүлж өсгөөд, 45-аас дээш насандаа ач, зээ нараа өсгөхөд тусалж, дахиад л ээжийн үүрэг гүйцэтгэж байдаг. Зааны сүрэгт ч хөгшин эм зааны үүрэг, оролцоо нь яг л хүний нийгэм дэх эмээгийнхтэй адилхан шахам гэгддэг. Чоно, хэрээ, минж, цацагт хяруул, адуу, арслан мэтийн зарим амьтны эр нь бусад амьтныхаас илүү ихээр үр зулзгандаа ойр байж, хамгаалж, хамтран өсгөлцдөг. Энэчлэн эр, эм хүйстэй холбоотой олон олон сонин зүйл байдаг. Харин энэ бүхнийг судалж, таньсан нь бага, нимгэн хэвээрээ л байгаа нь харамсалтай юм. Бараг л дан ганц орлого, бизнесийн зорилгоор хүйсээр оролдох, солих үзэгдэл өргөжлөө. Энэ бол тун ч эвгүй, ихээхэн уршиг тарьж мэдэх үзэгдэл. Энэ талаар оройтоогүй байгаа дээр нь онцгой анхаарах шаардлагатай байна.
Эмэгтэйчүүд 50 орчим, 50 гаруй насандаа ач, зээтэй болж эмээ гэгдэж, анхаарал халамжийнхаа ихэнхийг тэдэндээ зориулах болдог нь өөрт нь ихээхэн эерэг нөлөөтэй юм. Өхөөрдөж хайрлах, инээж баясах, цагийг тааламжтай, хөгжилтэй өнгөрөөх болсноор тэд сэтгэл санаагаар залуужиж, дархлаа нь сайжирч, зөнөглөхөөс ч сэргийлэгддэг байна. Энэ бол эм хүйстэнд байгалиас өгч буй том бэлэг юм. Эмэгтэйчүүдийн дундаж нас аль ч улс оронд эрчүүдээс өндөр байдгийн нэг том шалтгаан нь энэ ажээ.
Хүн нэг бүрийн хэвийн оюун ухаантай байх боломж он, сар, нас, мэдрэлийн эсүүдийн тоо, хэмжээгээр хязгаарлагддаг бол эмэгтэй хүний жирэмслэх чадавх анх төрөхдөө авч төрсөн өндгөн эсийн тоогоор хязгаарлагддаг. Өндгөн эсүүд хорогдож цөөрсөөр 40 гаруй наслах үед алга болдог, дуусдаг. Байгаль ээж яг л ингэж тогтоож, журамлажээ. Мэдрэлийн эсүүд өсөж үрждэггүй, нөхөн сэргээгддэггүй, яг энэний адил өндгөн эсүүд мөн өсөж үрждэггүй. Аль аль нь зарцуулагдаад л дуусдаг. Анх төрөхөд нь тодорхой тоогоор өгөгддөг энэ эсүүдийг нөхөн үйлдвэрлэх, сэргээх, донороос авах, сэлбэх боломжийг олох хэрэгтэй. Хүний оюун ухаан юуг ч болов бүтээдэг дээ! Энэ бол эр, эм хүйстэй холбоотой нэгэн чухал асуудал юм. Эр бэлгийн эсүүдийн тоо хэмжээ бараг л хязгааргүй байгаа нь сонирхол татдаг. Энэчлэн хүйстэй холбоотой олон олон чухал асуудал байгаа болно. Өндгөн эсийг ч хөлдөөгөөд нөөцөлж болдог, мөн эр бэлгийн эсийг ч хөлдөөгөөд нөөцөлж болдог. Энэ боломжийг өргөнөөр ашиглах нь ч чухал. Нэг эмэгтэйд 400 орчим л өндгөн эс өгөгддөг...
Хүмүүс сүргээр амьдарч байсан үед, мөн эхийн эрхт ёсны үед хүүхдийн эцэг тодорхойгүй байв. Гэхдээ л эхийн (цусан төрлийн) шугамаар хүмүүс ах дүүгээ, мөн ач зээгээ мэдэх боломжтой болжээ. Харин хүмүүс хосоороо амьдрах болсноор л эцгийн (ясан төрлийн) шугамаар ах дүү, ач зээ, авга нагацаа мэдэх болжээ. Энэ нь том, бага овгууд буй болох, аажмаар нутаг, хэл, соёл нэгтэй аймгууд, угсаатнууд, угсаатан улсуудыг үүсгэх суурь, үндсийг үүджээ. Хүмүүсийн элдэв нийтлэгийн тогтвортой үндэс, бүтцийн нэгж нь өрх, гэр бүл болж хэлбэржиж, төлөвшжээ.
Нийгэм дэх өрх, гэр бүлийн үүрэг, ач холбогдол тун чухал, олон талтай, мөнхийн гэхээр үнэт чанартай, өөр юугаар ч орлуулах аргагүй эерэг үр дагавартай юм. Энэ үндсэн, суурь нэгжээ, түүнд суурилсан үнэт зүйлүүдээ улс орон нэг бүр уламжлан авч, эдүгээжүүлэн хөгжүүлж, хамгаалж байх учиртай.
Эр, эм хүйсний холбоо, харилцаа, үр дагавар, ач холбогдол, нийгэмд гүйцэтгэх үүргийг аль ч улс оронд, аль ч цаг үед төр засаг нь дээдлэн үзэж, аюулаас хамгаалж, эрүүл орчинд амьдруулж, аж байдлыг нь хэлбэрэлтгүй дээшлүүлж, цаг үеийн элдэв гаж нөлөөнөөс ангид байлгаж байхыг хичээх ёстой, тэгэх үүрэгтэй. Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн зохистой динамикийг хадгалах нь энэ зууны тун чухал асуудлын нэг болчихлоо. Ази, Европын олон оронд хүн амзүйн ноцтой доголдол, зөрчил гарчихаад байна. Ихэнх улс орон хүн амаа 18 хүртэлх насныхан, 18-44 (залуучууд), 45-59 (дунд насныхан), 60-74 (ахимаг), 75-90 (хөгшид), 90-ээс дээш (өтөл) насныхан гэж ангилж, хувийн жин, харьцааг нь хянах болов. Хүн амын зохистой бүрэлдэхүүн, бүтэц бол нийгэм дэх онц чухал асуудал, судалгааны чухал объект юм.
Хүйсээ солиулсан, мөн эргэж солиулсан эр, эм хүмүүсийн 40-60 хувь нь сэтгэл санааны гүн хямралд автаж амиа хорлоход хүрдэг нь судалгаагаар нотлогджээ. Энэ талын асуудалтай хүмүүс хүйсээ солиулах биш, харин эмч, сэтгэлзүйчээс зөвлөгөө, тусламж авах нь л зөв арга, хандлага болно.
Дэлхий дахины хэмжээнд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү урт насалдаг нэг ч улс орон байхгүй. Энэний шалтгаан, нөхцөлийг таньж, эрчүүдээ урт наслуулж, эр хүйстний хүч эрчим, оюун ухааныг илүү олон жил ашиглахад жинхнээсээ, шинжлэх ухааны үндэстэйгээр сонирхдог нэг ч төр, засаг бас алга. Хоёр хүйстний дундаж насны зөрөө 10-20 жил шахам том зөрөөтэй хэвээрээ л байна. Ядаж л эрчүүдэд энэ гунигт байдлыг нь ойлгуулах юмсан, бүр хүүхэд наснаас нь тэдэнд эрүүл амьдрахад хэрэгтэй мэдлэг, мэдээлэл өгөх юмсан! Нэрэлхэж, эрдэж, тэвчиж, үл тоомсорлож, ихэрхэж, “баатарлаж”, архи, тамхинд донтож яваад богино наслах нь өөрт нь ч, нийгэмд ч асар том гарз, хохирол юм.
х х х
Орчин үед ихэнх улс оронд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж нас 10-20 жилийн зөрөөтэй байгааг, эрэгтэй хүүхэд (нийгмийн бас бие бялдрын) хөгжлөөрөө эмэгтэй хүүхдээс хэдэн жилээр хоцрогдож байдгийг, мөн бэлгийн амьдралын чадавх, сонирхол нь 90 настай эрэгтэй хүнийх 60 настай эмэгтэй хүнийхтэй адил түвшинд байдаг зэргийг тооцох юм бол эрэгтэй хүн өөрөөсөө 10, түүнээс олон дүү эхнэр авах, эмэгтэй хүн өөрөөсөө 10-аас дээш насаар ах нөхөртэй болох нь наад зах нь л 5 орчим чухал үзүүлэлтээр зөвд тооцогдох ёстой байна. Гэр бүлийн үүсэл, төлөвшил ирээдүйд энэ чиглэлээр л хувьсах, хөгжих болов уу. Насны зөрөөг бүүдгэрүүлэх, бүр алга болгох арга, хэрэгсэл (эм бэлдмэл) буй болж дээрх асуудлыг үгүйсгэж ч бас болох юм. Шинжлэх ухааны ололт, нээлт мөн ч олон боломжийг хүмүүст бэлэглэсээр байдаг шүү дээ. Энэнийг эцэст нь дурдая гэж бодлоо.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.