Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 12
Шинэхэн Ерөнхий нарийн бичгийн дарга, хурлаараа баталгаажуулаагүй намын даргатай 2015 онтой золгосон АН-ынхан шинэ оны босгон дээр сандал суудлын төлөө “зодолдож” эхэлсэн сурагтай. Намын шинэ удирдлага нь Н.Алтанхуягийн гэх тодотголтой дарга нарыг өрөөндөө дуудаж нэг бичиг үзүүлээд л “Саналаа хэл.
Энэ суудлаасаа явах бодол байна уу. Ийм баримт байна. За тэр ч яахав, чи өөрөө ажлаа өгөх үү” гэх мэтээр шантаажилдаг гэх явган яриа ч нам дотор яригдаж эхэлжээ. Суудлаа авсан МоАХ фракци өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх нэрийдлээр АН-ын дөрвөн нарийн бичгийн даргыг бүгдийг нь солихоор болжээ. Ц.Оюундарь даргатай мөр зэрэгцэн ажиллаж байсан намын нарийн бичгийн дарга нар бүгд суудлаа өгөхөөр болсон гэнэ.
Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгийг энэ суудалдаа үлдвэл үлд хэмээн намын дарга нь энэрэнгүй сэтгэлээр хандсан ч би адилхан суудлаа өгье хэмээн хэлсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Энэ мэтээр АН-ын төв аппарат сонгууль болохоос нэгхэн жилийн өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөх нь ээ.
Н.Алтанхуягийн хүмүүсийг холдуулах арга чаргыг хэрэглэж, УИХ-ын гишүүний суудлаас атгаад тавьсан намынхаа эмэгтэй генсекэд МҮОНРТ-ийн дарга гэх сэтэр зүүлгэн “дэвшүүлэн зайлуулав” бололтой. Хурган даргын төлөө үхэн хатан тэмцэж, фракци дундын зөрчил нь шинэхэн удирдлагуудын дуулиантай зэрэгцэн энэ намд өрнөж эхэллээ. Өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн АН-ын ҮЗХ-ны зарим гишүүдийг сонгох нөхөн сонгууль мөн л жагсаал цуглаантай болов.
АН-ын ҮЗХ-ны зарим гишүүд төрийн албанд очсон учраас зарим дүүрэг дээр нөхөн сонгууль явах байсан ч нэг нь ч нам гүмхэн хуулийн хүрээнд явж чадсангүй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн АН дээр “Шонхор”, “Алтангадас” хоёр даргын суудлаасаа болж дайн дэгдээх шахав. Тус суудалд Н.Алтанхуягийн хүн гэгдэх Б.Батмөнх суудаг ч “Шонхор” фракцийн гишүүн Г.Баярсайхан өөрийн хүнээ тавихын тулд өнгөрсөн даваа гарагт жагсаал зохион байгуулж, багагүй жүжиг тавьжээ.
Энэ асуудлаас үүдэн Чингэлтэй дүүрэг ҮЗХ-ны нөхөн сонгуулиа явуулж чадаагүй юм. Жүжиг үүгээр дуусахгүй. Мөн энэ өдөр явагдсан Сонгинохайрхан дүүргийн АН-ын нөхөн сонгууль мөн л хууль бус явагдлаа хэмээн намын гишүүд нь уриа лоозон барин жагссан бөгөөд намын төв аппарат ч энд багагүй дэмжлэг үзүүлсэн гэх. Энэ дүүргийн намын дарга нь “Алтангадас” фракци, Н.Алтанхуягийн хүн учраас намын удирдлагууд нь Сонгинохайрханы жагсаалыг намжаах гэхээс илүү улам ч дэвэргэж, гишүүдээ хоёр хувааснаар дүүргийн намын даргын суудлыг өөрийн мэдэлд авч чаджээ.
Өөрөөр хэлбэл, Ө.Пүрэвбаатарыг хууль бус нөхөн сонгууль явууллаа хэмээн буруутгаж, Сонгуулийн хороо нь шийдвэрийг хүчингүй болгосноор дахин сонгууль явуулж намын даргаараа Ш.Одгэрэл гэх НИТХ-ын төлөөлөгчийг томилсон юм. Мөн дэд даргаараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг тавьж З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар дараагийн дүүргээ өөрсдийн мэдэлд авлаа.
Өчигдөр Баянгол дүүрэг дээр мөн л ийм маргаан өрнөв. Хууль бус нөхөн сонгууль гэх шалтгаанаар намын дарга нараа зайлуулдаг, өөрсдийн хүмүүсээ томилдог аргаа Баянгол дээр ашиглаж нөхөн сонгууль будлиантай болсон байна. Дархан-Уул аймаг хэзээнээс л эрх ашгийн зөрчилтэй, хоёр хуваагдчихсан байсан бөгөөд энэ удаагийн нөхөн сонгууль дээр ч маргаан үүсч, дарга нар нь суудлын төлөө хэрүүл зодоондоо хүрсэн учраас мөн л хойшлуулжээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.