Гурван насны хямралыг ингэж даваарай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 10 сар 31

Энэ насны хүүхэд нь ааштай зөрүүд болоод эхлэхээр ээжүүд маань хүүхдээ буруу хүмүүжүүлсэн гэж өөрсдийгөө буруутгаж эхэлдэг. Энд хэний ч буруу байхгүй зүгээр л насны онцлог. Таны өмнө байгаа 2-4 настай хүүхэд тань үнэндээ бол хүүхэд биш жижигхэн биетэй ТОМ ХҮН. Одоо тэр бүхнийг өөрөө хийж чадах юм шиг "би өөрөө" гэдэг үе буюу 3 насны хямрал эхэлдэг нас.

"Хэзээ эхэлдэг вэ?  Хүүхэд бүрийн хөгжил өөр учраас эхлэх нас нь ч өөр. Үндсэн долоон шинж тэмдгээр хямрал эхэлсэн гэдгийг мэдэж болно.

1. "Үгүй-үгүй" гэж үгүйсгэдэг. Бүх л зүйл дээр "Үгүй" гэж хариулж эхэлдэг. Хүүхэд өөрөө хүсэж байсан ч гэсэн ТА САНАЛ БОЛГОСОН болохоор татгалзахаас өөр аргагүй. Жишээ: Амина хоолоо идээрэй гэж хэлэнгүүт "үгүй, үгүй, идэхгүй" гэдэг. Хэдий маш их өлсөж байсан ч гэсэн.

2.  "Үгэнд ормооргүй байна" буюу хэдэрлэж сөргөөцөлдөх (амьдралын хэв маяг, гэр бүлийн дүрэм, хэм хэмжээ). Үгүйсгэхээс ялгаатай нь хэн нэгэн хэлсэн болохоор биш юм. Жишээ: өдөр унтах цагтаа унтахгүй байх, тоглоомоо хураахаас татгалзах.

3. "Би ингэж шийдсэн" буюу зөрүүдлэх. Хүүхэд ямар нэгэн зүйлийг авахыг эсвэл хийхийг хүссэндээ зөрүүдэлдэггүй харин өөрөө тэгнэ гэж шийдсэн болохоор зөрүүдэлдэг. Би шийдсэн тийм болохоор минийхээр байх ёстой. Тухайн зүйл хүүхдэд хэрэггүй байсан ч хамаагүй. Жишээ: би энэ тоглоомоор тоглохгүй тоглохгүй муухай муухай гээд тоглодоггүй.

4.  "Надад бүх зүйл таалагдахгүй байна" буюу эсэргүүцэх. Өмнөх зүйлсээс ялгаатай нь БАЙНГА ямар нэгэн зүйл дээр эсэргүүцдэг (ТОГТМОЛ эсэргүүцдэг). Жишээ: өдрийн унталтаас татгалзах, хоол идэхээс татгалзах гэх мэт. Хүүхэд эсэргүүцдэг зүйлээс болоод орилж уйлж уурлаж хүчтэй тэмцдэг.

5. "Би өөрөө чадна" буюу дураараа авирлах . Хүүхэд зөвхөн өөрөө хийнэ гэж дайраад хийж чадахгүй үед нь та туслах гэж оролдох үед гарыг чинь түлхэж уурлах. Өөрөөр хэлбэл би өөрөө хийнэ хэний ч тусламж хэрэггүй гээд ямар ч хүний үгийг сонсохгүй өөрийнхөөрөө зүтгэх.

6. "Ээж муухай, би танд хайргүй" ба үнэ цэнээ алдах . Өмнө нь чухал үнэ цэнэтэй байсан зүйл чухал биш болох. Жишээ: хайртай тоглоомоо муухай гээд хаях тоохгүй байх гэх мэт . Өөрт чухал гэсэн зүйлсээс хамааралтай байхаа больж бие даах гэсэн оролдлого юм. Мэдээж хүүхэд ээжээс маш их хамааралтай байдаг болохоор ээжийгээ цохих үгэнд нь орохгүй байх үзэгдэл ажиглагдаж эхэлдэг.

7. "Миний хүссэнээр хий би бол хаан" буюу захирах. Бүх зүйл түүний хүссэнээр байх ёстой мэт аашилж аав ээждээ "ингэ, тэг" гэж тушааж өөрийнхөөрөө байлгах гэж оролддог. Хэрвээ өөр ах эгч дүүтэй бол аав ээжийгээ харамлах. Би энэ гэрийн хаан болохоор бүх анхаарал над дээр байх ёстой. Жишээ:дүүг нь хооллож байхад ямар нэгэн зүйл танаас шаардах.

Дараах зөвлөмжүүд тус болох болно: 

Сонголт олгох. Та хүүхдийн саналыг харгалзан үзнэ гэдэг түүнийг чухал хүн гэдгийг харуулж байна. Жишээ: "оймсоо өмсөөрэй гэхийн оронд миний охин ягаан оймсоо өмсөх үү? эсвэл саарал оймсоо өмсөх үү?". Өөрөөр хэлбэл хүүхэд үгүй гэж эсэргүүцэх нь багасна.

Сонирхлыг татах. Хүүхдийн хийх гэж буй зүйлийг сонирхолтой болгох. Жишээ: "миний охин гэртээ орох уу?" гэхийн оронд "Миний охин хоёулаа гэртээ оръё. Гэртээ ороод байшин барьж тоглох уу? Эсвэл усаар тоглох уу?".

Ярьдаг тоглоом, тоглоомдоо туслах. Таны үг бүрийг үгүй гэж эсэргүүцэж болох ч тоглоом нь хэлэх юм бол эсэргүүцэхгүй байх магадлалтай. Жишээлбэл: Та хоолойгоо бага зэрэг өөрчлөөд туулайн өмнөөс ярих.

Стресс тайлах тоглоом. Элс, ус, зураг зурах, баримлын шавар гэх мэт

Сайн унтуулж амраах. Нойр дутуу байхаар хүн бүр л ааштай болдог тиймээс эрт унтуулж гүйцэд нойрыг нь авахуулах.

Хүүхдээс зөвлөгөө болон тусламж гуйх. Бүх л зүйлийг хийхдээ хүүхдээ оролцуулах юм бол өөрийгөө том хүн гэж батлахыг оролдохоо болино яагаад гэвэл том хүн шиг мэдрэмжийг хүүхдэд өгсөн болохоор. Жишээ: хоол хийхдээ ногоогоо угаалгана. Хүүхдээ мундаг гэж магтахаас илүүтэйгээр хамтын хүчээр хийсэн зүйлээ тодотгож хэлэх. Жишээ: хөөх гэр ямар гоё цэвэрхэн болсон байна, хоол ямар амттай болсон байна гэх мэт.

Хүүхэдтэй хүндэтгэлтэй харилцах- удаан хамт амьдрах хүндтэй зочин мэт харилцах хэрэгтэй гээд ойлгочхоор их амар. Жишээ: зочин тань ус асгалаа гэж бодъё. Та янз бүрээр хэлж загнахгүй харин ч зүгээрээ гээд л алчуур хаана байгааг хэлээд өгнө эсвэл өөрөө арчина.

Хүүхдийн өөрөө хийх гэсэн оролдлогыг дэмжиж хүүхдийн хийж чадах зүйлийг өмнүүр нь орж хийхгүй байх.

Хүүхэд болохгүй зүйл хийвэл та өөрийн байр суурин дээрээ бат зогсоорой. Жишээ: ээжийгээ цохивол хүн цохиж болохгүй гэж хэлээд гарыг нь бариад аваарай.

Эцэст нь хэлэхэд та хүүхдээ юу ч чадахгүй жаахан хүүхэд мэт харилцах харилцаагаа өөрчилж том хүн шиг хүндэтгэлтэй харилцаж түүнийг олон зүйлийг чадах чухал хүн гэж харж чадвал энэ үеийг амжилттайгаар даван туулж чадна. Энэ үеийг амжилттай даван туулаад хүүхэд тань бие даасан өөртөө итгэлтэй хүн болох юм шүү. Тэр болтол тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх