Та бид тусгаар Монгол улсын эзэд

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 11 сар 25

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
 

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

 Хүж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би ... Д.Пүрэвдоржийн шүлгээс

Монголчууд түүхэндээ дэлхийн гүрнийг байгуулж чадсан, сэргэж мандаж явсан, бас сорилт бэрхшээлийг даван туулж ирсэн аугаа ард түмэн. Анхны Үндсэн хуулийг баталж, тусгаар тогтнолоо заралсан нь  Монгол түүхийн салшгүй нэгэн хэсэг юм.

Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж чин улсын хараат байдлаас гарч, 1924 оны 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж Үндсэн хууль баталснаас хойш 90 жил болж байна.

Анхдугаар Үндсэн хуулийг Монгол Улс батлан гаргаснаараа тухайн цаг үед улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, аль нэг улс оронд нэгдэн уусахгүй байх, бие даасан төрт улсыг байгуулан бүрдүүлэх талаар үе үеийн монгол төрийн зүтгэлтнүүдэд дархлаа бий болгож, аль нэг оронтой нэгдэн нийлэх талаарх гадаад, дотоодын хүчнүүдийн санаархалыг эрх зүйн хувьд ямар нэг байдлаар хазаарлаж, улс орноо тусгаар тогтнуулж, дэлхийн улс түмнээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл тэмүүлэл, урам зоригийн эх ундарга болсоор ирсэн.

Баатарлаг эх орончдын халуун амь, бүлээн цусаараа тэмцэж олсон тусгаар тогтнолын үнэ цэнэ аль ч цаг үед бүдгэрч бүүдийх ёсгүй. Энэ өдөр бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэн гэдгээрээ бахархаж, Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх, эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлэхийг дор бүрнээ хичээж, зүтгэж байх хэрэгтэй.

Та бүхэнд Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон улс тунхагласны 90 жилийн ойн түүхэн өдрийн мэндчилгээ дэвшүүлье!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх