Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 23
2012 оны сонгуулийн өмнө МАХН гэдэг шударга ёсчингууд гарч ирсэн. Н.Энхбаярыг шударга бус ёсны золиос гэж ард түмэнд харуулав. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр "Шударга ёс" гэсэн сайхан нэртэй эвсэл байгуулав. Тэгээд л шударга ёсыг тунхаглаж эхэлсэн дээ. Монголоо шинэчлэх Шударга ёсны 5 хувьсгал гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Шударга ёсон дээр тоглож УИХ-ын 11 суудлыг авав. Харамсалтай нь шударга ёсчингууд өнгөрсөн хугацаанд шударга байж чадсангүй. "Шударга ёс" эвсэл "Шударга бус" болон хувирч байна. "Шударга ёс"-ынхон дотроо хэрхэн шударга бус авирлах болсныг УИХ-ын дэд дарга Л.Цог нүдэнд харагдтал ярив.
Н.Энхбаяр дарга миний хүчинд гарсан шүү гэдэг болсон
МАХН-ыг "эзэн" Н.Энхбаяр нь хоёр хэсэг цуу татжээ. Тэрээр намын гишүүддээ байн байн "та бүхэн хэний хүчинд гарсанаа мартаагүй биз" гэж гүрэн дамжиж дарамталдаг гэсэн саарал ордны яриа үнэн болж таарч байна. Саяхан Н.Энхбаяр Монгол Улсад ирээд буцахдаа өөрийнхөө төлөө бүхий л зүйлээ зориулсан олон гишүүдээ хөндийрүүлсэн юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат "Д.Тэрбишдагва, Ч.Улаан бид гурав Н.Энхбаяр даргатай ам мурийсан" гэсэн утгатай яриа өгсөн. Үнэхээр ч Н.Энхбаярын төлөө хэн зүтгэсэн бэ? гэвэл дээрх гурван хүмүүсийг Монголын ард түмэн эхний ээлжинд нэрлэх нь гарцаагүй. Харамсалтай нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар Н.Энхбаярын хувьд үүргээ гүйцэтгэжээ.
Үүнээс гадна Н.Энхбаяр дарга Монголд ирээд буцахдаа УИХ-ын дэд дарга Л.Цогтой удаан уулзалт хийсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Уулзалтын мэдээлэл ч задарлаа. Энэ тухай УИХ-ын дэд дарга Л.Цог "Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд хоёр чиглэлийн яриа болсон. Нэгд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг битгий огцоруулаач гэдгийг янз бүрийн аргаар ярьсан. Хоёрт намтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Намайг Н.Алтанхуягийг огцоруулах асуудалд гарын үсгээ зурсанаа буцаа гэж Н.Энхбаяр шахсан. Янз бүрийн аргаар л ярьсан. Намайг МАХН Орхон аймагт нэр дэвшүүлсэн нь үнэн. Гэхдээ мандатыг Орхон аймгийн ард түмэн өгсөн гэдгийг ямагт санаж ажиллаж ирлээ. Н.Энхбаяр дарга бид нарын хүчинд гарлаа гэдэг. Тэгвэл Шударга ёс эвсэлээс 76 хүнийг нэр дэвшүүлсэн. МАХН-аас Д.Тэрбишдагва бид хоёр л тойргоос гарсан. Ард түмэн сонгосон нь хоёр. МҮАН-аас Д.Батцогт, Г.Уянга хоёр гарсан. Бусад нь хаачив гэдгийг бодох ёстой. УИХ-ын гишүүдийг нам араас нь чангаадаг. Нам нь дэглэдэг байж болохгүй. Ингэх нь Үндсэн хуулийн эсрэг ажиллагаа. Үүнийг байранд нь тавих ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ. Л.Цог бол УИХ дахь хамгийн шударга гишүүдийн нэг л дээ. Ийм хүн ард түмний өмнө огцоруулах бичигт гарын үсэг зурчихаад Н.Энхбаярыг ирэхээр түүнээсээ буцвал онигоо л болно. Л.Цогоос өөр хүн байсан бол буцах л байсан байх. О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцоруулах бичиг өргөн бариад буцдаг шиг. Л.Цог О.Баасанхүү биш болохоороо буцсангүй.
УИХ-ын дэд дарга Л.Цогийг огцоруулна шүү гэж сануулжээ
Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын 10 жилийн гэрээг Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ын олон гишүүд эсэргүүцээд хүчингүй болгочихсон. МАХН дотор ч гэсэн энэ гэрээ хууль бус гэж үзсэн олон хүн байжээ. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Цог. Тэрээр ийм байр суурь баримталсныхаа төлөө УИХ-ын даргаа өг гэсэн сануулга хүлээн авчээ. Энэ талаараа Л.Цог "10 жилийн гэрээ олон сарын өмнөөс яригдсан. Би гэрээ байгуулахын эсрэг явсан. Нам төрийн дээр гарсан. УИХ-ын бүрэн эрхэд халдсан ийм байж болохгүй. Үндсэн хууль зөрчсөн гэрээ. АН илүү ардчилсан болж байна. Манай намд тийм юм алга. УИХ-ын дэд даргыг намын суудал мөн шүү гэж байна лээ. Намын суудал мөн нь үнэн. Гэхдээ намайг юуны төлөө огцоруулах гэж байгаагаа ойлгоорой гэсэн. УИХ-ын дарга, дэд даргыг дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Буцаагаад эргүүлэн татах асуудал УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Нам бол эргүүлэн татах субъект биш шүү гэдгийг хэлсэн. УИХ-ын дэд даргыг хуулийн дагуу огцоруулах ёстой. Хуулийн дагуу чөлөөлөх гурван төрлийн гарц бий. Нэгдүгээрт би өөрийнхөө хүсэлтээр, Хоёрдугаарт шүүхийн шийдвэрийн дагуу ял авсан бол, Гуравдугаарт эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол. Энэ гурван нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг ярина. Би Н.Энхбаярт ингэж хэлсэн. Ойлгосон эсэхийг мэдэхгүй. Үйл явдал, цаг хугацаа харуулна" гэж учирлав. Эндээс дүгнэж үзвэл Л.Цогийг МАХН-ынхан Н.Энхбаяртайгаа нийлээд ч огцоруулж чадахгүй нь. Учир нь түүнийг МАХН гэхээсээ илүү УИХ шийдэх болчихоод байна. Тэгээд ч МАХН-ын дарга Н.Энхбаяр Л.Цогийн асуудлыг УИХ-д орууллаа гэхэд МАН-ын 26 гишүүн хамгаална. Бас Г.Уянга хамгаалах магадлалтай. АН-ын шударга гишүүд хамгаална. Ингэж тооцвол Л.Цогийг огцоруулах асуудал бараг боломжгүй болж таарна.
МАХН-ыг байгуулах үед сураггүй байсан хүмүүс бусдыгаа дарамтлах болжээ
Шударга үнэний төлөө явсан Л.Цогийг Н.Энхбаярын бодлогыг дагасангүй гээд УИХ-ын дэд даргаас нь мултлахаас гадна МАХН-аас хөөнө гэсэн ээлжит сануулгыг удаа дараа өгч эхэлжээ. Нэг эзэнтэй намд орсны Л.Цогын буруу л даа. Ийм сануулга ойр ойрхон хүлээн авах болсон Л.Цог "Манай намаас сонгогдсон Цолмон гэдэг нөхөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар намаас хөөнө л гэж яриад байгаа. Юмаа мэдэхгүй ярих юм. Намаас хөөх тухай асуудал манай намын дүрмэнд байдаггүй юм ш тэй. МАХН-ыг сэргээн байгуулах гэж хичнээн их зовлоо. Тэр үед үнэр нь байтугай салхи нь ч байхгүй хүмүүс өнөөдөр ирчихээд намайг хөөх тухай асуудал ярьж байгаад гайхаж байна. Монголчууд ярьдаг шүү дээ. Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэж. Ингэж болохгүй шүү гэдгийг элдэв юм яриад байгаа нөхдүүдэд хатуу хэлье. Н.Энхбаярын эсрэг явлаа гэж намаас хөөвөл яая гэхэв. Хүүхдийн хэллэгээр сонин л юм болж байна" гэж учирлав. Хэрэв МАХН Л.Цогийгоо хөөчихвөл "Шударга ёс" эвсэл задрахад ойрхон болно. Анх 11 гишүүнтэй байсан энэ эвсэлээс Д.Батцогт гараад АН-д орчихсон. Одоо Г.Уянга гарахаар бэлтгэж эхэлсэн гэх. Дээр нь Л.Цогийгоо хөөчихвөл яг 8 болно. Хэрэв наймаас доош болвол "Шударга ёс" бүлэглэл хуулиараа задарна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.