Шилэн дансны тухай хууль хэрэгжихэд бэлэн үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 15

Зам тээврийн бүтээн байгуулалтын сал­барт үйл ажиллагаа явуулдаг компанид нэ­гэн танил маань ажиллах болсон юм. “Ма­димос групп” гэх компани юм билээ.

Тус компанитай байгуулсан гэрээний дагуу сардаа хоёр сая төгрөгийн цалин авах гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй, арав гаруй сая төгрөгийн төлөө шүүх цагдаа болоод явж байгаа юм байна. Учир нь тус компани цалингаа өгөхгүй байгаа шалтгаанаа Зам тээврийн яамны буруу, тэд дансанд мөнгө хийгээгүй хэмээн тайлбарладаг аж.

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 25 км зам дээр бүтээн байгуулалтын ажил хийсэн ч өмнөх сайд явчихсан учраас мөнгийг маань өгөхгүй байна хэмээн 10 гаруй жолоочид шалтаг тоочин дөрөв, таван сар “бултжээ”. Харин Зам тээврийн яам тухайн компанийн мөнгийг шилжүүлсэн эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй. Байгууллагын санхүүгийн нууц гэх утга бүхий тайлбар өгнө. Энэ нь ч тэдний буруу биш. Хуулиар тухайн байгууллагын данс тооцоо ил байх ёсгүй учраас мэдээлэл өгөхгүй байх нь аргагүй.

Яг ийм асуудалтай тулгарсан миний танил шиг хүмүүс маш олон бий. Төрийн байгууллага төсөвлөсөн мөнгөө юунд зарцуулсан, хэнийх нь буруугаас цалингаа авч чадахгүй байгаа вэ гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс олон бий. Эндээс болж шүүх цагдаа болдог, төсөв санхүүгийн асуудлаар хардаж сэрддэг, АТГ-т дуудагдаж байцаагддаг асуудал хар мянга байгаа нь үнэн. Тэгвэл энэ бүх асуудал 2015 он гараад л дуусгавар болох нь.

Ард түмний толгойн өвчин болчихсон, албан тушаалтны идсэн ууснаа халхалдаг байдлыг Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Шилэн дансны тухай хуулиар арилгаж, энэ бүх завхрал дуусгавар болгох учиртай. Ингэснээр бүх яам агентлагийн дарга, цэрэг зарцуулсан мянган төгрөгөө ч тайлагнадаг, түүнийгээ ард түмэнд ил тодоор хэлдэг болно гэсэн үг. Нэг нэгэн рүүгээ бурууг чихэж хуулийн хариуцлагаас мултардаг байдал ч алга болох учиртай. Тиймээс миний танилаас эхлээд энэхүү хуулийг хүлээсэн, хэрэгжиж эхлээсэй гэж хүссэн хүмүүс маш олон байна.

Уг нь Шилэн данстай, дансгүй Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу байгууллага бүр сардаа өөрсдийн цахим хуудсанд тайлан тооцооны мэдээллээ байршуулж, мөнгөө ард түмэнд тайлагнах учиртай байсан. Харамсалтай нь энэ журмыг хэрэгжүүлдэг газар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас өөр байгаагүй гэнэ лээ. Тиймээс Ерөнхийлөгч журмаа хууль болгон батлуулж чадлаа. Эхэндээ эрх мэдлийг нь хаах, идэх уухыг нь багасгах хуулийн төсөл дээр сайдуудаас эхлээд гишүүд дургүй байсныг нуугаад яахав.

Нэр нь утгагүй юм гэх зэргээр ялих шалихгүй шалтгаанаар хойшлуулж байсан ч батлуулж чадсан. Ингэснээр уг нь хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө хэрэгжих байсан ч бэлтгэл ажил хийх хугацаа хэрэгтэй гэх мэт шалтгаанаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм. Шилэн данстай болчихвол шоронд явах, цалингаа тавьж чадахгүй бие бие рүүгээ буруугаа чихэх асуудал алга болно.

Тэр хэрээрээ нийгэм эрүүлжиж, төсвийн үргүй зардал багасна. Алдагдалтай баталчихсан төсвөөрөө албан байгууллагаа тохижуулж, тансаглаж байна уу гэдгийг ил тод хянадаг болчихно. Зам барилгын мөнгийг нь шилжүүлчихсэн байхад замаас нь идэж уугаад байна уу гэдгийг хянадаг болчихно гэсэн үг. Тиймээс “Мадимос” мэтийн хумсаа нуусан муурнуудад багтах зай үлдэхгүй нь ээ. 16 хоногийн дараа тэд үнэнд гүйцэгдэж, шүүхтэй шүүхгүй авсан идсэн нь ил тод болох нь.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх