Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2023 09 сар 21
Цөцгийн тосны тухай урдны бичвэртээ оруулсан чинь ер нь энэ хэдхэн нэр төрөл байдаг тослог бүтээгдэхүүнүүд дундаа будилдаг хүмүүс цөөнгүй харагдаж байна. Алийг нь цөцгий гэдгийн, алийг нь зөөхий гэхийн, яахаараа цөцгийн тос болдог юм гээд. Дунд нь сметана, масло, butter cream зэрэг гадаад үгнүүд орж ирж нэмж толгой эргүүлэхээс гадна 72%, 82% гэх мэт бөөн хувь биччихсэн тоонууд орж ирж бүүр лай болгодог бололтой. Айхтар хүнд тодорхойлолт байхгүй ээ, сүүнд агуулагдах тосыг ашиглаж хийсэн, тосны агууламж өндөртэй бүх бүтээгдэхүүнийг л тослог цагаан идээ гэж нэрлэчихэд болно.
СҮҮ
Сүү гэдэг нь төлийнхөө өсөлт хөгжилтөнд амин чухал шаардлагатай уураг, нүүрсус, тосны, аминдэм, эрдэс болон бусад биологийн идэвхит нэгдлүүдийг маш зохистой хэмжээгээр, энгийн хэлбэрээр агуулдаг хоорондоо үл холилдох, байгалийн дисперси систем, төгс бүтээл. Наанаа цагаан, холимог нэгэн төрлийн мэт харагдаж байвч сүүг жаахан томруулаад харвал том том тосны бөмбөлгүүд, арай жижиг уургийн бөмбөлгүүд, бусад ууссан нэгдлүүдийг агуулсан зүйл. Үнээний сүү нь үүлдэрээсээ, тэжээж буй тэжээл, төллөсөн хугацаа, улирал гэх мэт маш олон зүйлээс хамаарч тослогийн хэмжээ 2-8% хооронд ихэнхидээ хэлбэлзэж байдаг. Жишээ нь өвөл сүүний тослог зуныхаас эрс нэмэгддэг нь тугалдаа хүйтэнг давахад нь туслах гэсэн байгалийн зохицолдлогоо. Малаас шууд саасан сүү дээрх хэмжээнд хэлбэлзэж байдаг бол энэ сүүг үйлдвэрт авчраад тослогийг нь яг стандарт тоо хэмжээнд болгож тохируулдаг. 3,2% гэсэн тоог үйлдвэрийн савлагаан дээрээс бишгүй харсан байх. Тос их байвал багасгаж цөцгий болгож авна, бага байвал өндөр тослогтой сүүтэй холих замаар. Ингэх нь хэрэглэгчдийн хармааны мөнгөнд хэрэгтэйгээс гадна үйлдвэрлэлийн стандарт, бүтээгдэхүүний өртөг, нэр төрөлд маш тустай. Нэг үйлдвэрийн сүү авсан чинь нэг бол аймар өтгөн, үгүй бол хачин шингэхэн юм байвал миа биз дээ. Сүүний тослогийг манайд шууд уух зориулалтаар 1.5%, ихэнхидээ 3.2%иар, зарим нь 3.6%иар тосыг нь тохируулсан харагддаг. Алинаар нь ч бай шууд уухад асуудалгүй. Тослог өндөртэй хортой гээд буруутгавал жаахан тооцоо хийгээд л үзчих. 200 мл сүүнд ямар өчүүхэн тос агуулагдахыг, харин тэрний оронд биед сайн гээд кофендоо хутгаад уугаад байдаг халбага халбага шар тосондоо санаа зовсон нь дээр. ӨРӨМ Сүүний тос нь уснаасаа хөнгөн хөвөөд л явж байдаг тул сүүгээ ариутган хөөрүүлж, самрах гэх механик үйлчлэлээр өнөөх тоснуудыг улам томруулан нягтруулж сүүний дээд талд хөвүүлэн баяжуулж тослог хэсгийг нь ялгаж авсныг өрөм гэж бид нэрлэдэг. Гадаргуу нь хатсан цөцгий л гэсэн үг. Ямар нэгэн тос ялгах төвөөс зугатах хүчний сепаратор хэрэглэдэггүй тул энэ арга уламжлал болон хэрэглэгдэж ирсэн. Доор үлдэж буй сүүнд ч тодорхой хэмжээний тос үлддэг тул дараагийн тарагны чанарт ч сайнаар нөлөөлнө.
ЦӨЦГИЙ
Сүүнээс эргэлтэт сепараторын тусламжтайгаар цөцгий болон тосгүй сүүг ялгаж авна. Сепараторын эргэлдэх хурд, сүүний хэм, тосны хэмжээнээс шалтгаалж 35% хүртэл тос агуулсан цөцгий ялгаж болно. Цөцгийний 35% тос, бусад нь сүүний бүрэлдэхүүн хэсэг байдаг тул бүтээгдэхүүн шарахад түлэгдэх учир шарах процесст хэрэглэдэггүй. Хоолны жоронд болон бусад олон төрлийн амттан, нарийн боовны маш үнэтэй чанаржуулагч болдог. Үлдсэнийг нь цааш нь зөөхий, цөцгийн тос гарган авахад үргэлжлүүлэн ашиглана аа.
ЗӨӨХИЙ
Энэ бол сүүн хүчлийн бактериар исгэсэн цөцгий юм. Тиймээс тослогийн хэмжээ их өөрчлөгдөхгүй ч ингэж исгэснээр маш өвөрмөц сайхан амт, үнэртэй болохоос гадна пробиотиотик гэж үнэлэгдэнэ. Тэгэхээр ялгаа нь ердөө л энэ исгэлт. Зөөхий цөцгий хоёул тосны агуулга багатай, ус болон бусад уураг, нүүрсусны агууламж өндөртэй тул хадгалагдах хугацаа харьцангуй бага. Зөөхий нь исгэсэн гэдгээрээ арай жаахан удаан хадгалагдана.
ЦӨЦГИЙН ТОС
Цөцгий өөрөө 35% хүртэлх тос агуулах ба энэ нь дотроо хэр хэмжээний сүү агуулж байгаагаас тосны агууламж шалтгаална. Цаашид хутгах гэх мэт механик үйлчлэлээр тосны бөмбөлгийг нягтруулж цөцгийн тос гарган авна. Цөцгийн тос бага тос агуулах тусам дотроо их хэмжээний сүүний бүрдэл, ус агуулж байна аа гэсэн үг. Харин тосны агуулга ихсэх тусам сүүний амт, хэмжээ багасна гэсэн үг. Тэгэхээр транс тостой ямар ч холбоогүй. Бага тос агуулах тусмаа эрүүл мэндэд тустай, мөн амттай, харин хадгалалт даахгүй амт өөрчлөгдөх сул талтай. Бага хэмд 3-6 сар л хадгалагдана. Шарах процесст цөцгийн тосонд агуулагдах сүүний бүрэлдэхүүн хэсгүүд түлэгддэг учир хэрэглэх хэрэггүй. Medium, rare төрлийн дөнгөж борлуулах төдийд шардаг стейкэнд цөцгийн тос хэрэглэдэг нь ийм учиртай.
ШАР ТОС
Хүмүүст маш нэр хүндтэй ч миний хувьд зүгээр л тос. Яагаад ингэж хэлж байна гэхээр сүүг шар тос үйлдвэрлэхийн тулд үйлдвэрт авчирдаггүй !!! Исгэлэн нь өссөн цөцгий, цөцгийн тосыг цаашид хадгалж болохгүй тул дараагийн бүтээгдэхүүн болох шар тосыг хийнэ ээ. Тэгэхээр шар тос бол тослог цагаан идээ боловсруулах хамгийн сүүлийн, хамгийн цэвэршилт өндөртэй тосыг ялган авах үйл явц гээд ойлгочиход болно. Тосны агууламж нь 99%-иас илүү байдаг энэ бүтээгдэхүүнийг ахуйд ч өрмийн уураглаг хэсгийг гурилаар барьцалдуулж тосыг нь ялгаж авдаг. Барьцалдуулсан хэсгийг нь үзэм, чихрээр амтлан хайлмаг хэмээн амтархан иддэг. Шар тосны гол хэрэглээ бол шарахад тохиромжтой. Ханасан тосны хүчил давамгайлах амьтны гаралтай тос. Хэтэрхий сайн нэртэй учир нэг их зүйл яримааргүй байна За тэгэхээр ажигласан бол тослог цагаан идээний боловсруулалт эдгээр тосны агуулга 2% тос агуулсан сүүнээс 99% тос агуулсан шар тос хүртэл явлаа. Түүхий сүү 2-4 цагийн дотор л гашлаж муудах зөөхий, цөцгий 14 хоног орчим, цөцгийн тос агуулгаасаа хамаараад 6 сар орчим байдаг бол шар тос 1-2 жил хадгалагдана. Эндээс тос нөөшлөгч бодис гэдгийг ажиглаж болно, аль нэгэн хүнсийг хадгалахыг эрмэлзэх тусам цэвэршүүлэх шаардлага байдгийг маш сайн ойлгож болно. Чихрийн нишингийн шүүс тал өдрийн дотор л исэж муудах бол refined sugar 3 жил хадгалагдана. Дээрхтэй зарчим ижил, хүнсийг цэвэршүүлэх, боловсруулах шаардлага байдаг. Тиймээс хүнсний ойлголтонд цэвэршүүлсэн хүнс хортой гэсэн хэн нэгэн үлмэдэхийн бардам үгээр бус бодитойгоор, маш болгоомжтой хандаж байгаарай, манайхан ч чадна.
Хүнсний Инженер О.Гал-Очир
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.