Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 01
Шинэхэн, залуухан сайд Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газраа бүрдүүлэх гэж багагүй сандарч явна. Улс төрийн бүх нам эвсэлд хадаг яндар барьж, хямралаас гарах гарцыг эрэлхийлсээр хоёр долоо хоног өнгөрөв.
Энэ хугацаанд хадаг авсан намууд гуйлгахын гайхамшиг болж, хадаг тавьсан АН гуйхын гутамшиг болж байгаа дүр зураг харагдлаа. Ингэхгүй бол тэгнэ, тэрнийг зөвшөөрвөл “сүй тавина” гэсэн хөгийн, хоржоонтой шантааж хөшигний цаана өрнөж, сайдын толгойн өвчин улам бүр нэмэгдсээр.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэр сайн менежер байсан юм бэ гэдгийг АН-ынхан энэ өдрүүдэд эрхгүй үгүйллээ. Ямартай ч хадаг авсан улс төрийн намууд эхнээсээ хамтрах шийдвэр гаргасан ч улс төрийн шантаажаа үүгээр дуусгахгүй гэдэг нь тодорхой байна. Хамтрах шийдвэр гаргах өөр хэрэг, харин бялуугаа яаж хуваах вэ гэсэн хамгийн том сорилт Ч.Сайханбилэгийн өмнө ирлээ. Улс орны эрх ашгаа бодсон хэмээх үгийг улиг болтол давтаж суугаа МАН-д хэдэн зүсмийг өгөх, гэрээгээ зөрчлөө хэмээн шантааж хийж байгаа “Шударга ёс” эвсэлд хэрчим хуваарилах уу гээд улс төрд шантааж гэдэг жинхэнэ утгаараа одоо л өрнөж байна.
Намууд улс орны эрх ашгийг бодлоо хэмээж байгаа ч үнэн хэрэгтээ Засгийн газрын сайдын суудал, албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа гэдгийг дурьдах нь зөв болов уу. Хүслээр болдог бол улс төрийн нам эвслүүд одоо улстөржилтөө зогсоомоор байна. Элгээрээ мөлхсөн эдийн засгаа өндийлгөх талаар ажиллаж эхэлье. Ч.Сайханбилэг сайд ч гэсэн уурласан, туньсан бүхний ааш аягийг олох гэж явах бус Ардын намдаа албан тушаал өгөөд, адил тэгш хувааж хүртээд цаашаа явахсан.
Бусад нь яршиг л байна. Сөрөг хүчин болно биз. Улсынхаа эрх ашгийг үнэхээр боддог л бол улс төрийн намууд шантаажаа зогсоож, түмний төлөө ажиллаж эхэлмээр байна. Харамсалтай нь тийм зүйл болохгүй бололтой.
Ардын нам хамраа сөхжээ
Бага хурлаараа хамтрах шийдвэрээ эцэслэсэн МАН-ынхан Ч.Сайханбилэгээс зургаан яам нэхжээ. Сангийн яам, Шадар сайд зэрэг эрх мэдэл албан тушаал нь давуу яамдуудыг нэхэж байгаа аж. Хэрвээ зургаан яамыг өгөхгүй гэвэл тэд хэзээ ч хамаагүй хаяад явна хэмээн шантаажилсан байна. Зургаан яам өгвөл Засгийн газарт орно, өрийн таацыг нэмэгдүүлэхгүй бол хаяад явна, эдийн засгийн хямралаас гаргах манай намын хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол явлаа гэсэн айлган сүрдүүлсэн өнгө аяс тэдний мэдэгдлээс сонсогдоно.
Цаашдаа ч энэ байдал үргэлжлэх нь тодорхой. Гуйж ороогүй юм шүү, гуйлгаж орсон юм гэсэн бардамнал, пээдэлзсэн, таахалзсан гишүүдийнх нь додигор байгааг бичих нь илүүц биз. Элэг авчих юм. Хамтрах санал тавьсан нь Ардын намыг хамраа сөхөх шалтгаан болсон юм болов уу. Буруу л ойлгож дээ. Үг, үйлдлээс нь ажихад л бидэнгүйгээр Ч.Сайханбилэг хэн ч биш, АН юу ч биш гэсэн тоомжиргүй байдал ажиглагдах. Ардын намын егзөр өвгөчүүд нь шантааж хийж, хэлсэн ярьснаасаа буцаж, Х.Баттулга Ерөнхий сайд болбол би намаасаа гарна гэсэн хэмээн худлаа ярьснаа булзааруулж тэнэгтэх л дутаж гэнэ.
Тэдний улс төрийн шантааж 2016 оныг дуустал үргэлжлэхээр байгаа юм. Нэг ёсондоо улс орны эрх ашгийн үүднээс хамтрах санал тавьсан АН-ынхан Ардын намын барьцаанд орж, багахан алдаа гаргавал тойрохоо зуруулж мэдэх нөхцөл байдалд орчихлоо. МАН өөрт ашигтай бол дэмжинэ, ашиггүй бол шантаажилна гэдгээ ч ил тод зарлачихлаа. Тэд 1.6 жилийн хугацаанд яг ийм зарчмаар л ажиллах вий.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.