Өрөөндөө 20 сая төгрөгийн авлига авсан Д.Батбаярын хэрэгт К.Айдос, Ш.Батсайхан нарыг давхар шалгаж эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 11 сар 22 ・ 3

-НҮҮРС ТЭЭВРИЙН КОМПАНИЙН ЗАХИРЛЫН АВЧ ЯВСАН ЦҮНХТЭЙ МӨНГӨ Д.БАТБАЯРЫН ШИРЭЭН ДООРООС ОЛДСОН ГЭНЭ-

Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн гурван хэлтсийн даргыг энэ сарын 14-нөөс шалгаж эхэлсэн. Дээрх хэргийг АТГ хэрхэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалжуудтай уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр сүүлийн үед Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа машины тоо хэд дахин нэмэгдсэн байна. Үүнээс болж Гашуунсухайт хилийн боомтын орчимд зуу гаруй километр газарт түгжрэл үүсээд байгаа. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 1.2 мянга орчим том оврын машинд нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгогдсон байжээ. Гэтэл сүүлийн жил гаруйн хугацаанд дээрх тоо хоёр дахин нэмэгдэж, хоёр мянга гаруй хүнд даацын машинд Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг өгсөн нь тогтоогджээ. Энэ талаар нүүрс тээврийн компанийн удирдлагууд АТГ-т “С зөвшөөрлийг ямар шалтгаанаар гэнэт мянга гаруй машинд Авто тээврийн үндэсний төв олгосон болохыг шалгаж өгнө үү. Үүний цаана авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл байж болзошгүй” гэх өргөдөл, санал гомдлыг өгсөн байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хяналт шалгалтыг АТГ-аас хийж эхэлжээ. АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа хийж, уул уурхайн нүүрс тээврийн компанийн нэгэн захирал Автотээврийн үндэсний Тээ-вэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай байнга холбоотой байгааг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, С зөвшөөрлийг Д.Батбаярын ажиллаж байгаа хэлтэс олгодог юм байна. Тус компанийн олон зуун машин сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд С зөвшөөрөл шинээр авсан байжээ. Харин энэ сарын 14-ний 15:10 цагийн орчимд нүүрс тээвэрлэлтийн компанийн захирал Авто тээврийн үндэсний төв рүү явж байгааг АТГ-ынхан тогтоожээ. Мөн хэлтсийн дарга Д.Батбаяр, компанийн захиралтай гар утсаар хоорондоо авлига өгч авалцах талаар ярьж байгааг ч прокурорын зөвшөөрөлтэйгөөр тусгай ажиллагааны хүрээнд тагнаж, чагнасан гэнэ. Ингээд өнөөх захирал 15:40 цагийн орчимд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд оржээ. Энэ үед АТГ-ынхан Д.Батбаярын өрөөнд дайран оржээ. Дээрх хэргийг шалгаж байгаа АТГ-ын мөрдөн байцаагч нарын хэлж байгаагаар Д.Батбаяр өрөөндөө 20 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ноцтой байдал илэрчээ. Нүүрс тээврийн компанийн захирал Авто тээврийн үндэсний төв рүү гартаа хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй гар цүнх бариад орсон байна. Энэ нь тус төвийн камерийн дүрс бичлэгт үлдсэн байдаг аж. Гэтэл нүүрс тээвэрлэлтийн компанийн захирлын барьж орсон цүнх Д.Батбаярын ажлын өрөөний ширээн доороос гарчээ. Тэр цүнхэнд 20 гаруй сая төгрөг байсан аж. Харин авлига өгсөн хэрэгт шалгагдаж байгаа компанийн захиралтай хамт явж байсан хүний цүнхнээс Авто тээврийн үндэсний төвөөс олгодог С зөвшөөрлийн бичиг олноор гарч иржээ. АТГ-аас Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзэж, Д.Батбаярыг 48 цаг саатуулсан гэнэ. Харин К.Айдосыг гадуур мөрдөн шалгаж эхэлжээ. АТГ-ын алба хаагчид энэ сарын 15-нд Авто тээврийн үндэсний төв дээр очиж, бүх бичиг баримт, санхүүгийн тайланг шалгаж эхэлсэн байна. Мөн мэргэжилтнүүдийн ширээ, сандал, сэйфыг шалгасан аж. Ингээд Тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайханыг нэмж шалгаж эхэлсэн байна. К.Айдос, Ш.Батсайхан нар Д.Батбаяртай үгсэн хуйвалдаж, С зөвшөөрөл олгох хууль бус үйлдэлд гар бие оролцдог ноцтой баримт олджээ. Автотээврийн үндэсний төвийн дээрх гурван даргатай холбоотой хууль бус үйлдлийн талаар Тээврийн тасгийн дарга Отгонсар, Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Энхбат, улс хоорондын ачаа тээврийн мэргэжилтэн Цолмон нараас мэдүүлэг авсан байна. С зөвшөөрөл олгогдсон хэргийн цар хүрээ томорч, Д.Батбаяр олон хүнийг хөлдөө чирэхээр болоод байгааг эх сурвалж онцолж байв.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Мяагаа / 2017 11 сар 23/

    АТГ-ынханд баяр хүргэе. Ингээд л бариад дор дор нь түргэн шийдээд явчих хэрэгтэй. 5 минутын блиц тоглож байгаа юм шиг л гялалзуулах нь чухал шүү. Авилгаас ангижирч болно гэдгийг үзүүлээд өгөөрэй. Энэ нөхөр бол харсаар байтал шөнө зүүдэнд ормоор хүйтэн царайтай нөхөр байна шүү. Авилга байтугай юм хий

    Хариулах
  • ЗӨВЛӨГӨӨ ном / 2017 11 сар 23/

    ЗГ-ын XI байрны номын худалдаанд ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ өгөх иргэдэд зориулсан зөвлөгөө ном байна лээ. Үнэ нь 5000 гэнэ. Бас сорилын ном байна лээ.

    Хариулах
  • Зочин / 2017 11 сар 22/

    Хэн ч харсан хулгай ч царайай нөхөр байна. Энэ төрийг хулгайч, авлигач, оффшорчдоос чөлөөлж чадвал монголчууд тансаг амьдрах болно. АТГ ганцаараа тэмцэд хол явахгүй. Тодорхой хугацаа зааж иргэдээс мэдээлэл авах,шалгах ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, үр дүнг мэдээлэх гээд зорилготой ажиллуулмаар байна.

    Хариулах