Хүүхдүүд нь аюулгүй, хороо нь хоггүй орчныг л хот гэж хэлнэ дээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 07

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр гэдэг нэр алдрыг спорт сонирхогч, тэр дундаа чөлөөт бөхийн хорхойтнууд андахгүй мэднэ. Харин одоо хоёулаа Баянзүрх дүүргийн сонгогчдыг төлөөлөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Б.Батбаярыг уншигчдад танилцуулах хэрэгтэй болж байна.


- Баянзүрх дүүргийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.  Би Улаанбаатар хотод төрж, Туулын усаар угаагдан өсөж өндийсөн хүмүүсийн нэг юм. Намайг бага байхад манайх Арслантай гүүрний баруун урд Ойн-3 дугаар гудамжинд байдаг байлаа. Тэр үед Улаанбаатар хот маань 500 мянган хүн амтай цомхон хот байсан бол өнөөдөр оршин суугчийнхаа тооноос авхуулаад газар нутаг, байшин барилга, бас хөгжлөөрөө тэр үеэс хэд дахин өсөж томорчээ. Энэ хэрээр бидний асуудлууд ч бас олширсон байна. Хот бол бидний гэр оронтой адил аюулгүй, тав тухтай орчин байх ёстой. Бид гэр орноо өдөр бүр эмхэлж цэгцэлж, арчилж тордож, бас өрхийн гишүүн бүр өөр, өөрийн үүрэг, хариуцлагыг хүлээж, хөдөлмөр хүчээ зарж байж цэвэр цэмцгэр, аятай тухтай амьдардаг шүү дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод маань хүний тав тухыг бүрдүүлсэн орчин төв хэсэгтээ л төвлөрч байна. Зүй нь хотын захын хороодод ч бас хөгжил цэцэглэл, хүний тав тух, ажлын байр, амьдралын орчин хотын төвийнхөөс ялгагдахгүй хүндээ жигд хүрэлцэх ёстой. Харин өнөөдөр хараахан тийм байж чадахгүй байгаа учраас үүнд санаа зовниж явдаг иргэнийхээ хувьд гараа хумхиад суухыг хүссэнгүй. Ажил хийгээч ээ гэж шаардаад шүүмжлээд суух биш ажил хийлцэж, ачаа үүрэлцье гэж шийдсэн маань энэ юм.


Таны бага насны дурсамжинд үлдсэн Улаанбаатар хот, өнөөдрийн Улаанбаатар хот хоёрын хамгийн том ялгаа юу вэ?


- Биднийг бага байхад аав, ээжүүд ажилдаа явахдаа ардаа айдасгүй байдаг байлаа. Хүүхдүүдээ хаана юу хийж яваа бол, яаж байгаа бол гэж санаа зовох юм нь бага байж. Хот тийм л аюулгүй, амар тайван байсан бол өнөөдөр эцэг эхчүүд хүүхдүүдээ гараас нь хөтөлж л явахгүй бол аюул осол алхам тутамд отож байх болжээ. Миний багад гэрийнхээ ажлыг, хичээл даалгавраа хийчихээд л хүүхдүүд ихэнх цагаа гадаа тоглож өнждөг байсан санагддаг. Өнөөдөр хүүхдүүдэд гараад тоглох орчин нөхцөл хомс, найз нөхөд ч цөөн болсон байна. Хөрш айлын хүүхдүүд бараг нэгнийгээ танихгүй, хамтдаа тоглохын оронд хашаан завсраар биенээ хараад зогсож байдаг болсон. Бид хүүхдүүдийнхээ амрах, аз жаргал амсах орчныг, тоглож наадах зай талбай, цаг хугацааг хэтэрхий их хулгайлж, хумсалж амьдраад байх шиг санагддаг. Яг л том хүмүүс шиг ачаалалтай ажиллаж амьдрахыг, энэ их замбараагүй орчинд өөрийгөө аюулгүй аваад явахыг тэднээс шаардаж байгаа шүү дээ. Үнэндээ хот гэдэг айлд хүүхдүүд нь аюулгүй, хороо нь хоггүй байж л тав тух бүрдэнэ. Одоо хөгжлийг хүн рүүгээ, хүүхэд рүүгээ чиглүүлэхийг зорих цаг нь болсон.


Хот гэдэг бол ажлын байр олддог, наймаа хийлээ гэхэд борлуулалт сайтай, нийгэм, соёлын үйлчилгээндээ ойрхон, хамгийн гол нь тав тухтай орчин байх ёстой. Үүний төлөө л хүмүүс хотыг зорьж ирдэг шүү дээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бодлого, үйл ажиллагаа ч үүнд чиглэдэг. Та хамгийн түрүүнд ажлаа юунаас эхэлнэ гэж бодож байна вэ?


- Баянзүрх дүүрэгт хүүхэд багачууд, залуусын спорт, соёл, амралтын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн зэрэг хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийхээр МАН-аас төлөвлөж байгаа. Тухайлбал, Амгаланд Сүхбаатар жанжны нэрэмжит “Хүүхэд, залуучуудын соёл, амралтын цогцолбор”, “Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн”, “Соёл, спортын цогцолбор, Улиастайн голын эрэг дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Баянзүрх дүүргийн хувьд ганцхан Соёлын ордонтой. Спортын цогцолбор хараахан байхгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, эмнэлгийн үйлчилгээ гээд хүүхдүүдэд дутагдалтай олон зүйл бий. Тэдний чөлөөт цаг хаана өнгөрүүлэх вэ гэдгийг төлөвлөж тооцоолоогүй явдал. Томчууд өөрсдийнхөө тав тухыг бол хангаад л ирсэн. Үнэтэй тансаг хоолны газрууд, дуулж хуурддаг караоке, өндөр зэрэглэлийн оффисын барилгууд гээд л томчуудад ажлаа, амин хувийн асуудлуудаа ярилцаж хөөрөлдөх, алжаал ядаргаагаа тайлах орчин хангалттай бий. Тэгвэл хүүхдүүдэд ч тийм хэрэгцээ байдаг. Хөгжих, төлөвших, амрах тоглох, найз нөхөдтэй болох орчин даанч тааруу. Сургууль, цэцэрлэггүй хороод ч Баянзүрх дүүрэгт бий. Сургуулиуд анги танхимын хүрэлцээгүйгээс болоод нэг ээлжээс нөгөө ээлжийн хооронд хүүхдүүдээ хөөх нь холгүй гаргаад явуулчихдаг. Тэдэнд сургууль дээрээ дугуйлан секцэнд хамрагдах боломж алга. Гэртээ харихад нь хүнгүй, хүйтэн гэр угтах нь ч бий. Их л сайндаа зурагт, гар утас л хань болдог. Гэтэл тэр дэлгэц нь тэднийг хааш нь юунд хөтөлж байгааг ч бид мэдэхгүй сууж байгаа.
Бидний өнөөдрийн гаргасан алдаа бүхний гол хохирогч нь ирээдүй буюу хүүхдүүд болчихоод байгаа учраас үүнд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Хууль гаргаад ч хүүхдийг хүчирхийллээс хамгаалж чадахгүй байна. Мөн тэдгээр олон алдааны нэг нь тэгш бус байдал. Бид хэтэрхий тэгш бус, хэт ялгаатай нийгмийг байгуулж явж ирлээ. Саяхан л хот, хөдөөгийн ялгааг арилгах тухай ярьдаг байсан бол одоо бүр хот дотроо төвийн, захын ялгааг ярихаас аргагүй болчихсон байна. Хот дотроо л гэхэд хүрээлэн буй орчин, соёл, амьжиргааны түвшин, тэр бүү хэл төрөөс авч байгаа үйлчилгээ нь хүртэл харилцан адилгүй байна. Яагаад энэ бүхэн ижил тэгш байж болдоггүй юм бэ. Захын дүүрэг, хороодын иргэдэд хотын төвд байгаа тав тух, нийгэм, соёлын үйлчилгээ, орлого, ажлын байрыг дүүрэгт нь бий болгохыг бид зорьж ажиллана.  Ер нь ирээдүй цаг дээр ярьж төлөвлөж, зорьж зориглож байгаа бүхнээ “хэний төлөө үүнийг хийж байгаа юм бэ” гэж бодоод үзээрэй. Ганцхан л хариулт гардаг нь үр хүүхэд юм.


- Та нийгмийн тэгш бус байдал, орлогын болон амьдралын чанарын ялгаа ихэссэн талаар ярьж байна. Энэ ялгаа зөрүүг багасгахын тулд хэрхэх ёстой вэ. Та бүхэнд ямар шийдэл байгаа юм бол?  


- Хүмүүсийг ядуурал руу л түлхэж болохгүй. Ядуурлын гол уршиг нь юу гэхээр нэгэнт ядууралд орсон хүн ажиллах, суралцах чадвараа эргэж сэргэхгүйгээр алддаг явдал. Өнөөдөр олон эх сурвалжийн судалгаагаар манай хүн амын 1/3 нь ядууд тооцогдож байна. Тиймээс иргэдээ бид аль болох ажилтай байлгах хэрэгтэй. Дүүрэгт ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдийг урамшуулан дэмжинэ. Баянзүрх дүүрэгт үйлдвэр, үйлдвэрлэл хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бий. Нийслэлийнхнийг эрт ургацын ногоо, нарийн ногоогоор хангах зорилгоор нийслэлийн анхны хүлэмжийн аж ахуй манай дүүрэгт Амгалангийн сангийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байсан. Сангийн аж ахуй, хөдөө аж ахуй гэхээр заавал хөдөөд байх албагүй. Хаана зах зээл, хүн ам олноор төвлөрсөн байна тэнд аль болох ойрхон газарт үйлдвэрлэлээ байгуулах нь тээвэрлэлтийн зардлыг бууруулдаг. Хотдоо ногоогоо тариалаад хотынхондоо нийлүүлбэл хэн хэндээ хэмнэлттэй, ашигтай гэсэн үг. Ямар ч ажил үйлдвэрлэл явуулахад санхүүжилт, хөрөнгө мөнгө шаардлагатай. Бизнесийн мянга сайхан санаа байгаад санхүүжилтгүйгээр юу ч хийж чадахгүй. Санхүүжилтын механизм буюу иргэд хөрөнгөө хамтарч хоршоо, нөхөрлөл байгуулах, түүнээсээ зээл авдаг байх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь зах зээлтэй холбох, өртгөө бууруулахын тулд хамтардаг байх тогтолцоог дэмжинэ.


- Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байна. Тэр тусмаа өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж болно гэж байгаа ч энэ нь амьдрал залгуулах хэмжээнд ашигтай байж чадахгүй улирлын шинжтэй л байна шүү дээ.


- Уг нь дотоодын үйлдвэр, компаниуд маань тогтмол өсөлттэй, улам бүр томорч байвал сайн. Тэр хэрээрээ олон хүнд ажлын байр бий болгож, амьдралын баталгаа, цалин өгнө.  МАН-аас хөдөлмөр эрхлэлтийг үндэсний үйлдвэрлэлтэй холбох бодлогыг дэвшүүлж байна.  Юун түрүүнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих механизм нь хот доторх худалдааны сүлжээ юм.  “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хотын худалдааны сүлжээг бий болгон, ажлын байрны шингээлт ихтэй эдийн засгийн салбарыг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ” гэж мөрийн хөтөлбөрт тусгасан. Та бид бүгд анзаарч байгаа. Булангийн жижиг мухлаг, дэлгүүр, үйлчилгээ байсан газруудыг түрж гаргаад оронд нь ганцхан жилийн дотор гадаадын сүлжээ дэлгүүрийн 100 гаруй салбар нээгдчихсэн байгаа. Барааны дийлэнх нь импортын бараа. Ийм нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчид импорттой өрсөлдөх боломжгүй. Дахиад нэг жишээ хэлэхэд Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны нэр бүхий том сүлжээ дэлгүүрийн барааны 90 хувь нь дотоодын бүтээгдэхүүнтэй өрсөлддөг. Барааныхаа ердөө 10 хувьд дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авдаг. Үнэндээ бол бидний нөөц 90 хувь байна аа гэсэн үг. Импортын барааны 90 хувьтай өрсөлдөхүйц дотоодын бүтээгдэхүүнээ борлуулдаг сүлжээний  дэлгүүрүүд байгуулах бололцоогоо бид импортын сүлжээнд найр тавьж өгчихөөд байгаад би шүүмжлэлтэй ханддаг.
Үндэсний үйлдвэрлэгчид түүхий эдээ дотоодоосоо хангах бололцоотой. Дотоодын нэг томоохон хүнсний үйлдвэрлэгч компани гэхэд зайрмагтаа хольдог зэрлэг нэрсээ Хэнтийгээс, чацарганаа Завханаас авдаг. Тэр зэрлэг нэрсийг хүмүүс түүж бэлтгэж цалин авч байгаа. Дараагийн ээлжинд Хэнтийгээс татаж авч байгаа нэрсийг Баянзүрхийн өрхүүд хашаандаа тариалдаг болж болно. Завханаас авч байгаа чацарганыг мөн л манай Амгалан, Улиастай, Гачууртын айлууд хашаандаа тарьдаг болно. Компаниудад ч ашигтай, түүхий эдээ холоос татах зардлаа хэмнэнэ. Хотод шилжин ирж суурьшсан олон айл өрх үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийг бэлтгэгчид болох бололцоо харагдаж байгаа. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад Баянзүрх дүүрэг маш боломжтой.


Хүнсний ногоо, бүтээгдэхүүн тариаллаа гэхэд нэг хүндрэлтэй зүйл нь хадгалалт байдаг. Хадгалах агуулах зоорьгүйгээс болоод намартаа бүгдийг нь хямдхан зарчихдаг. Хавар, зуны турш урсгасан ажил хөдөлмөртэйгээ харьцуулахад хямдхан өгчихдөг.


- Яг үнэн. Намар төмсний үнэ хэд байдаг билээ, хавар хэд хүрдэг билээ. Яг энэ зөрүүг тариалагчид алдаж байна гэсэн үг. Тэгэхээр нийслэлээс хадгалалт, борлуулалтын цогцолборыг байгуулж, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихээр МАН мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Мөн төр, захиргааны байгууллагууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн үйлчилгээний болон хот нийтийн аж ахуйн ажилд ажилгүй, бага орлоготой, ядуурлын түвшнээс доогуур хэрэглээтэй өрхийн гишүүдийг хамруулах ажлыг бодлогоор хэрэгжүүлэх ёстой юм. Түүнээс бүх зүйлийг зах зээл өөрөө шийднэ гээд хаяж болохгүйг өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо харууллаа шүү дээ. 

Ярилцсан: З.Боргилмаа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.