Хүчилтөрөгчийн үүрэг
Бие махбодийн үндсэн тэжээл нь хүчилтөрөгч билээ. Хүний тархи хүчилтөрөгчид хамгийн мэдрэг. Амьсгалахгүйгээр 4 минут болоход тархи гэмтэж эхлэх бөгөөд 6 минут болоход л тархи үхэжсэн байх болно. Тархи үхэжинэ гэдэг нь амин чухал эртнүүд болох амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг хариуцсан тархины төвүүдийн үйл ажиллагаа үгүй болж амьсгалах боломжгүй, зүрх цохиолох боломжгүй болж биологийн үхэл болдог. Ийм учир хүний хоолойг 4-6 минут хэртэй бооход л хүн үхэх болно. Амьсгалаар хүчилтөрөгчийг шингээн авч хийн солилцоогоор цусанд хүчилтөрөгч нэвтэрнэ. Энэхүү нэвтэрсэн хүчилтөрөгч цусны улаан эс (эритроцит) дэхь гемоглобин гэх нэгжтэй холбогдсоноор оксигемоглобин болж тархи, булчин, эд эсүүдэд тээвэрлэгдэн очиж бодисын солилцоонд оролцдог байна.
Угаарын хий (нүүрстөрөгчийн дутуу исэл - CO)
Аливаа зүйлийг шатаахад нарийн болон том ширхэглэгт тоосонцор бас нүүрстөрөгчийн давхар исэл (СО2) үүсдэг байна. Энэхүү шатах процесс нь хүчилтөрөгчийн оролцоотойгоор явагддаг. Тэгвэл шатах процессын явцад хүчилтөрөгч хангалтгүй байхад СО2 (нүүрстөрөгчийн давхар исэл) үүсч чадалгүй СО (нүүрстөрөгчийн дан исэл) үүсдэг байна. Нүүрстөрөгчийн дан исэл (СО) нь үнэргүй, өнгөгүй, хүний биед маш хортой, түргэн хугацаанд үхэлд хүргэдэг хий юм. СО нь автомашины дутуу шаталт, нүүрсны дутуу шаталт, химийн бодисын шаталт зэргийн дүнд үүсдэг.
Угаартах нь
Дутуу шаталтын дүнд үүссэн нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) нь хүчилтөрөгчөөс 200 дахин илуу хурдтайгаар цусны улаан эсийн гемоглобинтой холбогдох чадвартай. Маш бага хэмжээний СО буюу угаарын хийгээр хүн амьсгалахад хийн солилцоонд орж маш хурдтайгаар гемоглобинтой нэгдэж карбоксигемоглобин үүсгэнэ мөн гемоглобинтой нэгдсэн хүчилтөрөгчийг гадагшлуулдаг байна. Өөрөөр хэлбэл хүний биед хүчилтөрөгч холбогдох орон зай үгүй болж үлдсэн хүчилтөрөгчүүдийг нь шахан гаргаснаар биемахбод эсийн түвшинд бодисын солилцоо хямарч эхэн үед хордлогын шинж өгч тун удалгүй тархи үхжиж нас бардаг байна. Иймийн учир өнгөгүй, үнэргүй энэ хийг чимээгүй алуурчин гэж нэрлэдэг. Угаартаж эхлэх даруйд толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжүүлэх, нүд эрээлжлэх, ухаан балартах шинжүүд илэрнэ. Угаартаж байгаагаа хүн мэдсэн хэдий ч тархины үйл ажиллагаа саатаж хордлогонд орсон байдаг учир юу ч хийж чадалгүй үхэлд хүргэх эрсдэлтэй тул угаарын хий хэмжигч дохиолуур гэртээ байршуулах, зуух нь бүрэн шаталт өгч байгаа зэрэгт анхааралтай хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Цахим Эмч