Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 09
-АН сар гаруйн өмнө МАХН-тай, одоо МАН-тай гэрээ байгууллаа-
АН-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нар өчигдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр нам шинэ Засгийн газарт хамтран ажиллах гэж байгаатай холбоотойгоор ийнхүү гэрээ байгуулсан байна. Улс эх орныхоо эрх ашгийн үүднээс хамтран ажиллах тухай уг гэрээнд тусгажээ. Хоёр намын удирдлагууд гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнийхээ талаар удахгүй олон нийтэд танилцуулж мэдэгдэл хийх гэнэ.
Ийнхүү Монголын улс төрд хоёр Энхболдын хоршил эхэлж байна. Ямар ч байсан ирэх 2016 оны сонгууль хүртэл жил гаруйн хугацаанд монголчууд том, жижиг хоёр Энхболдын гаргах шийдвэр, улс төрийн тавцанд хийх алхам, амнаасаа унагах үг бүхнийг анхааралтай ажин цэнэх болно.
Өөрөөр хэлбэл ирэх онд, цаашилбал ирэх он жилүүдэд ч АН, МАН гэдэг улс төрийн гол хоёр намын шийдвэр, үйл ажиллагаагнаас Монгол Улсын хөгжил дэвшил, уналт бууралт шалтгаална. Хоёр Энхболдын хоршил хэр нийцтэй байхаас улс орны ирээдүй хамаарна ч гэсэн болно.
АН, МАН хоёр цаашид Монгол Улсын хөгжлийг түүчээлж авч явах улс төрийн гол хүчнүүд гэдэг нь өнгөрсөн 25 жилийн туршлагаас тодорхой харагдаж буй. Энэ хоёр намтай өрсөлдөх гурав дахь хүчин гарч иртлээ хол. Эдүгээгийн парламентад байгаа гурав дахь хүчин л гэхэд дээрх хоёр намаас тасарсан, салж тусгаарласан, гомдож тунирхсан, өширч занасан улс төрчдийн түр зуурын бөөгнөрөл төдий.
Ийм нөхцөлд АН, МАН хоёр улс эх орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар болж гэрээ байгууллаа. Хамтарч Засгийн газар байгууллаа. Одоо хийх бүтээх, хэлсэндээ хүрэх л үлдэж байна. Ингэж хэлэхийн учир нь АН-ын хувьд анх удаа ийм гэрээ байгуулж байгаа юм биш. Ердөө 50-хан хоногийн өмнө МАХН-тай бас ийм гэрээ байгуулсан нь дуулиан тарьж байсан билээ. Бүр цаашилбал АН-ынхан 2012 оны сонгуулийн дараа Засгийн газраа хамтарч байгуулахдаа МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл б олон ИЗНН-тай хамтран ажиллах гэрээ мөн байгуулж байсан юм.
Аравдугаар сарын 18-нд АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл энэ гэрээг АН-ын олон гишүүд, зарим томоохон лидерүүд нь эрс эсэргүүцэж, намын даргаа хатуу шүүмжилсэн. Улмаар ҮЗХ-гоороо энэ гэрээг хэлэлцэн хүчингүй болгосон билээ.
Гэтэл сар гаруйхны дараа АН-ын шинэ дарга З.Энхболд МАН-ын даргатай хамтран ажиллах гэрээнд баяр ёслолын байдалтайгаар гарын үсэг зурлаа. МАХН-тай байгуулсан гэрээнд өмнөх дарга Н.Алтанхуяг гарын үсэг зурсан учир тэр нь АН-ын өнөөгийн дарга З.Энхболдод огт хамаагүй гэж хэлж болохгүй. Улс төрийн намд бодлого, үйл ажиллагааны залгамж халаа гэж байх ёстой. Тиймээс АН-ын удирдлагууд сар гаруйн өмнө МАХН-ын удирдлагатай ямар түвшинд хэлэлцээ хийж, ямар хүрээнд хамтран ажиллахаар ойлголцож гэрээ байгуулсан бэ. Сая МАН-тай мөн ямар түвшинд хамтран ажиллахаар гэрээ байгуулав гэдгээ З.Энхболд дарга тайлбарлах байх.
Түүнээс биш улс төрийн нам гэдэг нэг эрээс салаад нөгөө эр рүү савсаганаж гүйдэг аальгүй хөнгөмсөг хүүхэн шиг байж болохгүй. Ул суурьтай бодлого, уламжлал шинэчлэлтэй байх ёстой.
Ямар ч л байсан Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарыг үзэглэсэн гэрээнд бол АН, МАХН хоёр засагт хамрахаас гадна ирэх 10 жилд сонгуульд хүртэл хамтран орж, бие биенээ дэмжих тухай заалт байсан нь олон хүний эгдүүг хүргэсэн билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.