Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,
Эрхэмсэг хатагтай ноёд оо.
Шинэ он гараад удаагүй байна. 2015 оны ажлын анхны бүтэн долоо хоног үргэлжилж байна. Иймээс эхлээд өнгөрсөн жилийн тухай товч дүгнэе. Манай малчид нэгдэл хувьчлагдсанаас хойш мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа.
Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа. Үүнд эдийн засгийн агшилт, хөрөнгө оруулалтын бууралт нөлөөлсөн тал бий. Гэвч бид дотооддоо илүүтэй хийж бүтээж үйлдвэрлэж эхэллээ. Эдийн засгийн хямралт байдлыг сөрж, Монголдоо хийж, бүтээж үйлдвэрлэж болох юм байна гэсэн итгэл манай иргэд, бизнес эрхлэгчдэд бий болж байна. Энэ бол их сайн мэдээ. Баялгаа боловсруулалгүй гаргавал хямралд бүтэн өртдөг, хагас боловсруулаад зарвал хагас хямардаг, бүрэн боловсруулж чадвал хямралд бага өртдөг, харин өөрсдөө үйлдвэрлэж бүтээж өөрийн болон бусдын хэрэгцээг хангаж чадвал хөгжил ирдэгийг бидний явж ирсэн зам, сургамж бэлээхэн нотолж байна.
Гадаад бодлогын орчинд ч бид өнгөрсөн онд ахиц амжилттай байлаа. Хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа идэвхжиж сэргэх бодитой эхлэл тавигдлаа. Манай хоёр хөршийн төрийн тэргүүн тус бүрийн айлчлалаар тал талын харилцаанд хүлээгдэж байсан олон асуудлыг дээд түвшинд хэлэлцэж ойлголцож, бас шийдвэрлэж чадлаа. Мөн олон асуудлыг цаашид шийдвэрлэх эхлэл тавигдлаа. Айлчлалын үр дүнг баталгаажуулж хийх ажил их байгааг энд бас сануулъя.
Зөвхөн хоёр талын бус Монгол Улс, ОХУлс, БНХАУлсын төрийн тэргүүн нарын гурвалсан дээд түвшний уулзалт манай орны санаачлагаар анх удаа 2014 онд боллоо. Энэхүү өндөр дээд түвшний уулзалт цаашдаа тогтмолжино. Мөн хэлэлцэж, шийдвэрлэх асуудлын хүрээ, агуулга тодорхойлогдож гурвалсан болон талуудын хооронд яриа хэлэлцээ, уулзалтууд ид явагдаж байна. Энэ бол Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах, гурван талын зайлшгүй оролцоотой шийдвэрлэх асуудлаа тодорхойлж, ахиц дэвшилд хүрэх ховор боломж юм.
Өнгөрсөн онд хоёр хөршийнхөө төрийн тэргүүнийг эх орондоо амжилттай хүлээн авсан манай улс ирэх жил 2016 онд хоёр тивийн, тодруулж хэлбэл Ази, Европын төр засгийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтыг хүлээн авах бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн манай гуравдагч хөршүүдийн харилцаа, хамтын ажиллагаанд ахиц дэвшил арвин байлаа. Анх удаа эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хийгдэж, хоёр талын асуудлууд шийдэгдэж, зарим гэрээ, хэлэлцээрийг УИХ соёрхон баталлаа. Улс орныхоо нэрийг сайнаар гаргах эрхэм үйлсэд хичээн зүтгэсэн нийт дипломатууд, ажлын хэсэг, албаны хүмүүст энэ хүндэт индрээс талархал илэрхийлье. (Гишүүд алга ташив)
Манай иргэн бүрийн амжилт бол Монголчуудын нийтлэг ололт юм. Хүмүүс ажил амьдралдаа ахиц дэвшил гаргахын төлөө цаг нартай уралдан зүтгэсээр байна. Хамгийн гол нь хүн бүр хувь заяандаа эзэн болж ажлаа сайн хийж чадвал энэ л манай орны өөдлөн дэвжихийн суурь болж чадна. Монгол улс хөгжинө дэвжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингээд нийт иргэддээ өнгөрсөн онд олсон ололт амжилтаа улам бататгаж, дөнгөж түүхээ бичиж эхэлж байгаа шинэ 2015 ондоо хийж бүтээх үйлс нь улам өөдрөг байхыг УИХ-ын энэ хүндэт танхимаас, энд хуран чуулсан шийдвэр гаргагчдын нэрийн өмнөөс хүсэн ерөөж баяр хүргэе. (Гишүүд алга ташив)
Байгаль, цаг уур, улс төр, эдийн засаг, санхүү мөнгөний хүндрэл бэрхшээлийг сөрж “Бид чадна” гэж итгэл өвөрлөн зүтгэж бахархам амжилтад хүрсэн малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчид, нийт бүтээлч иргэддээ дахин дахин энэ танхимаас халуун баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе! (Гишүүд алга ташив)
Эрхэм гишүүд ээ,
Эвлүүлэх хэцүү, эвдрэлцэх амархан болохыг бид хангалттай үзлээ. Бүтээх бүр хэцүү, нураах зогсоох хичнээн хялбар бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа бид нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвддөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага бол Монголыг мохоох хандлага. Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.
Асуудлыг шийдсэний хариуцлага, буруу зөвийг хэзээ ч нэхэж болно. Учир нь тэр байгаа. Харин асуудлыг шийдүүлээгүйн хариуцлагыг яах вэ. Учир нь тэр боломж, цаг хугацаа алдагдсан, байхгүй болсон. Энэ тухай ярих хэрэгтэй, хариуцлага нэхэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний улс бүтээгч, хариуцлагатай улс болно. Бүтээлч, хариуцлагатай чанарыг дэмждэг нийгмийн зөв хандлага бүрдэнэ. Бид алдсан цаг хугацаанаасаа, алдсан боломжоосоо сургамж авч байна гэсэн үг.
УИХ-ын ээлжит сонгууль болж, Та бүхэн тангарагаа өргөж байсан нь саяхны мэт санагдаж байна. Энэ бол цагийг бид ачаалж чадаагүй, хурдан өнгөрөөсний илрэл. Бид хичнээн олон шийдвэрээсээ эргэж буцав! Хичнээн их бүтээн байгуулалт, боломжийг алдаваа! Цаг хугацаа бол манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал хөрөнгө оруулалт. Алдсан цагийн хором бүр гадаадын мөнгөн тэмдэгтийн тооноос ч үнэтэй бидэнд тусаж байна. Энэ бүхний төлбөрийг манай иргэд дордсон амьдралаараа, мөнгөө алдаж, ажлаа алдаж, хөрөнгөө үнэгүйдүүлж, хүүхэд эхнэрээ нөмгөн гүйлгэж, нийтээрээ бухимдаж, алдаж төлж байна. Үүнээс том сургамж яаж байх билээ! Улс орлого нь нэмэгдсэн үед төсвөө бүү тэлж бай. Таатай боломж ховор олддог. Бас түр зуурынх байдаг. Эдийн засаг бол сонгуулийн амлалтаар, хоосон уриа, цээжээ дэлдэлтээр биш мөнгөөр, бодит хохирол, төлбөрөөр хэмжигддэг. Энэ бол том сануулга, том сургамж. Бид алдаагаа давтахгүй байх ёстой. Бид давтахгүй биш, хууль тогтоомжоор, үйл ажлаараа засах ёстой.
Бид хувь улс төрчийн болон бүлэглэлийн тоглолт, балмад үйл ажиллагааг амжилт, ололт гэж андуурч болохгүй. Харин мөнгөөр төлбөр нь үнэлэгдэж байгаа бүхнийг Монголын хохирол гэж тооцох ёстой. Манай зовлонгийн ихэнх нь дотроосоо үүсэлтэй байгаа. Бид аль нэг улстай хүйтэн дайн хийгээгүй. Харин бидний үүсгэсэн дотоодын хүйтэн дайн өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа. Хохиролыг хэн яаж тооцох дээр их, бага гэж маргаж магадгүй. Манай улсын эдийн засгийн албан ёсны мэдээнд тулгуурлаад харахад ийм л харагдаж байна. Алдагдсан боломж, цаг хугацаа, үнэгүйдсэн хөрөнгө, хохирсон иргэд, зугатсан хөрөнгийг харахад дээрхи тоог би ханатай гэж бодож байгаа. Улсаа, Монголоо хохироож болохгүй. Ийм зүйлд хязгаар хэмжээ байх ёстой. Энэ бол бидний авах ёстой сургамж.
Монголчууд бидэнд, Та бидний түүх гарцаагүй нэг үнэн сургамж үлдээсэн. Үүнийг бид бүгд мэднэ. Бид эвдрэлцсэн үедээ уруудаж доройтож байсан. Харин бид эвэлсэн үедээ сэргэж урагшилж байсан. Бид их гүрнээс буурай улс болтлоо бууж үзсэн. Өнөөгийн бидэнд түүх, цаг хугацаа маань бүтээх, шийдэх дээр нэгдэхээс өөр сонголтыг үлдээсэнгүй. Та бидний амьдарч буй орчин эмзэг, байршил өвөрмөц, тоо цөөн байна. Үүнийг би хэлэхгүй юм бол хэн хэлэх юм бэ! Үүнийг та бид хоорондоо хэлэлцэж ярилцахгүй юм бол хэн бидний өмнөөс хэлэлцэж, шийдвэрлэх юм бэ!
Улсын Их Хурлын гишүүд бол Монголын их ард түмнийг төлөөлсөн бага ард түмэн. Та бүхний гаргаж байгаа шийдвэрээр Монголыг төсөөлдөг. Их Хурал, Засгийн газрын гишүүний хэлж буй үг, хийж буй үйлдлээр дамжуулж манай улсыг хүмүүс тольддог. Улсаа төлөөлж шийдвэр гаргах эрх бол чухал эрх. Тэр тусмаа манай Үндсэн хуулиар хууль тогтоох эрх бол зөвхөн Улсын Их Хуралд л байдаг ганцхан хувь эрх. Монголын хувь заяаг шийдэлцэх эрх бол ховор эрх. Монголд ийм эрхтэй хүн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчөө нэмээд зуу хүрэхгүй. Ийм эрхтэй төрийн албан хаагч бол зөвхөн улс орны дээд эрх ашигт үйлчлэх ёстой. Тэр бол ард түмний нийтлэг эрх ашиг. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг Монгол Улсын хөгжиж дэвжих эрх ашиг гэж хардаг. Бидний бүх үйлдэл, үйл ажиллагаа Монголын хөгжил дэвшлийг урагшлуулахад чиглэх ёстой.
Хоёр хоногийн өмнө би манай үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж хоосон ярьдагаа зогсоо гэж байна. Тийм бодлого байгаа бол хуульчлаад өгөөч гэж байна. Юуг яаж дэмжихээ тодорхой болгооч гэцгээж байна. Улс төрчдийн ааш араншинг дагаж савж унасаар байгаад сэнсэрч дууслаа гэж ярьж байна. Бүтээгчдэд, хувийн хэвшилд хандах хандлагаа төр өөрчлөөч гэж тэд хэлж байна. Хувийн хэвшлийг хонь гэж хардагаа болио, төр өөрөө чоно шиг аашилдагаа болио гэж ярьцгааж байна. Манай дарга нар тууз хайчлахдаа дуртай. Харин бүтээгчдийн хаалгыг хүлсэн хүлээсээ давхар хайчилж хаяач гэж шаардаж байна. Тэд төрийн үйлчилгээг өрийн үйлчилгээ болсон, хүлээс цоож болсон гэж шүүмжилж байна. Төрийн эрх мэдэлд шургалсан бизнес хийгчид биднийг талцуулахаа зогсоогооч гэж байна. Бидэнд бусдын төр биш өөрийн төр хүндрэл учруулж байна гэж ярьж байна.
Бид цаг нартай уралддаг. Харин улс төрчидтэй цаг уралддаг байж магадгүй. Бидний алтан цаг, боломж, орлого ашгийг хүнд суртлын галаар битгий шатаагаач. Хийж бүтээх бол хэцүү. Үүн дээр төрийн хэцүүг бүү нэмээч гэцгээж байна. Татварын бодлогоо уян хатан болгооч. Тийм эрх боломжоор Засгийн газар, орон нутгийн хурлыг хангаж өгөөч. Монголдоо хийж чадаж байгаа бараа үйлчилгээг л манай төр худалдаж аваач. Шалгаруулалтаа дотоодын үйлдвэрлэгчдийн дунд л явуул. Гадны ижил төрлийн бараа үйлчилгээг тендерт оролцуулахыг хориглооч гэж байна.
Ноос, ноолуур, арьс шир боловсруулаад дотоодын үйлдвэрт өгөхөөр татвартай. Гадагш гаргахаар татваргүй болчихдог гаж тогтолцоо байна. Үүнийгээ хурдан засаач гэж байна. Яам, албан газартаа ажлаа мэддэг, бизнесийг ойлгодог дэмждэг мэргэжлийн хүн ажиллуулаач. Яам байгуулснаар асуудал шийдэхгүй. Бодлогодоо, хандлагадаа өөрчлөлт гаргаач гэж дахин дахин хэлж байна. Энэ утаа, бохирдол чинь хүний эрүүл мэндэд аюул тариад зогсохгүй, Монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна. Хурдан шийдээч гэж байна.
Төрөөс бүтээгчдээ дэмжих гэж байгаа бол бидэнтэй ирж уулзаач. Бидний хийж байгаатай, хүндрэл зовлонтой биечлэн танилцаач гэж хэлж байна. Өрийн тааз гэж худал юмаа өөрчлөөч. Өр чинь таазаа цоолчихлоо. Одоо засгийн өрийн ДНБ-д эзлэх дээд хэмжээ 40 хувь биш 53 хувь болсон. Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ гэж байна. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч. Сайд нартаа шалгуур тавиач. Ядаж салбартаа хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сайд, даргаар ажиллуулж өгөөч гэж байна.
Би зөвхөн тэдний ярианаас Та бүхний анхааралд цөөн хэдэн санааг хүргэлээ. Надтай уулзсан үйлдвэрлэгчдийн төлөөллийг би эх орончид гэж харж байгаа. Татвар төлөгчид бол өнөөгийн нөхцөлд хамгийн эх оронч хүмүүс. Тэдний татварт төлсөн мөнгийг бид ахмадууддаа тэтгэвэр болгож олгодог. Тэднээс авсан мөнгийг манай төрийнхөн багш, эмч нартаа цалин чинь энэ байна гэж дамжуулж өгдөг. Тэр мөнгөөр хил манаж байгаа цэргийнхээ хоол хүнсийг дөхүүлдэг. Цагдаагаа хувцасладаг. Тэдний мөнгөөр та бид, төрийнхөн бүгдээрээ цалинждаг. Энэ танхимын дулаан, халуун, цахилгааныг ч тэдний мөнгөөр төлж байгаа. Монголын төрийг татвар төлөгчид тэжээдэг. Энэ өдрүүдэд хэлэлцэж байгаа төсвийн тодотгол ч тэр хүмүүсийн төлсөн мөнгийг яаж хуваах тухайд л юм.
Бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л төр, төрийн байгууллага, төрийн албан тушаалтан оршихуйн ёс зүйтэй болдогийг мартаж болохгүй. Юм хийх бүтээх гэсэн иргэдээ Монголын төр хамгаалах ёстой. Явж явж үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь Монголд хожоотой. Бүтээж хийх гэсэн хүмүүсийг мохоодог тэдний аранга нь болсон, тийм аргыг ажил амьдралынхаа хэвшил болгосон этгээдүүдэд бид үгээ хэлж чаддаг байх ёстой. Монголын төр бүтээгчдээ өмөөрөхөөс ичих ёсгүй. Тэдний бүтээж бий болгох үйлсэд саад учруулдаг хүнд сурталтан, дарга, сайд гишүүн ичихгүй бол би ичихгүй. Би үйлдвэрлэгчдээ, бүтээгчдээ, юм хийж бүтээхийн төлөө яваа иргэдээ цаашид ч өмөөрнө. Тэд ч “Та биднийг дэмжээд өгөөч, цааш хэлээд өгөөч, биднийг хамгаалаач” гэж надад хэлдэг юм.
Би Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрыг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжих гэж байгуулагдсан гэж харж байгаа. Тэдний өмнө тулгамдаж ирсэн хүнд, хэцүү асуудлыг шийдвэрлэхэд туслах нь энэ Засгийн гол зорилго гэж ойлгож байгаа. Иймээс ч энэ Засгийн газар Аж үйлдвэрийн яам гэж тусад нь яам байгуулсан, хариуцсан сайд томилуулсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ яам Монголын үйлдвэрлэгчдэд тушаа болох ёсгүй. Түлхээс дэмжлэг, өмөг түшиг нь болох ёстой. Би ч үүнд хувиа нэмэрлэж үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг удахгүй гаргах болно. Монгол Улс цаашдаа үйлдвэрлэл тойрсон асуудлаар хэрэлдэж талцдаг биш харин үйлдвэрлэлийг дэмжсэн нэгдсэн бодлого, хууль, үйл ажиллагаатай болно гэдэгт итгэж байгаа. Үйлдвэржилт Монголын хөгжлийн өнгийг тодорхойлох болно. Бүгдээрээ тамын тогооноосоо гаръя. Бүтээгч үндэстэн болъё. Хариуцлагатай улс болъё. Монгол Монголоо дэмжье. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж хамтарч ажиллая гэж би та бүхэнд уриалж байна.
Эрхэм нөхөд өө,
Би жил гаруйн өмнө “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачлага дэвшүүлсэн. Манай эрхэм гишүүд, нам эвслийн бүлэг, бие даагчид ялгаагүй бүгд тэр санаачлагыг дэмжиж хэрэгжүүлэхээ илэрхийлсэн. Иргэд, олон нийт, төрийн албаныхан, бизнес, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны салбарынханаас эхлээд олон байгууллага, иргэд энэ санаачлагад нэгдсэн. Энэ санаачлагыг хэрэгжүүлэх үйл явц олон газар үргэлжилсээр байна.
Би тэр санаачлагыг өрнүүлж хэлэлцүүлж байхдаа хоёр үндсэн асуудалд олны анхаарлыг хандуулахыг хичээсэн. Нэг. Эдийн засгаа яаж өсгөх вэ? Хоёр. Төрөө яаж засах вэ? Би энэ хоёр асуудлын түлхүүрийг олсон гэж бодож байгаа. Нэг. Эдийн засгаа өөд татахын тулд эхлээд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хоёр. Төрөө засахын тулд эхлээд бид төрд хариуцлагыг авч ирэх хэрэгтэй. Шийдэл мэдээжийн, энгийн сонсогдож байгаа байх. Гэвч үйл явц амаргүй байх болно. Амаргүй ч байгаа.
Би сая үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн талаар цухас ярилаа. Энд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна. Харин би өнөөдөр төрд хамгийн чухал байгаа, гэхдээ хамгийн их дутагдаж байгаа тэр сэдвийг хөндөхийг хичээнэ. Тэр асуудлыг төр түмний анхааралд авч ирэхийн төлөө хойшид ч хатамжлан зүтгэнэ. Тэр сэдэв бол хариуцлага. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. Монгол улсад аливаа соёл иргэншилт нийгэмд байдаг бүх л юм байна. Харин нэг л зүйл үгүйлэгдэж байна. Тэр бол дахиад л хариуцлага. Монгол Улс нэр төртэй орон байя гэвэл хариуцлагатай улс болох ёстой. Бурханаа бүтээгээд шүншгийг нь хаяж болохгүй. Гэрээ бариад галаа мартаж болохгүй.
Манай ард түмэн Улсын Их Хуралд, Ерөнхийлөгчид, Засгийн газарт бүхнээ өгсөн. Манай иргэд сонгогчид өөрт нь хадгалагддаг төрийн эрх барих дээд эрх мэдлээ Та бидэнд өгсөн. Тэр хууль тогтоох, төсөв мөнгийг нь шийдэх, тэр бүү хэл баялгийг нь захиран зарцуулах эрхийг. Тэр том эрх мэдэлтнүүдийг холоос хайх хэрэггүй. Тэд бүгд энэ танхимд байна. Зарим нь хурлаа тасалсан ч сандал нь, шийдвэр гаргалцдаг товчлуур нь нэртэйгээ байна.
Төрд итгэхгүй байна. Төрд итгэх ард түмний итгэл бага байна гэж зарим шийдвэр гаргагчид гомдоллодог. Төрд гэдэг нь дам утгаар “өөрт нь” итгэхгүй байна гэж хэлж байгаа юм. Энэ үнэн. Гашуун ч үнэнийг хүлээн зөвшөөрье. Ерөнхийлөгчид итгэх хүмүүсийн итгэл муу байгаа. Их Хуралд итгэх итгэл тааруу байгаа. Засгийн газарт итгэх итгэл тийм өндөр биш байгаа. Та бидний ажил нэг иймэрхүү л байгаа.
Би та бүхэнд, өөртөө ч нэг зүйл сануулах гэж байна. Бүгдээрээ үүнийг өглөө бүр санаж явъя. “Сонгогдлоо” гэсэн үг сонсоод ард түмэндээ баярласан тэр мөчөө бүү март. Тэр шөнө дөлөөр ард түмэндээ илэрхийлж байсан баяр талархлаа, тэр сонгуулийн өдрийн маргааш өглөө босоод “түмнийхээ төлөө зүтгэнэ” гэсэн тэр андгайгаа бүү март. Сонгуулийн үеийн амлалтаа, сонгуульд ялаад хэлж ярьж байсан үгээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа өдөр бүрийн тоогоор санаж яв.
Сонгуулийн үеэр, эрхэм гишүүдээ, хаана Монгол хүн зовно, би тэнд байна гэж та бид яриагүй гэж үү! Монголд хаана хариуцлага шударга ёс дутна би тэнд байна, би түүнийг шийдүүлэхийн төлөө зүтгэнэ, ажиллана гэж Та бид амлаагүй билүү! Гэтэл албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна. Хүмүүс бүгдийг харж байгаа. Хүмүүс нэг юманд үнэн голоосоо дургуй байдаг. Итгэсэн сонгосон хүнийх нь үг үйлдэл хоёр зөрөхөд тэд үнэхээр бухимддаг.
Их Хурал хариуцлага, шийдэл шаардсан асуудлыг нэг өдрөөр хойшлуулахад Монголын хөгжил нэг алхамаар саардаг. Иргэдийн амьдралд ирэх дарамт улам нэмэгддэг. Гэр бүлээ тэжээх гэсэн хүнийг зовлон нь нойрон дунд нь сэрээж байна. Шөнөөр босгож байна. Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан айлынхан ажил таслах нь байтугай, ажил нэмж олж хийх гэж гүйлдэж байна. Хүмүүс амьдралдаа урьд өмнө байгаагүйгээр хариуцлагатай хандаж байна. Гэтэл төр яаж байна. Тэдний “эрхэм” төлөөлөл хурлаасаа хэдэн цаг хоцордогийг, ажилдаа яаж ханддагийг сонгогчид андахаа байжээ. Их Хурлын гишүүд салхинд гарч яваа амрагчид шиг байж болохгүй. Чөлөөлт цаг гарахаар хуралдаа ирдэг юм шиг зан гаргаж болохгүй. Ийм гишүүн олон биш байх. Гэхдээ “муугийн уршиг олонхид” гэж үгтэй. Энэ байдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй.
Их Хуралд хамгийн тулгамдаж байгаа асуудал гэхээр ихэнх нь “ирц” гэж хариулж байна. Гэтэл ард иргэдэд бол ажил амьдралын асуудал чухал байна. Улс оронд бол, би хэлсэн, хариуцлагын асуудал. Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм бишээ. Монголын ард түмэн баялаггүйдээ ядарч байгаа юм бишээ. Манай дарга нарт эрх мэдэл дутагдсанаас асуудал шийдэхгүй байгаа юм бишээ. Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. Хариуцлагагүй төр бол удирдлагагүй онгоцтой адилхан. Удирдлага нь ажиллахгүй онгоцоор иргэдээ тээж яваа нисгэгч гээд өөрсдийгөө төсөөлөөд үз. Одоо ухаарах цаг болсон. Одоо зогсоё. Одоо болно. Үүнээс цааш хязгаар байхгүй. Одоо хариуцлагатай улс больё. Харин энэ ажлыг толгойноосоо, дээрээсээ, төрөөсөө эхэлж хийе. Үүнийг Их Хурал хийж чадна. Би чадна. Засаг ч чадна. Манай иргэд ч чадна. Бид чадна. Хийцгээе бүгдээрээ.
Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн хяналт хүмүүсийн дунд эхэлчилхсэн байна. “Тэр байгууллага, тэр дарга хуулиар хийх ёстой ажлаа хийхгүй” байна гэсэн яриа гарч байна. Их Хурал мөнгөний зарцуулалтаа төдийгүй ирцээ шилэн болгох хэрэгтэй. Засаг төр, бүх албан тушаалтнууд шийдвэрээ шилэн болгох хэрэгтэй. Шүүхийн шийдвэр шилэн болоод удаж байгаа. Цаашдаа төрийн хяналт шалгалтыг шилэн болгоё. Хэн юу шалгав, юу илрүүлэв, үр дагавар нь юу байв гээд хянагч шалгагч, байцаагч нэг бүрийн удирдамж нь, шийтгэл сануулга нь, торгууль нь, авсан өгсөн нь, нэхсэн шаардсан нь бүгд шилэн болох ёстой. Үйлдвэрлэгчид гаалийг, татварыг шилэн болгоё. Нэмээд улс төрийн нам, сонгуулийн санхүүжилтийг шилэн болго гэж шаардаж байна.
Бүсээ дээрээсээ эхэлж чангалъя. Өрхийг оройгоос нь татдаг. Надаас эхлээд төсвөө таная. Ерөнхийлөгчийн, гишүүний, сайдын төсөв яаж тэлсэн, яаж хассан тийм хэмжээгээр бусдаас тэгэж шаардая. Би Ерөнхий сайдад хэлсэн. Наад сайд дарга нарынхаа ажлын өрөөнд хэмжээ тогтоож өг гэж. Ингэж чадвал зарим яамны ажилтнууд сайдынхаа өрөөнд багтах байх. Засаг дарга нарынхаа өрөөнд тамгын газар нь шингэчих байх шүү. Тэр сайд, дарга нарт ноогдох өрөөний зай талбайг манай урд хөршид тогтоосон шиг, дунджаар 16 м² гэж тооцвол. Энэ албан тушаал, сандал суудал тойрсон тансаглалаа эхлээд хасах хэрэгтэй. Засаг нь чадахгүй бол хурал нь хас, хурал нь чадахгүй бол засаг нь хас. Хоёулаа чадахгүй бол иргэдээр хасуул, татвар төлөгчдөөр хасуул.
Үйлчилгээг тусад нь гаргах, түрээс болгох, хувийнхнаар хийлгэх яасан бэ! Яамдыг аж ахуйн ажлаас, тендерээс, барилга барих, засах, зам тавих ажлаас чөлөөлөх яасан бэ. Улс төр, мөнгө хоёрыг салгах юу болсон бэ? Мөнгө төсөвгүй болоод хаалгаа барьсан яам, төрийн байгууллага гэж би сонсоогүй. Харин аж ахуйн нэгжүүд олон зуугаараа хаалгаа барьж, аргагүйн эрхэнд ажилчдаа олноор нь халж байна гэх яриа тасрахгүй байна. Төсөв нь дутаад цалингаа, албаны нэмэгдлээ авч чадахгүй яваа гишүүн, сайд, дарга байна гэж та бүхэн сонссон уу! Нэг бол тэр сайдын, тэр гишүүний компани дампуурлаа гэж та сонссон уу!
Бид яам, албан газар биш аж ахуйн нэгж хаалгаа барихад илүүтэй санаа зовох ёстой. Уялдаа холбоогоор авч үзвэл нэг татвар төлөгч хаалгаа баривал, нэг төрийн байгууллага хаалгаа баримаар юм. Төрийн байгууллага байгаа учраас аж ахуйн нэгж байгаа биш, харин тэдний төлсөн татвар байгаа учраас төрийн тэр нэгж оршиж байгаа юм. Тиймээс хэчнээн шахаад ч гарах шүүсгүй болсон аж ахуйн нэгжийг биш, харин хэмжээ хязгаар нь хэтэрсэн тансаглал, зардлыг нь төрөөс олж шахбал, хасбал мөнгө төсөв хэмнэгдэнэ.
Эрхэм гишүүдээ.
Төр лүү очих ардын зам хүний итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Итгэл амархан сэргэдэг зүйл. Тэр тусмаа төрдөө итгэх ардын итгэл. Төр нь төр шиг байх юм бол хүмүүсийн итгэл сэргээд л ирнэ. Төр ард түмний итгэл эргээд л бэхжинэ. Би энэ бүхнийг гурван эшээс хамаарна гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Гурван “Ш” үсгээр эхэлсэн үгнээс. Шийдвэр, шийтгэл, шүүр. Би сүүлээс нь санаагаа товч тайлбарлая. Шүүрээр би төрийн үйлчилгээг төлөөлүүлж байгаа юм. Төрийн үйлчилгээ аливаа газрын үйлчлэгчийнх шиг хөнгөн шуурхай, ойлгомжтой, иргэдийн итгэл сэтгэлд нийцтэй байх ёстой. Үйлчилгээ цоож шиг байж болохгүй. Тэр тусмаа төрийн үйлчилгээ нь мөнгөөр онгойдог цоож шиг байж болохгүй. Иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог тийм үйлчилгээнд төр мөнгө төсөвлөх хэрэггүй. Төсөвгүй учраас тийм ёс бус үйлчилгээ, алба өөрөө л алга болно.
Хоёрт нь: Шийтгэл гэдэг үгээр би хариуцлагыг төлөөлүүлж хэлж байгаа юм. Иргэдийн бухимдлын ихэнх нь мөнгөнөөс гэхээс илүүтэй шийтгэл хүлээх этгээд шийтгэлгүй яваад байгаагаас үүддэг. Гэртээ бухимдаж байгаа иргэнийг төлөөлж сонгосон гишүүн нь хурлынхаа танхимд хариуцлага алдсан этгээдэд уураа гаргаж байх учиртай. Ард түмний төлөөлөгч ард түмнийг төлөөлж албан тушаалтнаас хариуцлага асуух, шаардах, түүнийг тооцох эрхтэй. Би энэ дутагдаж байгаа харилцааг зохицуулахад чиглэсэн “Нийтийн сонсгол”-ын хууль санаачлаад Их Хуралд өргөн барьсан. Энэ хууль бол ардчиллыг ажиллуулах хууль. Учир нь ардчилалын амин сүнс бол хариуцлага. Энэ хуулиар ард түмний элч нар албан тушаалтнаас хариуцлага асуух юм. Энэ хуулиар та бүхэн төсвийн зарцуулалтыг асуух эрхтэй. Хуулийн хэрэгжилтийг асуух эрхтэй. Томилгоог ч сонсох эрхтэй. Байгалиа ч, иргэдээ ч өмөөрч өмнөөс нь хариуцлага ярих эрхтэй. Мөрдөн шалгах ч эрхтэй. Тийм арга хэрэгсэлээ гартаа, мэдэлдээ авцгаа, эрхэм гишүүдээ, хурлын төлөөлөгчидөө.
Улсын хэмжээний асуулга хариуцлагыг Улсын Их Хурал ярьдаг, аймгийн хурал нь аймагтаа, дүүрэг нийслэлийнх нь Улаанбаатартаа, сумынх нь сумандаа ярьдаг, тооцдог болно. Дуудсан, дурын албан тушаалтнаасаа, бүр тодруулбал өөрөөсөө бусад, ажил алба хариуцсан хүмүүсээр “Би зөвхөн үнэнийг хэлнэ” гэж тангараг өргүүлж байгаад хариуцлага асуух ярих эрх Та нарт байгаа. “Нийтийн сонсголын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дотор төдөн сайд, дарга, нэжгээд өндөр албан тушаалтан хариуцлага хүлээлээ, сануулга авлаа, ард түмний төлөөлөгчдөөр загнууллаа, байцаагдлаа” гэсэн мэдээ гарвал би Монгол Улс хариуцлагатай улс болж байна гэж ойлгох болно.
Хариуцлага асуух, сонсох бол Монголын төрийн уламжлал. Хариуцлагыг асуух ёстой эзэд нь асууж чаддаг, бас тооцож чаддаг байхдаа Монголын төр хүчтэй байсан. Ерөөс тийм төр нэр хүндтэй, түмэн олныхоо итгэлийг хүлээсэн байдаг. Өнөөдөр манай парламент албан тушаалтнаас тухайн цагт нь хариуцлага асууж тооцож чадахгүй байгаа учраас, тэр бүрэн эрхээ бүрэн хэрэглэхгүй байгаа учраас нэр хүнд нь унаад байгаа юм. Хүмүүс төрөөс хариуцлага, мөнгө хоёр дээр хатуу, ил тод, тайлагнаж тооцож хандахыг л хамгийн их хүсэж байна. Бидний улсын зорилго бол ардчилал, зах зээл гэсэн хоёр үгэнд байгаа юм бишээ. Монголын туйлын зорилго бол Монгол хүн эрхтэй, Монгол төр хариуцлагатай байхад оршино. Иймээс Нийтийн сонсголын хуулийг цаг алдалгүй баталж хэрэгжүүлэх боломжоор хангахыг эрхэм гишүүд Та бүхнээс би хүсэж байна.
Дараагийн миний УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа хууль Иргэний оролцооны тухай болон зарим дагалдаж гарах хуулийн төсөл юм. Иргэдийнхээ оролцоогүйгээр бид иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилтоо хангаж чадахгүй. Иргэдийнхээ эрх үүрэг, хийх ажил, оролцоог бид тодорхой хуульчлах ёстой. Монголын хүч бол манай ард түмний хүч юм. Монголын зам бол албан тушаалтанд их эрх ямба эдлүүлэхэд биш, харин иргэддээ эдлэх ёстой эрхийг нь хуульчлан эдлүүлэхэд оршино. Иргэдийнхээ оролцоо, идэвхийг дэмждэг, урамшуулдаг төр л иргэний, ардчилсан, ард түмний төр гэж нэрлүүлэх, үнэлэгдэх эрхтэй болдог. Манай орны хувьд иргэний оролцоо бол зөвхөн ардчиллын агуулгатай асуудал биш. Монгол Улсын аюулгүй, тусгаар, бүрэн эрхт байдал, сайн сайхан, хөгжил дэвшил нь эргээд иргэдийнхээ эрх оролцоогоор хангагддаг, түүнтэй салшгүй холбоотой байдгаараа онцлогтой юм. Үүнд л манай ард түмний түүхэн, шинэ сонголтын мөн чанар, ач холбогдол оршиж байгаа юм.
Манай иргэд өөрсдөө оролцвол, хүсвэл ямар ч хүндрэлийг байгаа суугаа газраа шийдэж чадна. Орон нутгийн хөгжлийн сангийн сум, баг, хороо, дүүрэгтээ ноогдсон буурай хөрөнгийг иргэд яаж хувиарлаж зарцуулж, хянаж байгааг, юу бүтээж хийж байгааг та бүхэн мэднэ. Тэр мөнгө нь цаг хугацаандаа, хуулийн дагуу бүрэн очдог бол хүмүүс бүр ихийг хийж чадна. Харин орон нутгийн хөгжлий сангийн мөнгийг одоо энэ хэлэлцэж буй төсвийн тодотголоор бүү хасаарай. Иргэн бүрт, байгаа суугаа газар нь тулгамдаж байгаа бүх асуудлыг энэ танхим руу чирэх хэрэггүй. Түүнийг шийдэх боломжийг нь, эрхийг нь, санхүүжилтийг нь иргэддээ өгчих. Хүмүүс асуудлаа өөрсдөө шийдээд л явна. Үүнийг л төрийн мэргэн бодлого гэж байгаа юм. Иргэн хүнд ололт нь, хувь нь хүртдэг бодлогыг зөв бодлого гэдэг юм. Аливаа амжилт хүндээ хүрч байж л ололт болдог.
Эрхэм гишүүдээ, ард иргэдээ!
Миний дараагийн ярих сэдэв бол төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтантай ямар тохиолдолд, яаж хариуцлага тооцох тухай асуудал юм. Манай хуулинд дарга, албан тушаалтанг яаж сонгох, томилохыг тодорхой заасан байдаг. Харин тэдэнтэй яаж хариуцлага тооцох, хариуцлага гэж яг ямар утга агуулгатай, хэм хэмжээтэй, зөрчвөл ямар үр дагавартай харилцаа болохыг тодорхойлсон бие даасан хууль тогтоомжгүй явж ирлээ. Иймээс би “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай” хуулийн төсөл санаачлаад өргөн мэдүүлэхэд бэлэн болгож байна.
Тэнгэр оройгоосоо цоорвол цэлмэдэг. Төр дээрээсээ хариуцлагатай байвал зөв болдог. Манай өндөр албан тушаалтнууд “хариуцлага” гэж чанга ярьдаг. Харин өөрсдөө түүнээс зугтаадаг. Одоо энэ ажлыг үг яриа биш үйл хэрэг болгоё. Хуулиа батлая. Хэрэгжүүлье. Асуудал гарвал улам сайжруулаад, чамбайруулаад явъя. Хариуцлагыг өөрсдөөсөө эхэлье. Албан тушаалтан нь хариуцлага хүлээдэг нийгэмд л шударга ёс тогтдог. Хуулийг дарга, сайд, гишүүн, ерөнхийлөгч, төлөөлөгч ялгаагүй бүгд ягштал биелүүлдэг байх ёстой. “Хууль яаахав” гэдэг ойлголтыг бид эхлээд энэ улс төрөөс халах ёстой. Тийм ойлголттой хүн улс төр, төрийн ямар ч албанд ойртох учиргүй.
Би энд шинэ юм яриагүй. Хариуцлага, шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх бол миний ч ард түмэндээ өгсөн амлалт, эрхэм гишүүн таны ч сонгуулийн үеэр ярьж явсан гол сэдэв. Шударга ёс бол сонгуулиар яриад орхидог сэдэв биш. Албан тушаалтай байхдаа л шударга бай. Улс төрчийн улсын шалгалт бол авилгатай тэмцэх, шударга байх, хууль хэрэгжүүлэх гэсэн гурван шалгуураас бүрддэг. Шалгалтандаа унавал ажлаа өгөх хэрэгтэй. Шударга ёс бол хүнээс өөрөөс нь эхэлдэг. Ярьсанаа хийж хэрэгжүүлэхээс эхэлдэг. Та бидний хувьд бол хариуцлагын тухай багц хуулийг баталж, тэр тогтолцоог бий болгож, ажилуулахаас эхэлнэ.
Хариуцлага, шударга ёс гэдэг нэрийг манай иргэд залхатлаа сонссон. Харин дүрийг нь харалгүй өдий хүрлээ. Одоо бид тэр “хэцүү нэрт” –ийг амилуулж ажиллуулах цаг болсон. Сонгосон хүнээ болохгүй бол буцаагаад татах сонгогчдынхоо эрхийг бид хуульчлах ёстой. Өнөөдөр Монголын сонгогч хагас эрхтэй, сонгогдсон хүн бүрэн эрхтэй, гишүүн сайд давхар эрхтэй байна. Ташуур далайхад хашин морь ч шогшдог. “Буцаагаад татна шүү” гэхэд сонгогдсон хүний чих зөөлөрдөг, нүд нь нээгддэг, сонгосон томилсон эзэнтэй гэдгээ тэр хүн мэдэрдэг, хариуцлага байгааг санадаг. Үүнээс шалтгаалаад тэр улс төрийн албан тушаалтны ажилдаа хандах хандлага өөр болдог, сайжирдаг, тэд ажлаа улам үр бүтээлтэй хийхийг хичээдэг. Үүнээс Монгол Улс, Монголын ард түмэн л хожих болно.
Хариуцлага бол өргөн ойлголт. Зөрчлийн цар хэмжээ, тоогоор хүлээх хариуцлагын түвшин, зэрэглэл, тогтдог. Манайханд хариуцлагын хоёр туйл байна. Нэг туйл нь албан тушаалтан сонгогддог, томилогддог. Тэгээд дархлагддаг. Нөгөө туйл нь албан тушаалтанг ажлаас нь буухаар орц, орон, эмнэлэг, шорон хэсүүлж хариуцлага тооцох гэж хөөцөлддөг. Энэ тогтолцооны гажгаас болж албан тушаалтнууд нэг бол эргүү болтлоо сандалтайгаа зууралддаг, нэг бол эрүү яланд очиж унадаг. Гэтэл албан тушаалын хариуцлага гэдэг бол албан тушаалтнаас өөрөөс нь эхэлдэг зүйл. Албан тушаалтан буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх бол хариуцлага мөн. Албан тушаалтныг хууль дуудсан үед яваад очих бол хариуцлага мөн. Ёс зүйн хариуцлага гэж бий. Улс төрийн хариуцлага гэж бий. Торгууль, шийтгэл, сануулга гэж бий. Энэ бүхнийг хуулиар тодорхойлж, таарсан зөрчилд нь тохирсон хариуцлагыг тухай бүрд нь тооцож байх нь л чухал. Ийм юмнаас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд тойрч зугатах хэрэггүй.
Хариуцлага гэдэг бол хүний нийгэмд л байдаг хэм хэмжээ. Хариуцлагатай хүн ёс зүйтэй байдаг. Ёс зүйтэй хүн хариуцлагатай байдаг. Ёс зүй, хариуцлага гэдэг эрх чөлөөнд байдаг ойлголт. Ардчилсан нийгэмд хэвшсэн зүйл. Нийгмийн дархлаа ёс зүйдээ байдаг. Тэр дархлаа хариуцлага хүлээж байгаа хүмүүсээс бүр их хамаардаг. Ухамсартай төрийн түшээ хүн уучлал гуйхаас, улс төрийн болон ёс зүйн хариуцлага хүлээхээс эмээдэггүй. Харин ч түүнийг хүсдэг. Учир нь түүнийг зөрчвөл дараагийн шатан дээр эрүүгийн хариуцлага түүнийг тосдог.
Албан тушаалтны халдашгүй байдал бол түүнийг хариуцлагаас чөлөөлөх хамгаалалт биш. Бүрэн эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломж юм. Хариуцлагын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг ч нарийвчлан зохицууулсан байгаа. Хариуцлага гэдэг бол гадаад орнуудын албан тушаалтанд хамаардаг ойлголт биш. Энэ бол Монголын төрийн гүн ухаан, чимэг нь, амин сүнс нь болсон ойлголт. Монголчууд дэг журам, хууль ёс, хариуцлага гэдгийг дэлхийд мэдрүүлж явсан үндэстэн. Төрийн цэвэр нандин байдал, төрийн хүний явдал суудал ямар байх ёстойг заасан Монголын хууль, түүний хэрэгжилтийг хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололт гэж дүгнэдэг юм. Төрөө цэвэр, журамтай байхыг Монголчууд гэрээ цэвэр хоггүй байхаас илүүд үздэг. “Надаас сайн нь, цэвэр нь, хариуцлагатай нь төрд байх ёстой. Би бол болоогүй” гэж өөрийгөө голдог иргэдтэй улс, бид чинь.
Япон улсад парламентын гишүүн, бас сайд хүн сонгогчдодоо дэвүүр тараагаад огцорч гэнэ гэсэн мэдээг та нар саяхан л уншсан байх. Тэнд хүн дэвүүр тараагаад огцорч байхад, манай улс төрчид гивлүүртэй юм шиг суугаад л байхуу! Хийсэн машиныг нь унах дуртай дарга нар яавал хүн огцордог, хариуцлага хүлээдэгийг нь гаднаас, тэднээс санаа авч, суралцаж болохгүй гэж үү! Бид хариуцлагыг ярих цаг болсон. “Өрхийг нь тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Улсыг нь тараая гэвэл түшмэдийг нь эрхлүүл” гэж үгтэй юм. Манай түшмэдүүд, өндөр албан тушаалтнууд дэндүү эрх, дэндүү дураараа байгаа. Энэ хуулиудыг бүр ойрын өдрүүдэд батлах хэрэгтэй байгаа юм.
Эрхэм гишүүдээ!
Манай парламентад суудал авсан намын гишүүд Засгийн газарт хамтарч ажил албан тушаал хаших болсныг хүмүүс янз бүрээр л харж байгаа. Хамтраад хэцүү тулгамдсан асуудлыг шийдэх байх гэж нэг хэсэг нь харж байгаа. Нөгөө хэсэг нь хариуцлага, ёс зүйгүй, хяналтгүй дураараа загнах нь бүр хэтрэх вий гэж болгоомжилж байгаа. Улс төрд ялах дуртай. Албан тушаалт очих дуртай. Ажлаа хийх дургуй. Ийм байж болохгүй. Хариуцлагагүй төр дотроосоо ялзардаг. Төрөө ялзарлаас сэргийлэх ажил бол Та бидний хийх ёстой хамгийн чухал ажил. Энэ ажлаа хамтдаа одоо хийцгээе.
“Мөнгө төсөв дутаж байна, зарим юмыг тэвч” гэж шийдлийн засаг хэлдэг юм байж. Харин “хариуцлагагүй байдлыг тэвч” гэж бидний хэн нь ч хэлэх эрхгүй. Монголд хариуцлага, шударг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.