Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 21
2012 оны нэгдүгээр сарын байдлаар 121 600 байсан төрийн албан хаагчид 2014 оны эхний улирлын байдлаар 167 800 болж 46 200 төрийн албан хаагчаар, 26 900 байсан төрийн өмчид компанид ажиллагсад 49 600 болж 22 700 ажиллагсдаар, нийтдээ 68 900 төрийн албан хаагчдаар өссөн байна.
Нийт төсвийн 60 хувь нь төрийн зардал, санхүүжилтэнд зарцуулагдаж байгаа. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэх нь зүйтэй гэж энэ сарын 16-ны өдөр шийдсэн билээ.
Тэгвэл ингэж цөөлөхтэй холбоотой хэдэн тэрслүү санал байгааг дурьдмаар байна. Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар цөөлнө гэж байгаа. Үнэхээр цомхотгох гээд байгаа юм бол шударга байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийг цөөлөхдөө эхлээд сайд нараа 15%, дараа нь дэд сайдуудаа15%, яамдын газрын дарга нараа 15% гэх мэтчилэн дэс дараалалтай, улмаар мэргэжилтнүүдийн 15 хувийг чөлөөлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1-2 хүний цалинг аваад сууж байдаг хурган дарга нар орон тооны цомхтголд орохгүй, ажлын хүндийг хийдэг хэсэг нөхдүүд хэлмэгдээд өнгөрдөг нь нууц биш. Тэгэхээр шударга байх үүднээс дээрээс нь доошоо 15 хувьдах хэрэгтэй.
Ядаж л дэд сайдыг хоёроор цөөлбөл тэдний албан өрөө, унаа, гар утас, цалин, тансаглал зэргийг хэмнэхэд жилдээ хэдэн зуун сая болно. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд Ерөнхий сайд зөвлөхүүдээ орон тооны бус болгож, тэдний хангамжийг багасгах хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхий сайдын нэг зөвлөх нь өрөө гаргуулж, туслах, жолоочтой бөгөөд хангамж, цалин нь УИХ-ын гишүүдээс нэг их ялгаагүй байдаг. Хэрвээ Ерөнхий сайд цомхтголыг өөрөөсөө эхлүүлбэл жинхэнэ шийдэл болох сайн талтай.
Үнэхээр л төрийн албан хаагчдыг 15 хувиар багасгах боломжгүй болчихвол “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн доор хэдэн компанийг мөнгөөр угжихаа зогсоох хэрэгтэй. Улмаар хөтөлбөрийг зогсоож хэмнэсэн мөнгөөрөө төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж, энэ жилдээ нэмэхээ болчих хэрэгтэй. Эдийн засаг хямарсан энэ үед магадгүй энэ нь зөв шийдэл байхыг үгүйсгэхгүй.
Төрийн албан хаагчдын тоо ихэссэн гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ ажилд орсон хүмүүс ямар буруутай гэж? Ихэнх нь ардаа амьдралтай, дийлэнх нь банканд өртэй, амьдралаа авч явах гээд лизингтэй л байгаа. Тэднийг ажлаас нь чөлөөлбөл ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно.
Мөн 15 хувийн цомхотголд орсон хүмүүс ажилгүйдлийн тэтгэмж, гэнэт халагдсны мөнгө гээд хэмнэснээсээ эс юм болох ирээдүй байгаа юм. Тэгэхээр эхний ээлжинд жирийн албан хаагчдаа бус хурган дарга, орлогч, зөвлөх нарыг цөөлсөн нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгаа юм.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.