Д.Бат-Ундрал: Тамхинаас болж долоо хоногт 3-5 хүн судасны бөглөрлөөр хөлөө тайруулж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 24 ・ 1

Бид энэ удаагийн ярилцлагын сэдвээр захын судасны нарийсал, бөглөрөл түүний шалтгаан, хүндрэлийн тухай Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн Зүрх судасны мэс заслын их эмч Д.Бат-Ундралтай ярилцлаа.

Ярилцлагын өмнөтгөлд мэдээлэл хүргэхэд тус эмнэлэгт Зүрх, судастай холбоотой бүхий л төрлийн мэс заслыг өндөр түвшинд, ЭМД-ын 75 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр хийж байгаа гэнэ.

Д. Бат-Ундрал эмчтэй хийсэн ярилцлагыг аудио хэлбэрээр сонсоорой.

-АРТЕРИЙН СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН АСУУДАЛ БОЛЖ, АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙД ХҮРСЭН-

-Сүүлийн үед бүхий л насны хүмүүсийн дунд зүрх судасны өвчлөл түгээмэл байгаа гэж сонссон. Гуравдугаар төв эмнэлгийн хувьд ямар мэс заслыг голчлон хийж байна вэ?

-Манай тасаг байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын хэмжээнд Зүрх судасны мэс заслын тусламж, үйлчилгээг явуулсаар буй гол мэс заслын тасаг юм. Эхлээд манай тасаг зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг эмчилдэг байсан. Яваандаа насанд хүрэгчдийн зүрхний олдмол болон төрөлхийн эмгэгийг эмчилдэг болсон. 1980-ад оны дунд үеэс эхэлж манай тасагт судасны мэс заслыг хийж эхэлсэн. Судасны мэс заслыг Артерийн болон Венийн хэмээх үндсэн хоёр бүлэгт хуваадаг. Венийн судасны мэс засал нь ихэвчлэн судасны бүдүүрэл, бусад эмгэгийн үед хийгддэг.

Тус мэс заслыг манай зүрх судасны тасагт хамгийн өндөр түвшинд нарийн хийдэг. Яагаад гэвэл, тухайн мэс заслыг яг энэ судасны чиглэлээр мэргэшсэн эмч нар хийдгээрээ онцлогтой. Иймээс бусад эмнэлгээс илүү өндөр түвшинд хийдэг юм болов уу гэж боддог.

-Таны хувьд ямар мэс заслыг голчлон хийж байна вэ?

-Миний хувьд хийдэг нэгдүгээр хагалгаа бол Зүрхний хавхлагын мэс засал. Дараа нь Титэм судасны болон захын судасны мэс заслыг голчлон хийж байна.

-Тэгэхээр сүүлийн үед залуусын дунд захын судасны өвчлөл их байгаа гэж сонссон. Тодруулбал, тамхи татсанаас болж төв артерийн судас бөглөрч улмаар хөлөнд очих тэжээл хаагдсанаар үхжилт явагдаж хөлийг нь тайрахад хүргэж байгаа гэсэн шүү дээ. Энэ тухай манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-За ерөнхийдөө сүүлийн үед, судасны мэс заслын эмч бидний санаа зовоож буй асуудал бол маш их болж буй энэ артерийн судасны өвчин юм. Сүүлийн үед манай тасаг ачааллаа дийлэхээ больж байна. Зуны урилалд бид зүрхний мэс заслаа түр хугацаанд зогсоочихдог л доо. Одоогийн байдлаар ачаалалтай байгаа тул энэ долоо, наймдугаар сард судасны мэс засал, ихэвчлэн захын судасны мэс заслыг хийж байна. Өдөрт энэ төрлийн 5-6 мэс заслыг хийж байгаа. Зуны улиралд артерын судасны мэс засал цөөрдөг. Хүйтний улиралд нэмэгддэг. Хүйтний улиралд артерийн судас агшдаг. Дээр нь архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрдэг тул тухайн улиралд судасны мэс заслын ачаалал нэмэгддэг гэсэн үг.

Анх биднийг оюутан байхад, артерийн судасны мэс засал Монголд жилдээ 1-2 удаа хийгддэг, ховор мэс заслын тоонд ордог байлаа. Тэрийг хийдэг мэс засалч бол Монголд байхгүй агуу эмчид тооцогддог байсан. Миний хувьд зүрх судасны мэс засалч нарын хийдэг хамгийн нарийн төвөгтэй мэс заслийг хийдэг гэж боддог. Анагаах төгсөөд тус төрлийн мэс засал жилд 1-2 хийгддэг гэсэн ойлголттой анх энэ тасагт ирж байсан. Тэр үед сард 1-2 удаа энэ төрлийн мэс мэс засал хийгддэг байсан. Гэтэл одоо 7 хоногт 3-5 артерийн судасны мэс засал хийгдэж байна.

-АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШИЛ, ХООЛЛОЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ, АГААРЫН БОХИРДЛООС БОЛЖ ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧЛӨЛ НЭМЭГДСЭН-

-Та үүнийг юутай холбоотой гэж бодож байна вэ?

-Энэ бол ерөөсөө л бидний амьдралын хэв маяг, хооллолт, амьсгалж буй агаартай салшгүй холбоотой гэж боддог. Өөрөөр хэлбэл, одоо үед амьдарч буй залуус тухайн үед амьдарч байсан залуусаас шал өөр орчинд амьдардаг байсантай холбоотой.

-Артерийн судасны бөглөрөл үүсгэх гол хүчин зүйл нь юу вэ. Түүнтэй тамхи яагаад холбогдож байгаа вэ?

-Аливаа хүчин зүйл гадаад ба дотоод гэсэн хоёр хүчин зүйлтэй. Дотоод хүчин зүйлд тухайн хүний онцлог, удамшил, бодисын солилцоо шалтгаалдаг. Харин гадаад хүчин зүйлд амьдралын хэв маяг, хооллолт, тамхи татдаг эсэхээс шалтгаалдаг. Хүн амьдралын зөв хэвшилтэй, хоол хүнсээ тохируулаад, гаж буруу зуршлаас хол байвал судасны өвчин тусахгүй байх магадлал их байгаа.

-Хэдээс хэдэн насны хүмүүс энэ хагалгаанд голчлон ордог вэ?

-Түрүүн хэлсэнчлэн аливаа хүчин зүйлд гадаад ба дотоод хүчин зүйлс нөлөөлдөг. Жишээ нь, дотоод хүчин зүйл буюу төрөлхийн удамшил, гень сайтай хүмүүс мэр сэр байдаг. Тамхи татаж, архи уусан ч цоо эрүүл явдаг. Угийн гень, дархлаа, түүнчлэн дотоод хүчин зүйл сайтай, төрөлхийн мундаг хүмүүс бол ямар ч өвчин тусахгүй яваад байж болно. Харин ямар нэг хорт зуршилд автдаггүй, зөв амьдралын хэвшилтэй, спортоор хичээллэдэг дунд түвшний хүмүүс судасны өвчин тусахгүй байх магадлалтай. Угийн судасны өвчин тусах магадлал геньд нь суулгагдчихан тийм хүмүүс байдаг. Тэр бүлгийн хүмүүсийн судасны хананд явагдаж байгаа, цусны бүлэгнэлтийн алдагдал нь геньд суулгагдчихсан байдаг. Энэ төрлийн дутагдалтай хүмүүс тамхи татаад, хоол хүнсээ тохируулахгүй яваад байвал, судасны өвчин тусах магадлал нь өндөр болдог.

-Судасны өвчнийг зөв хооллолт, буруу зуршилтай холбож ойлгож болох юм байна. Нэгэнт тухайн хүн маань захын судасны бөглөрөл буюу хөл, гар нь үхжиж тайруулахаас өөр аргагүйд хүрсэн үед түүнийг эмчлэх арга бий юу?

-Тийм л дээ. Ерөнхийдөө тайрах хэмжээнд хүрнэ гэдэг бол өвчин нь маш хүнд болоод ямар ч эмчилгээ авах боломжгүй болсныг хэлнэ. Судас бөглөрснөөс мөч рүү цус гүйхээ болиод үхжсэн эрхтнийг тайрахаас өөр арга байхгүй. Үхэжсэн эд эрхтнийг амилуулдаг технологи хаана ч байхгүй. Одоогоор хаана ч гарч ирээгүй байгаа. Анагаах ухаан үхэжсэн эдийг амилуулдаг түвшинд очих тэр үед үхсэн хүнийг амилуулах болно. Тийм учраас зарим нэг хүмүүс “миний үхэжсэн эдийг та нар амилуулж өг” гэсэн хүмүүс байдаг. Бид бурхад биш шүү дээ. Хүний амь насыг аврахын тулд л тэр хөлийг тайрч байгаа. Яагаад тайрч байна вэ гэхээр тухайн эд эрхтэн үхжих юм бол маш хортой бодис ялгарч байдаг. Энэ нь цусны эргэлтэд ороод ирэхээр тухайн хүн хордлогонд ордог.

Хордлогонд ороод элэг, бөөрний дутагдалд ороод амь насанд нь аюул заналхийлдэг учраас бид тухайн эрхтэнг эмнэлгийн заалтаар тайрдаг. Гэхдээ өвчин тартагтаа тулаад, бүр эцсийн үе шат руу орсон үед л бид тухайн эд эртхнийг тайрдаг. Ер нь бол аливаа өвчинд хөнгөн эхлэх үе, ид үе, эцсийн үе шат гэсэн гурван үе шат байдаг. Эхэн үед нь өвчтэй явж байгаа хүнийг хараад мэдэхгүй. Гэтэл цаана нь өвчин эхлэх нарийн процессууд эхэлж байдаг. Далд байгаа учраас тэр үед оношлоход маш төвөгтэй. Энэ үеийн оношлогооны түвшний зарим аргууд манайд орж ирсэн. Өвчин ид үедээ ороод шинж тэмдэг гараад эхэлбэл тэр үед нь эмнэлэгт байгаа эмч нарын бодит үзлэг, багажийн шинжилгээгээр тухайн өвчнийг оношлоод баталдаг. Илэрсэн үед нь эрхтэнг аварч болох олон арга байдаг. Цусан хангамжийг сайжруулах, судсыг өргөсгөх, шингэлэх, нарийссан үед салаа судаснуудыг өргөсгөж, хөгжүүлэн цусан хангамжийг сайжруулах гэх мэт.

-ЗҮРХ, СУДАСНЫ ӨВЧЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л МЭС ЗАСЛЫГ ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ХИЙЖ БАЙНА-

-Мэс заслын ямар аргууд байдаг вэ?

-Мэс заслаар хийгдэх их олон арга байна. Жишээ нь судсыг тэжээдэг гол судас нь бөглөрөх аль эсвэл нарийсаад тухайн мөч нь шөнөжин өвддөг зовиуртай байвал, тэр бөглөрөлийг дамнуулаад хиймэл судас залгах, эсвэл өөрийнх нь Венийн судсыг аваад орлуулах ч гэдэг юм уу дамнуулж залгаад, цусан хангамжийг нь сайжруулж сэргээдэг арга байна. Хэрвээ нарийсалт үүссэн байвал дотроос нь тусгай баллоноор нарийсалтийг тэлэх, дахин нарийсгахгүй тулд тэнд нь “стэнт” гэж нэрлэдэг зориулалтын сээтэг тавиад тэлдэг. Сүүлийн үед иймэрхүү эрхтний цусан хангамжийг сэргээдэг арга бол нэвтэрч байна. Манай эмнэлэгт ч гэсэн энэ аргууд нэвтэрч байгаа. Эцсийн үе шатанд ороогүй л бол эмчлэх аргууд зөндөө. Энэ эмчилгээний аргуудыг бид бүгдийг нь хийж байна. Тэр өвчин эцсийн үе шат руугаа ороод, тухайн эд эрхтэн, мөч цусан хангамжгүй удаан байвал тухайн эд эрхтэн эргэшгүй өөрчлөлтөд орж үхэждэг. Энэ үед нь үнэхээр тайрахаас өөр аргагүй болдог юм.

-Тэгэхээр энд нэг эргэлзээтэй зүйл байна. Хүмүүс маань ч гэсэн асуумаар санагдаж байгаа болов уу. Шинж тэмдгийг эхэн үед мэдэх боломжгүй, маш хэцүү байдаг гэсэн. Иргэд ямар шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах ёстой юм бол?

-Яахав бид бол мөч тайрах тухай л яриад байна л даа. Ер нь бол судас гэдэг нь өөрөө маш агуу эрхтэн. Яагаад гэвэл тархи, нүд, хамар, хэл, чих, гар, хөл, зүрх, элэг бөөр гээд бүгд цусан хангамжтай байдаг. Судасны өвчин гэдэг маань аль ч эрхтэнд тохиолдож болно. Хэрэв тархины судас бөглөрвөл, тархины харвалт гэж ярьдаг. Зүрхний судас бөглөрвөл зүрхний шигдээс, захын мөчний судас бөглөрвөл мөчний үхжил, тэжээлийн дутагдал гээд олон төрлийн өвчнүүд байдаг. Яг ямар эрхтэнд судасны өөрчлөлт гарсан байна тухайн эрхтэн доголдох шинж тэмдэг илэрдэг.

Мөчдийн тухай түрүүнээс хойш ярьлаа. Судасны хатуурал эхэлж байгааг хүн эрт үед нь мэдэх боломжгүй. Тэрийг бол ерөнхийдөө тухайн хүн эрүүл байсан ч, судасны эхо-д ирээд жилд 1-2 удаа харуулвал, судсанд болж буй зүйл эрт үедээ мэдэгдэнэ. “Миний хөлийн судас нарийсч, бөглөрч байгаа юм байна” гээд мэдчихсэн тохиолдолд орчин үеийн анагаах ухаанд түүнийг нь эмчлэх маш олон арга байна. Хөлийн судас хатуураад эхэлчихсэн бол түүнийг зогсоох бүх төрлийн эмчилгээ Монголд ороод ирчихсэн. Цусан дахь өөх тос, чихрийн солилцоогоо байнга хянаад явах юм бол тэр судасны хатуурлыг тухайн түвшинд нь зогсоочихдог.

-Судасны хатуурал чихрийн шижин, сахартай холбоотой байдаг гэсэн үг үү?

-Тийм. Яг тэр үед нь зогсоогоод, өвчнийг хүндэрч мөчийг тайруулах хэмжээнд хэзээ ч хүргэхгүй, эрүүл явж болно гэсэн үг.

-Зөвхөн мөчид гэлтгүй, судасны бөглөрлөөр бага насны хүүхэд өвдөх магадлал бий юу?

-Бага насны хүүхэд бол маш ховор байдаг. Сүүлийн үед нийт захын судасны өвчнөөр манай тасагт хөл тайруулсан хүмүүсийн ихэнх нь 50, 60-аас дээш насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг. 30-50 насны хүмүүс бол үлдсэн 20-30 хувийг эзэлдэг. 5-10 хувь нь 20-оод насны хүмүүс байдаг. Гэхдээ цөөхөн ч гэсэн урьд өмнө бидний оюутан байхад, эсвэл намайг эмч болж байхад залуу хүмүүс хөл тайрах нь бүү хэл судасны өвчнөөр ирж эмчлүүлдэггүй байсан.

Гэтэл одоо 20-иод насны залуу хүн ирээд гар хөлийн судас бөглөрчихсөн, хөл гараа тайруулж байгаа нь харамсатай. Тэдгээр хүмүүсийг ид үед нь оношлоод эмчилсэн бол сэргэлт, эдгэрэлт нь хурдан байдаг. Даанч судас нь бөглөрөөд орон нутгаас ирэх, тэндээ оношлогдохгүй явсаар байгаад хугацаа алддаг. Ихэвчлэн үүнийг мэдрэлийн өвчин гэж андуурдаг юм шиг байгаа юм. Гар, хөл бадаарч байна гээд бариач руу очдог. Бариачид хэд хоног бариулаад хөл нь эдгэрэхгүй хөхрөөд харлаад эхлэхээр бид нар дээр ирдэг. Бид бол яалтачгүй хөлийг нь тайрдаг л байхгүй юу.

-ТАМХИ ТАТАЖ СУДСАА АГШААГААД, АРХИ УУЖ ТЭЛНЭ ГЭДЭГ ХУДАЛ-

-Түрүүн хэлсэнчлэн, хүндэрсэн үедээ ирсэн хүний эд эрхтнийг тайрахаас өөр аргагүй болдог бол дунд үедээ ирвэл эмчлэх олон арга байгаа гэлээ. Хөлөө тайруулж буй иргэд бүгд хүндэрсэн үедээ ирдэг гэж ойлгож болох уу?

-Янз бүр л дээ. Ид үедээ манайд хагалгаа хийлгээд цусан хангамжийг сэргээх, эмчилгээ хийлгэсэн хүмүүс байдаг. Гэвч тэдгээр хүмүүс бидний зөвлөсөн зөмлөмжийг биелүүлэхгүй, “Хагалгаа хийлгээд миний хөл эрүүл болчихсон” гээд гэр рүүгээ гараад тамхи татдаг. Тамхи бол судасны дайсан. Би үүнийг л хэлмээр байна. Тамхи яадаг вэ гэхээр судсыг агшааж өгдөг. Судсыг дээд зэргээд агшаадаг. Тамхинд байдаг никотин, давирхай зэрэг бодис нь судсыг хөдөлгөдөг системд нөлөөлж, захын судаснуудыг маш хүчтэй агшааж өгдөг. Давирхайнд олон төрлийн бодис байдаг. Тамхи уушгинд нөлөөлж уушгины хорт хавдар үүсгэдэг. Нөгөө уршиг нь судсанд муу нөлөө үзүүлдэг. Судас агшаад ирэхээр тухайн эрхтэн авах тэжээлээ авч чадахаа больдог.

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: