Ц.Цолмон сайд Налайх дүүрэг дэх цэргийн ангиудад ажиллав

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 01 сар 18

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ойрын өдрүүдэд батлан хамгаалах салбарынхаа ажил байдалтай биечлэн танилцаад тун завгүй явах болжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний дөрвөн ч ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонссон юм. Түүнийг дагалдаж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Батлан хамгаалах  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба,  Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат,  ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, бригадын генерал Д.Даваа нарын албаныхан ажилласан.  Тэдний эхний ажилласан анги Зэвсэгт хүчний 350 дугаар анги. Энхийг дэмжих ажиллагааны III батальон болох зорилготойгоор энэ ангийг байгуулаад удаагүй ч бүтээн байгуулалтын ажлууд багагүй хэмжээнд хийгджээ. Цаашид ч хийх шаардлагатай ажлууд олон байгааг ангийн захирагч салбарын сайддаа уламжилна лээ. Тухайлбал, Спорт заал, Соёлын төв барьж өгөх шаардлага байгаа гэсэн. Гэхдээ хамгийн нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол албан хаагчдын унаа болоод амьдрах орон сууц. Албан хаагчдын олонхи нь нийслэлд амьдардаг учраас өглөө, оройд ангиас гаргаж өгсөн ганц автобусандаа багтдаггүй гэнэ.  Харин Ц.Цолмон сайдын дараагийн ажилласан анги нь Зэвсэгт хүчний 337, 014, пуужингийн хороо. 337 дугаар ангийнхны хувьд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилладаг хамт олон гэдэг нь илт байв. Тухайлбал, Соёлын төв, Спорт заалаа албан хаагч өөрсдийн хандиваар тохижуулан "босгожээ". Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсын төсөвт дараа болохыг урьтал болгоогүй ч хойшдоо албан хаагчдын соёл, спорт хүмүүжлийн ажлуудад чухал үүрэгтэй дээрх байгууламжийг барих шаардлага батлан хамгаалах салбарт байгаа юм. Мэдээж энэ 337  бол нисэхийн анги  гэдэг утгаараа Монголыг дайран өнгөрч байгаа нислэг бүрийг хяналтандаа байлгадаг юм байна. Харин 014 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Батсүрэнгийн танилцуулснаар энэ ангид Соёлын төв, Гал тогооны дээврийг шинэчлэх шаардлага байгаа ажээ. Тэд мөн л албан хаагчдын ажилдаа ирж очих унаа хөсөг нь шийдэх ёстой асуудлын нэг гэдгийг салбарын сайддаа уламжилсан юм.  Пуужингийн хорооны хувьд дээрх ангиудтай харьцуулахад барилга байгууламж нь шинэ учраас бэрхшээл гэж учирлах асуудал төдийлөн байсангүй. Мэдээж энэ дөрвөн ангийн албан хаагчдын унаа, орон сууцаас гадна тулгарах асуудал нь хувцасны хангалт дутуу байгаа тухай яриа юм.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх