Тоглоомын газар, сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан бүгдийг хориглов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 27 ・ 7

Дэлхий нийтэд түгшүүр зарлаад байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор манай улс онцгой дэглэм тогтоолоо.

Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж сургууль, цэцэр­лэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзах­гүйгээр улс даяар зог­соо­сон юм. Тэгвэл өчиг­дөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авав.

Манай урд хөршөөс дэлгэрсэн коронавирус хурдацтай тархаж дэлхийн арав гаруй оронд бүртгэгдэж хэдэн мянган хүн өвчлөөд байна. Өчигдрийн байдлаар манай улсын эргэн тойронд Эрээн, Манжуур, Өвөрмонголд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас манай улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орноор нэрлээд байгаа юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин  “Агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус гэдгийг эрдэмтэд хэлж байна. Шинэ вирус учраас эмчлэх арга байхгүй учир маш хурдацтай тарж байна. Манай хилийн цаана ойрхон ирсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эм,  эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халваргүйтлийн бодис худалдаж авах, эмч, эмнэлгийн ажилтны унаа, шатахууны хөлс,  маск зэргийг худалдаж авахад багагүй хэмжээний хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.  Дипломат харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоор зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хил орчмын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Хязгаарлалтад онгоц, галт тэрэг хамаарахгүй” гэв.

Боловсролын байгуул­лагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулжээ.

Мөн хүүхдүүдийн  тоглоомын газар, сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов.

Онцгой комиссын хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод суралцаж буй Монголын 31 оюутанг шуурхай авчрахаар болсон юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ 120 орны мэдээллийн солилцоонд ордог 21 төрлийн вирусыг илрүүлэх хүчин чадалтай. Япон, Хятад коронавирусын туршилтын оношлууртай болсон. Манай улсад ирэх мягмар гаригт оношлуур ирнэ.  ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа” хэмээн мэдээлэв.

Харин зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэрхэх талаар Хотын дарга С.Амарсайхан “Захуудыг аль болох эрсдэл гаргахгүй талаас нь зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээг авна. Нийслэлийн орох гарах гарцыг мөн хянана” гэлээ.

Иргэд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах,  амны хаалт заавал зүүж, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: