Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 21

ЗХЖШ-ын удирдлагууд өнгөрсөн жилээс хууль бус зэвсгийн наймаа, байлдааны нисэх онгоцоо махалж зарсан хэрэгт холбогдон зарим албан тушаалтан нь “аавынд” суун ял эдэлж байгаа билээ.
Энэ хэрэг мартагдаж амжаагүй, ял эдэлж буй генерал нь суллагдаагүй байтал дахин нэг байлдааны нисэх онгоцтой холбоотой хэрэг чих дэлсээд эхэллээ.
Сураг сонсох нь ээ, өнгөрсөн жилийн явдлаас хойш байлдааны нисэх онгоц гэхээр чанга амьсгал авахаас ч айдаг болсон ЗХЖШ саяхан эд хөрөнгөө тоолтол байлдааны нисэх онгоц сох дутсан гэнэ. Айж тэвдсэн тэд хэргийн учрыг олох дайн зарлатал хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь өнөөх “Казино” хэмээх бригадын генерал Д.Энхбаатар болж таарсан юм байх.
Тодруулбал, 2010 онд Налайхын ЗХ-ний 337 дугаар анги дээр ЗХ-ний засварын 011 дүгээр ангийн мэдлийн Камаз автомашинуудаар ашиглалтаас гарсан гэх “Миг-21” байлдааны нисэх онгоцыг махлаад ачиж байсан гэнэ. Түүгээр ч барахгүй задалсан байлдааны нисэх онгоцоо Налайхад айлын хашаанд буулгасан байна. Ингэхдээ маш олон удаагийн ачилт хийсэн юм байх. Тэр үед “Казино” хэмээх бригадын генерал Д.Энхбаатар ЗХЖШ-ын Мониторингийн газрын даргаар ажиллаж байсан төдийгүй өөрийн биеэр Налайхын 337 дугаар анги дээр очиж, байлдааны нисэх онгоцуудыг хайрцаглаад ачуулсан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс олжээ.
Энэ хэргийг цааш мөшгих аваас 2009 оны долдугаар сард ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташегийн аппаратын ажилтан “Бид интернетийн Google earth программын тусламжтайгаар Налайхын ЗХ-ний 337 дугаар ангийн гадна талбайг харахад талбай дээр байсан байлдааны нисэх онгоцууд чинь бүгд байхгүй болжээ.
Та нар түүнийгээ хайрцаглачихсан уу. Хойд хил, Наушки дээр үүнийг чинь ачих гээд маш олон ачааны вагон ирчихсэн байна. Энэ ямар учиртайг тайлбарлаж өг, эсвэл биднийг тус ангид нэвтрүүлж байлдааны нисэх онгоцууд ангартаа байна гэдгийг харуулна уу” хэмээж байсан шүү дээ гэх мэдээлэл олдож. Тэгэхээр оросууд байлдааны нисэх онгоц задалж буй талаар мэдээлэл авчихаад байлдааны онгоц байх ёстой газраа байгаа эсэхийг өөрийн нүдээр харах гэж холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авах гэж хөөцөлдсөн байна. Ингээд зөвшөөрөл өгөхгүй болохоор нь бид танай ГХЯ-нд хандана, танай улсад таатай зүйл болохгүй гэж хэлж байжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.