Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2017 10 сар 27
・ 2

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72.5 тэрбум төгрөгийг өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас хасчихлаа.
Үүнтэй зэрэгцээд төрийн 192 мянган албан хаагч тус бүрт 300 мянган төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр олгох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэхүү нөхөн олговрын нийт өртөг нь 55.4 тэрбум төгрөг. Энэ мөнгийг гал намжаах төдийхөн халамжид бус, жижиг дунд үйлдвэрлэлдээ зарцуулсан бол хамаагүй ашигтай байх байлаа.
Аливаа улс орны баялаг бүтээгч, ажил олгогч, ядуурлыг бууруулагч гол салбар бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Тэднийг дэмжиж, бодлогоор зохицуулах нь тухайн улсын эдийн засгийн нэн тэргүүний чухал асуудал юм. Ганцхан жишээ л хангалттай. Тухайлбал, бидний өндөр хөгжлийг нь гайхаад байдаг ХБНГУ л гэхэд ЖДҮ-ийг хөгжүүлж чадсаны хүчинд эдийн засгийн хямралд сөхрөлгүй өдий зэрэгт хүрсэн. Тус улсын ажиллах хүчний 60 хувь нь ЖДҮ-ийн салбарт ажилладаг гэхээр энэ салбар ямар чухал болох нь харагдаж байна. Тэгвэл Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг харьцуулж, дүгнэлт хийцгээе. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 53 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байгаагийн 80 гаруй хувь нь 1-9 ажилтантай байна. Мөн ихэнх ЖДҮ нийслэлд төвлөрдөг бөгөөд орон нутагт үйлдвэрлэл эрхлэх боломж хомс байдаг. Хуруу дарам цөөн тоотой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хэлбэрээр олгох тэрхүү 72.5 тэрбум төгрөг хэр их баялгийг бүтээж, хэчнээн хүнийг ажлын байртай, орлоготой болгох байсан нь тодорхой.
Манай улсад ЖДҮ эрхлэхэд хамгийн их бэрхшээл учруулж буй хүчин зүйл бол санхүүжилтийн асуудал гэж Монголбанкнаас явуулсан өнгөрсөн түүвэр судалгаанд дурджээ. 2009-2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлд нийт 745.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэгчид гадны зээл тусламж, банкуудын зээл, бусад эх үүсвэрээс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулдаг тухай судлаачид тэмдэглэжээ.
Дээрх эх үүсвэрээс гадны зээл тусламж тэр бүр хүртээмжтэй байж чадахгүй. Харин банкуудаас зээл авъя гэхэд сайн зээлдэгчийн шалгуур тавьдаг. Шинэ зээлдэгчид зээл олгох дургүй. Хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино, барьцаа хөрөнгө, баталгаа байхгүй зэргээс болж зээл авах боломж нь хумигддаг. Өөрөөр хэлбэл, банкуудын шалгуураас болж шинэ бизнес болон шинэ санаа санхүүжилтгүй үлддэг жишиг өч төчнөөн бий. Банкуудыг ч үүнд буруутгах аргагүй. Бас л үйл ажиллагаа явуулж байгаа болохоор эрсдэлээ тооцоолж, найдвартай зээл гаргах нь чухал.
Тиймээс ч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, энэ салбарт хүч үзэхээр зориг шулуудсан хүмүүсийн хувьд хамгийн их найдлага тавьдаг санхүүжилт нь яах аргагүй бусад эх үүсвэр. Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийн сан болон УИХ-ын гишүүдийн багцад хуваарилдаг мөнгө нь хүү бага, элдэв барьцаа хөрөнгийн дарамтгүй учраас илүү үр дүнтэй байж чаддаг байв. Тэр хэрээр үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрддэг тухай эдийн засагчид хэлж байна. Харамсалтай нь, энэ мөнгө цалингаа чамлаж, жагсаал цуглаан, ажил хаялтдаа тулсан эмч, багш нарын гарт очих гэж байна. Төсвийн ажилтнууд 300 мянган төгрөг авлаа гээд нэг ч ажлын байр нэмэгдэхгүй, нэг ч хүн ядуурлын ангалаас гарахгүй. Харин ч нэлээд хэдэн шинэ санаа, шинэ үйлдвэрлэл хий хоосон мөрөөдөл болон замхарна гэхээр үнэхээр чамлалттай байгаа биз. Үүнийг олж харсан уу, өөр ямар нэгэн санаа агуулав уу. Юутай ч Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн. Тэрхүү албан бичигт “...Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.
Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм... Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно” гэжээ.
Үнэн хэрэгтээ өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэгчээр төрийн албан хаагчид аваад баяжихгүй, идээд цадахгүй 55.4 тэрбум төгрөгөөр шинэ санааг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрлэлдээ зарцуулах нь нэн шаардлагатай л баймаарсан.
Өглөөний сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.