Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 04 сар 23
"Алтайн хүдэр" ХХК-ийн захирал, Р.Базарааг өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулсан.
Улмаар прокуророос түүнийг нэг сар цагдан хорих саналыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, хүсэлтийг шүүх хүлээн аваад байгаа билээ. Тиймээс Р.Базараагийн өмгөөлөгч нар түүнийг цагдан хорих тухай гаргасан шүүгчийн захирамжийг эсэргүүцэж гомдол гаргасныг өнөөдөр /2024.04.23/ хэлэлцлээ.
Энэ талаар өмгөөлөгч О.Баярбаясгалан “Юуны өмнө миний үйлчлүүлэгч Р.Базартай холбоотой мэдээлэл, түүний нэр хүнд, бизнесийн нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл хэвлэлээр явж байна. Ямар эх сурвалжаас ийм мэдээлэл тараагаад байгааг би мэдэхгүй байна. Түүнийг нүүрстэй холбоотой гэх мэдээлэл нь буруу ташаа тул ташаа мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад гомдол гаргах болно. Энэ мэдээллийн талаар холбогдох байгууллагуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах нь зүйтэй байх.
Өнөөдрийн хувьд миний үйлчлүүлэгчийг цагдан хорих тухай шүүгчийн гаргасан захирамжийг эс зөвшөөрч, өмгөөгчид нь гомдол гаргасан байгаа. Түүнийг гадуур шалгах бүрэн боломжтой. Зайлшгүй цагдан хорих үндэслэл байгаагүй. Тийм учраас түүний өмгөөлөгчдийн зүгээс заавал цагдан хорьж байж хэрэг шийдвэрлэдэг процессыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Миний үйлчлүүлэгчийн холбогдоод байгаа гэх хэрэг бүтэн хоёр жил долоон сарын өмнө үйлдэгдсэн гэж үзэж байгаа.
Гэвч дөрөвдүгээр сарын 15-нд хойшлуулашгүйгээр баривчилсан, үргэлжлүүлээд дөрөвдүгээр сарын 17-нд яллагдагчаар татаж, нэг сарын хугацаагаар цагдан хорих болов гэдэг нь анхаарал татаж байна.
Хэрэг хоёр жил долоон сарын өмнө үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол яагаад миний үйлчлүүлэгчийг хоёр жилийн долоон сарын дараа цагдан хорьж байна вэ? Өнгөрсөн хугацаанд миний үйлчлүүлэгчийг ямар нэгэн байдлаар гэрчээр дуудаагүй, нэг удаа ч байцаалт аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуульд зааснаар, ял шаардагдсан тохиолдолд цагдан хорихоос өөр таслан шийдэх арга хэмжээ авах боломжтой байдаг. Хувийн баталгаа авах, хязгаарлалт тогтоох, барьцаа авах, тодорхой үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хязгаарлах зэрэг урьдчилсан арга хэмжээ байхад шууд цагдан хорих шүүгчийн захирамж гарсанд өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан байгаа. Өнөөдөр энэхүү гомдлыг хэлэлцэх гэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй хэмээн үзэж Р.Базарыг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Энэ тухай өмгөөлөгч Б.Ганбаатар "Иргэн Р.Базарыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж, баривчилсан. Мөрдөгчийн тогтоолыг прокурор цааш үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргасан. Үүнийг шүүх хүлээн авч 30 хоногийн хугацаанд цагдан хорихоор болсон. Шүүгчийн захирамж дээр гомдол гаргасан. Гомдол гаргаж байгаа шалтгаан нь нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлгүйгээр гомдол гаргаж байгаа үйлдэл нь буруу, хуулийн хэрэглээндээ буруу байна гэж үзэж байгаа.
Шүүхийн зөвшөөрөлгүй барьж байгаа үйлдэл нь хуулиндаа гэмт хэрэг гарсан даруйд харсан, үзсэн, заасан, эсвэл тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэмтлийн ул мөр байгаа зэрэг тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй баривчилдаг. Гэтэл Р.Базар дээр холбогдох хэрэгт жил зургаан сарын дараа тухайн хүмүүс хохиролтой гэдэг үндэслэлээр баривчилсан нь хуульд нийцэхгүй байна гэх агуулгаар бид гомдол гаргасан.
Харамсалтай нь шүүхээс шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гэж үзэж байгаа нь бидний хувьд гомдолтой хэвээр байна. Хууль тогтоох байгууллагаас ч гэсэн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үйлдлийн улам хязгаарлах, аль болох шүүхийн журмаар баривчлах үйлдлийг дэмжих хууль батлагдаж байгаа.
Дэлхий дахинд цагдан хорих шаардлагатай хэргүүд байдаг боловч аль болох цагдан хорихгүйгээр мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажиллагаа явуулах зэрэгт бусад баримтуудаар үүнийг тогтоож байгаа. Ийм нийтлэг хандлага бий. Манай улс ч мөн энэ хандлага руу явах ёстой гэж бодож байна. Ялангуяа эдийн засгийн, өмчийн хэргүүд дээр цагдан хориод байх шаардлага байхгүй, ийм тохиолдол тун цөөн байдаг гэж бид ойлгож байгаа. Тиймээс хэрэгт холбогдож байгаа хүмүүсийг аль болох цагдан хорилгүй шалгах хэрэгтэй гэж бодож байна" гэсэн юм.
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.