Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 21
・ 4
Засаг барьж байсан зарим хүмүүсийн зэс цухуйж эхэллээ. Тэд эрх мэдлээ ашиглаж асар олон тэрбумын тендерт ялалт байгуулж байсан мэдээлэл дуулиан дэгдээж байна. Дуулианы эзэн нь “Шударга ёсны 5 хувьсгал хийнэ” хэмээн тунхаглаж гарч ирсэн Ч.Улаан болоод байгаа нь харамсалтай. Хэрэв Ч.Улаан яригдаад байгаа асуудалд холбоотой болох нь хуулийн байгууллагаар тогтоогдвол шударга ёс ярьсан бүхэнд ард түмэн итгэх хэрэггүйг харуулна.
Одоогоос хоёр жилийн өмнө Н.Энхбаярын нэрээр “Шударга ёс” эвслийнхэн “Шударга ёсны 5 хувьсгал хийнэ” гэж ард түмэнд таалагдсан. Энэ ярианыхаа үр дүнд Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, Н.Удвал Эрүүл мэндийн сайд болсон юм. Гэтэл энэ эрхмүүд авлигалын асар том сүлжээ татсан байх магадлалтай гэж хэвлэлүүд шуугиад эхэллээ.
Учир нь Ч.Улаан сайдын залуу эхнэр Оросоогийн Цэенбадам гэгчийн оролцоотой гэгдэх “Сүвэн-Уул” ХХK 12 тендерт ялалт байгуулсан байдаг аж. Энэ талаар Худалдан авах ажиллагааны газрын ХҮХ-ийн дарга Ц.Минжинхүү “Сүвэн-Уул ХХK нийтдээ манайхаас зарласан 30 гаруй удаа тендерт оролцсон аж ахуйн нэгж. Тэгээд 12 тендерт нь шалгарсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. “Сүвэн-Уул” нэртэй уул аль аймагт байдгийг хөөгөөд үзэхэд асуудлыг учиг тайлагдах нэг гогцоо болно. “Сүвэн-Уул” ХХK ЭМЯ-наас зарласан эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт дандаа ялдаг байж. Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал ажиллаж байх үед. Тендер зарладаг Худалдан авах ажиллагааны газар Шадар сайд Д.Тэрбишдагвын шууд удирдлагад байсан. Дарга нь Энхжаргал гэгч этгээд бий. Энхжаргал гэгч нь МАН-ын УИХ-ын гишүүдийн хүссэн тоо баримтыг хэзээ ч гаргаж өгч байгаагүй. Байнга бултдаг нэгэн байсан гэсэн яриа бий. Бодвол асуудалтай болоод УИХ-ын гишүүдээс тоо баримт нуудаг байсан байх л даа. Насаараа дарга хийхгүй учраас одоо түүний нуусан зүйл захаасаа илэрч байх шиг. Мэдээж тэр буруутай бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээнэ. Эдгээр баримтаас үзвэл Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал гэсэн “шударга ёсны 5 хувьсгал” хийгчидийн холбоос үүсч байгаа юм.
“Сүвэн-Уул” ХХK-ийн оролцож ялсан 12 тендерийн хамгийн бага нь л гэхэд 2 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан гэгдэх. Тэгэхээр ямархуу хэмжээний мөнгөтэй тендер болохыг ойлгож болно.
Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн жил ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүд одоо болтол мөнгөө Сангийн яамнаас авч чадахгүй байгаа. Сангийн яамнаас ч гэж дээ. Улсаас гэвэл илүү зохимжтой юмуу. Шалтгаан нь улсад мөнгө байхгүй.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.