Тахарын албыг татан буулгах шаардлагатай юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 20 ・ 5
Х.Тэмүүжин сайдын эхлүүлсэн Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 07 дугаар сард Тахарын албаны тухай хууль батлагдаж, улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газрыг эмхлэн  байгуулсан билээ. Энэхүү алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэх сурвалжлах үндсэн чиг үүрэгтэй. Манж гаралтай монгол үгээр нэрлэгдсэн тус алба байгуулагдсанаар төрийн алба хаагчийн бүтэц, бүрэлдэхүүн 520 гаруйгаар нэмэгдсэн юм. Аймаг, сум бүрт Тахарын алба байгуулагдаж, харин Тахарын ерөнхий газартаа 100-125 албан хаагчид ажиллаж байгаа юм. Шинээр байгуулагдсан тус албыг байх хэрэгтэй, хэрэггүй гэх янз бүрийн байр суурь байгаа. 

Нэршил төдий, давхардсан чиг үүрэгтэй, ямар ч төсөв хөрөнгөгүй энэ албыг татан буулгах ёстой гэсэн байр суурин дээр Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж бат зогсдог юм. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Замын-Үүдийн Тахарын алба гээч байна. Тэр нь үйл ажиллагаа явуулах төсөв хөрөнгө байхгүй, хийх ажил ч байхгүй ганц нэг хүн л байгаа юм. Шүүхийн шийдвэр сонссон ялтанг хүргэх гэсэн чинь машин байхгүй гэнэ. “Одоо тэгээд яах вэ?” гэсэн цагдаагийнхныг машинаа хэрэглүүлээч гэж гуйна даа гээд зогсож байсан” хэмээн ярьсан байна. Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх ажиллагаа нь тусгай тоноглогдсон, аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслээр гүйцэтгэх шаардлагатай байдаг ч тус албанд ийм унаа байгаагүй юм. 

Харин өчигдөр Тахарын ерөнхий газрын 1-10 дугаар тойргийн Тахарын албадад Хууль зүйн яамнаас тусгай тоноглогдсон УАЗ фургон маркийн 10 машин хүлээлгэж өгсөн байна. Гэлээ гээд асуудал шийдэгдэхгүй, хангамж, санхүүгийн хүрэлцээ тааруу хэвээр үлдэж байгаа албад олон байгаа юм. Тиймээс тус албыг нэгмөсөн чадавхижуулж, бие даалгах уу аль эсвэл ор нэр төдий явуулж төсөв үрж байхаар өмнө хариуцаж байсан субъектэд нь чиг үүргийг нь шилжүүлэх үү гэдгийг бодолцож үзэхэд илүүдэхгүй л болов уу.
 
Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: