Т.Аюурсайхан: -“...Бүх ажлыг нугалж явдаг эгэл жирийн ажилтнуудаа төр мартах ёсгүй”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 07 ・ 1

ШӨХТГ-ын шинэ дарга Т.Аюурсайханы баримтладаг зарчим  нь энэ. Тэрээр өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа өөрийн үзэл бодол, баримтлаж явдаг зарчмаа ингэж ил тод хэлж байжээ.

ШӨХТГ-ын шинэ даргыг хуучин даргатай нь хүн бүхэн харьцуулж, “сайн муу” гэх тодорхойлолтыг өөр өөртөө өгч эхлээд байгаа энэ үед ШӨХТГ-ын шинэ даргаар томилогдон очсон Т.Аюурсайхан гэгч хүн хэн бэ, урьд өмнө нь хашиж ирсэн албан тушаал, олон түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа хэрхэн хандаж байсныг сонирхсон юм. 

Тэрээр Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн ба энэ мэргэжлээрээ Сөүлийн Үндэсний их сургуульд “олон улсын хамтын ажиллагааны”, Япон улсын Олон улсын их сургуульд “олон улсын хөгжлийн эдийн засаг” гэсэн сэдвүүдээр магистрын зэрэг хамгаалсан байна. 

Энэ залуу МАН-ын Шинэчлэлийн хорооноос намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд “Манай намд бодлогын шинэчлэл хэрэгтэй байна. Хүн арддаа, иргэддээ хандсан томоохон бодлого үгүйлэгдэж байна” хэмээн өөрийн улс төрийн бодлогыг тодорхойлж байв.

Түүнчлэн тэрээр: -“... манай намд зөвхөн мөнгөтэй хүмүүс орж ирж байна гэдгийн хажуугаар авлига, хээл хахуульд нэр нь холбогдсон, янз бүрээр цоллуулдаг нэг нэр, хоёр хочтой болсон ийм хүмүүс намын удирдах дээд болон дунд түвшинд нэлээд бий. Шуудхан хэлэхэд энэ хүмүүс намын нүүр царай болж байгаагаас намын нэр хүнд унаж байна. Тэднээс ангижрахгүй бол нам эрүүлжинэ, шинэчлэгдэнэ гэж байхгүй...

Нийт масс манай намыг тодорхой тооны хүмүүсээр төлөөлүүлэн хүлээж авдаг. Тэр утгаараа тэдний нэр хүнд уначихсан байгаа өнөө үед намын нэр хүнд дагаж унаад байгаа. Ийм байхад тэр хүмүүс яагаад үгээ хэлж дуугардаггүй юм. Амаа жимийчихээд ордон дотор ороод хэдэн цаас бариад суух бол нэг өөр хэрэг шүү дээ...” хэмээн намынхаа удирдлага, тэдний удирдах арга барилыг хэвлэлд өгсөн ярилцлагаараа шударга шүүмжилж байлаа.

Харин ЧД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа түүний хэвлэлд өгсөн нэг ярилцлагыг энд тэмдэглэхийг хүсэж байна. Энэ ярилцлага дүүргийн ойн баяртай холбоотой сэдвээр болжээ. Тэр: -“... Шагналыг гэхэд би өөрөөр харж шийдсэн гэж бодож байна. Аль болох энгийн ажиллагсдад хүртээхийг хүслээ. Эгэл жирийн сахиул манаач, хорооны галч, үйлчлэгч нар, гудамжинд ажилладаг талбайн цэвэрлэгч нар, цагдаагийн байгууллагаас гэхээр дэслэгчээс доош цолтой энгийн алба хаагч хүмүүсийг, тэгээд  аль болох олон жил ажилласан хүмүүсийг баярлуулья гэж бодсон. Тэр зарчмаараа ч хийж чадлаа. Тэд маань ямар их баярлаж байна вэ.

Би Засаг даргаар томилогдсоноос хойш ганц нэг хүнийг сургалт аялалаар гадагш нь явуулсан юм. Жишээ нь, дүүргийн Засаг даргын Тамгын газарт 17 жил ажилласан нэг хүнийг сургалт аялалд явуулья гэж шийдвэрлэсэн. Манай үйлчлэгч. Тэр хүн маань ганц ч удаа гадаад явж үзээгүй. Гадаад паспортоо сая анх удаагаа аваад явж байх жишээтэй. Бүх ажил нуруун дээр нь явж байдаг эгэл жирийн ажилтнуудаа төр  мартах ёсгүй. Шийдвэр маань зөв байсан гэдгийг тэдний баярласан харц, сэтгэлийнх нь догдлолоос харагдаж байна” гэж гаргасан шийдвэрээрээ бахархаж байлаа. 

ШӨХТГ-ын шинэ дарга ийм хүн. Энэ албан тушаал жирийн иргэд, хэрэглэгч олон түмэнд ямар их ач холбогдолтой, ач тустайг иргэд мэддэг, ойлгодог болсон. Тэдэнд шилдгийн шилдэг гэдэг шиг шударгын шударга, хэрэглэгч олон түмнийхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг хэний ч өмнө хамгаалж чадах тийм хүн хэрэгтэй.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 26/

    namd l hamaaraltai bol hichneen sain baigaad muu hyreend hamagdana daa Ayursaihan

    Хариулах