Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 12 сар 24
Төрийн данс нь хасахтай гарч, төр засаг нь ард түмнийхээ халаасыг тэмтэрсэн тун хүнд цаг үе ирчихээд байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдөрт л 10-20 төгрөгөөр нэмэгдэж байгаа ч, ажилтан, албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа юм алга. Уул уурхайгаас ашиг олж чадахаа больчихсон, ард иргэдийнхээ халаасыг хасч танахдаа хүрчихээд байгаагаа улстөрчид зарлаж эхэлсэн. Мэдээж эдийн засгийн хүнд хэцүү үед хүн бүхэн л энэ шийдвэрийг хүндэтгэж цалингаа тануулах нэг нь тануулж, элдэв төрлийн халамжаас татгалзах шийдвэрийг нь дэмжиж байгаа.
Гэтэл Засгийн газар, парламент, яам агентлаг, улс төрийн намуудад энэ хямрал нөлөөлж байгаа шинж алга байна, одоогоор. Албан тушаалын төлөөх дайн улс төрийн намууд дунд өрнөж, бүгд дарга гэх сэтэрийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа. Намын толгойд суусан цөөхөн хэдхэн гишүүд нь “дарга” гэсэн автор өөр дээрээ нааж л байвал сэтгэл нь амардаг болчихсон жишээ чамгүй олныг дурьдаж болно. Саяхан л улс орны эрх ашиг, эдийн засгийн хүндрэлийн төлөө хэмээн сүржин, сүржин томьёолол гаргаж хамтрах гэрээ зурсан МАНАН-ынхан Төрийн нарийн бичгийн даргын суудлаас болж хагаралдаж эхэлжээ.
Хууль зөрчин томилгоо хийсэн хэмээн мэдэгдэл хийж, шүүх цагдаадаа хүрч байгаа МАН-ынхан үнэн төрхөө сар ч хүрээгүй байхад харуулчихлаа. АН ч ялгарах юм алга. 10 мянган албан хаагчаар “туг тахина” хэмээн зарлаж, хасна, танана гэсэн хатуу мэдэгдэл хийх атлаа дээгүүрээ толгойгоо данхайлгаж, тархиа даахаа больж байх жишээний. Үүнд холын жишээ ч хэрэггүй. Өнгөрөгч долоо хоногт танхимын халаа сэлгээ хийсэнтэй холбогдуулан парламент дотор “даргын сунгаа” явагдав. Байнгын хорооны дарга, бүлгийн дарга болох гэсэн сонирхол бүгдэд нь төрж байсныг нуух юун.
Парламентад төлөөлж суугаа МАН-ын 26, АН-ын 35 гишүүн бүгд дарга сэтэр зүүчихсэн гээд бод доо. Зуун ямаанд жаран ухна гэгчээр бүлгийн 35-хан гишүүнд гурвын гурван дарга байхаар томилгоо хийлээ. АН, МАН-ынхан бүлгийн дарга нараас гадна тус бүртээ хоёр дэд даргатай байхаар томилгоо хийжээ. 100 хүнтэй байгууллагад ч гурван дарга байхгүй гээд хэлчихвэл хэтийдсэн болохгүй. Ард түмний итгэл сэтгэлээр тоглож, бэлэн мөнгө амлаж гарч ирсэн тэдний намтарт юуны ч хамаагүй дарга л гэдэг үг бичигдэж байвал болдог юм байх.
Бүлгийн дэд дарга бол бэлэгдлийн чанартай албан тушаал. Яг л дэд сайдтай адилхан. Бүлэг даргалж байгаа улстөрч эзгүй үед ганц нэгхэн удаа байр сууриа илэрхийлж хэвлэлд мэдээлэл хийхээс хэтэрдэггүй. Бүлгийн дарга ч ажилдаа ирэхгүй байх тохиолдол маш ховор. Тиймээс энэ ажлыг ганцхан дэд дарга л зохицуулаад явчихвал болно. Гэтэл хэнд ч хамаагүй дарга гэдэг сэтэр зүүж, доороо ганцхан хүнтэй дарга гэх албан тушаалтан төрд хэтэрхий олширчихлоо.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.