Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 04 сар 25
“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ. Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь багтдаггүй учраас сурагчид залхдаг. Цаашлаад хүүхдүүд монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн. Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, ахмад багш, судлаач Ч.Батсүрэн сурах бичгийн агуулгын тухай нийтлэлээ хүргэж байна.
Шинжлэх ухаан хөгжих тусам хүмүүн төрөлхтөн даван хөгжиж байна. Надад “Монгол хэл IX” гэсэн ном олдов. Сүүлийн хэдэн жил дунд сургуулийн сургалтаас хол хөндий удсан учир сонирхолтой санагдав.
Д.Эрдэнэсан, Б.Цасанчимэг, А.Цог-Очир, Д.Наранцэцэг нарын зохиож 2019 онд хэвлүүлсэн сурах бичиг. IX ангийн монгол хэл сонирхолтой байхын зэрэгцээ гайхах, эргэлзэх, тээнэгэлзэх зүйл нэг бус удаа тохиов. Энэ ангид монгол хэлний үгийн сангийн тухай, бас эх бичиг /зохиолд/ дүгнэлт хийж сурах тухай л номлосон байна.
Ер нь ерөнхий боловсролын сургуулийн, тэр дундаа ахлах ангийн сурах бичигт хэт онолдсон, хэцүү сэдэв тусгаж, уг хүүхэд тухайн мэргэжилтэн болох юм шиг нэг тал руу хэтийдсэн, албан хүчээр сурагчаа зовоосон, ойлгомж муутай зүйл чихэж оруулсан зүйл аль ч ангийн ямар ч сурах бичигт элбэг тааралддаг нь энгийн үзэгдэл мэт болжээ. Энэ нь тухайн мэргэжлийн багш, эрдэмтэд өөрсдийн үзэл бодол, ойлголтоо сурагчдад тулгах гэсэн хувийн явцуу ухаарлаас үүдэлтэй.
Иймд хэдийгээр монгол хэлний тухай ярьж байгаа ч уг хүүхэд эмч, инженер, хуульч гэх мэтийн мэргэжил эзэмших боломжтой учир монгол хэлний нарийн ширийн зүйл тулгамааргүй байна.
Монгол хэлээрээ ойлгомжтой сайхан бичиж, найруулдаг, бодсон санаснаа чөлөөтэй тайлбарладаг, мэргэжилтэн болгоход л анхаармаар байна.
Тиймээс хэл шинжлэлийн тухай ойлголт болох баймж үйл үг, үйл үгийн баймж чанар /энэ нь дотроо олон төрөл буй/ зэрэг нь дунд сургуульд заахын хэрэггүй зүйл. Үйл үгийн баймж чанар эмч, инженер хүнд хэрэг болох уу. Их сургуулийн монгол хэлний ангийн оюутнаас, өгүүлбэрийн баймж чанарын тухай асууж лавлахад шууд хариулах хүн нэг их олон гарахгүй. Мөн мэдрэмж, сэтгэгдэл гэж юу вэ? /юү вэ байх ёстой/ Ярилцаарай гээд ямар, үг өгүүлбэрээр ихэвчлэн илрэх вэ гэсэн асуулт тавиад
• Тэмдэг нэр
• Дүрслэх, дуурайх үг
• Баймж үг
• Бүтэц бус өгүүлбэр
• Хэлц үг
• Адилтган жишсэн өгүүлбэр гэсэн үгээс сонгох даалгавар өгчээ /12-р тал/ Үүнээс гадна мэдрэмж /харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, сонсох/-ийн тухай дурдсан байна. Их сургуульд Сэтгэл судлалын хичээлээр олгодог ойлголт, ухагдахуун энд тааралдаж байна.
Мөн “Сэгс цагаан богд” гэсэн сайхан хангайн нэрийг тайлбарласан сонирхолтой бичвэр оруулж, энэ талаар зохиолч Д.Нямаагийн “Сэгс цагаан богд” дурсамж эсээ, судлаач Б.Пүрэв-Очирын “Сэгс цагаан богд уу, аль эсвэл Сэгсэг цагаан богд уу” гэсэн эсээ орсон байна. /32-35-р тал/ Газар усны нэр тайлбарласан сонирхолтой хоёр эсээ /соён гэгээрүүлэгч Л.Түдэв исээ гэж бичээд аливаа хүмүүний сэтгэлд исэж гарсан зүйл гэж тайлбарласан байдаг. Энийг их зөв ухаарал тайлбар гэж боддог. Энэ үгийг нэг мөр болговол сайн сан/ тайлбарлан оруулжээ. Энд “Сөгсөг цагаан богд” гэсэн нэр энэ уулын унаган нэр, яван явсаар, сэг сэг улмаар товчлоод Сэгс цагаан богд болжээ гэсэн судлаачийн тайлбар бас бий. Газар усны нэр их сонин, аман хэлбэрээр уламжилж ирсэн учир хувирал ихтэй байдаг. Энэ мэт газар усны нэр оруулсан нь сонирхолтой болсон байна. Д.Нямаагийн исээд...Сэгс цагаан богдыг хэдэн нүүдлийн газраас хараад, би бага насаа дурсаж явлаа гэсэн өгүүлбэр бий.
Хэдэн нүүдлийн газар гэдгийг сурагчдад тайлбарласан, асууж лавласан зүйл тааралдсангүй. Зүй нь нүүдэлчний соёлтой холбоотой ийм сайхан хэллэгийг олзуурхан авах ёстой байсан болов уу. Мөн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Сэмхэн цагаан үүл” гэсэн сонирхолтой шүлэг орсон байна. /36-р тал/
Энд, их үдийн халуун, аахилах, тэнгэрт зогсох,
Ишгэн цагаан үүл, хур дуудан майлах,
Туулайчлан ирэх салхи, ишгэн үүл
Тургилан дэгдэх, сүүлээ годгонуулах
Уул илэх гэх мэт сонирхолтой холбоо үг үүссэн байна.
Сурагчдад ойлгуулахад хялбар, байгаль ертөнцийн юмс үзэгдлийг харах танихад их дөхөмтэй шүлэг юм.
Энэ талаар судлаачийн санал ч байна. Ишиг, хургаар бяцхан жижиг, бага гэдэг санааг гаргах нь элбэг.
“Сэмхэн цагаан бас нэг үүл нуураас гарч гэдэг мөр бий. Энэ шүлгийг сайтар ажиглавал бас нэг цагаан үүл нуураас сэмхэн гарч ирсэн гэсэн өгүүлбэр болно. Ингэж үзвэл бас нэгэн цагаан үүл, нуураас сэмхэн гарах гэсэн хоёр дэлгэрэнгүй холбоо үг болно.
Монгол шүлэг мөр холбох, яруу хэлхэхийн онолын үүднээс, өгүүлбэрийн доторх үгсийг янз бүрээр байрлуулж найруулдаг ёсыг эндээс харж болно.
Тэгэхээр шүлгийн “Сэмхэн цагаан үүл” гэсэн нэр нь нэлээн их хийсвэрлэсэн ойлголт гэж үзэж тайлбарлах боломжтой байна. Таамаглал дэвшүүлсэн аргыг тайлбарлая гэсэн бичил эхийг уншвал Тоорой модонд тогоруу эргэнэ
Тоосны үзүүрээс хүү минь ирнэ гэсэн дуугаар жишээ аваад энэ бол говийнхны дуу. Тоорой говьд ургадаг. Тогоруу аян замдаа тоорой ургасан газраар /түр зуур бууж амс хийдэг болов уу гэсэн таамаглал дэвшүүлж, тайлбарлажээ. Учир нь тоорой булаг шанд, ус чийгтэй газар ургадаг гэжээ.
Бидний бодоход энэ дуу, тоорой мод тогоруу шувуу хоёртой холбоогүй. Монгол ардын дуу, шүлэг, уран зохиолд байгалийн сайхан уул усны сайхныг зүйрлээд түүнийхээ зэргэмжээнд хайр сэтгэлийн тухай тодотгодог жамаар тоосны үзүүрээс хүү минь ирэх тухай дуу гэж таамаглах боломж бас бий.
Энэ дуунд
Гандийн модонд галуу эргэнэ
Газрын холоос хүү минь ирнэ гэсэн бадаг байдаг
Таамаг дэвшүүлэх, тал бүрээс тайлбарлах боломж монгол хэлэнд арвин бий.
Сахар, чихэрлэг зүйлийн тухай, хог хаягдлын тухай байгаль дэлхийгээ хайрлах тухай, гар утасны тухай, хүнд ашиггүй хоолны тухай /жин нэмдэг хоол/ зэрэг олон зүйл уг сурах бичигт цуглуулж оруулсанд талархах ёстой.
Зохиогч нар сайн ажиллаж ихээхэн зүтгэл чармайлт гаргасныг зориуд тэмдэглэе. Сурах бичигт олон зүйл хамруулж, сурагчдад тал бүрийн шинжлэх ухааны болон аж амьдралын зүй ёс зэрэг хүний амьдралд тохиолдож болох олон зүйлийг ухаарч мэдэхэд зохиогч нар голлон анхаарсан сайн тал байна.
Хойшид дараа дараачийн сурах бичиг зохиохдоо
1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүх юмс үзэгдлийг мэдэх, мэдүүлэх албагүй
2. Уран зохиол, өгүүллэг, эсээ зэрэгт дүгнэлт хийх нь мэргэжлийн их сургуулийн оюутанд тавьдаг шаардлага, сурагчаас ийм зүйл шаардаж болохгүй. Энэ сурагч, эмч, инженер болох ч магадгүй.
3. Эх, цогцолбор, утгалбар, 1-р цогцолбор, 2-р цогцолбор гэх мэт хэл шинжлэлийн ухааны хүмүүст тавих нэр томьёо шаардлагыг сурагчид үүрүүлж болохгүй. Сурах бичгийн 145-р талд, эхийг нягтлан уншаад доорх жишээг олно уу.
• Үндэслэл нь
• А Суудал нь
• Таамаглал нь
• Шалтгаан нь
• Үр дагавар нь
• Баримт нь
• Тайлбар нь
• Сэтгэгдэл нь
• Зохиогчийн үзэл бодол нь
• Дүгнэлт нь
гэсэн лут даалгавар өгчээ. Ийм даалгаврыг их сургуулийн монгол хэл, уран зохиолын төгсөх ангийн оюутанд тавих ёстой. Тэгвэл манай боловсролын яам, 9-р ангийн сурагчид тулгаж дарамталсан.
4. Манайд дунд сургуулийн сурах бичигт түгээмэл байдаг гол зүйл бол зохиогч өөрсдийн мэргэжлээ хэт тулгаж, хүүхдээс хүнд хэцүү, дэндүү мэргэжлийн бас онолын зүйл шаарддаг дутагдал элбэг бий.
5. Боловсролын байгууллага, мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсролд тавих шаардлагынхаа ялгаа заагийг сайн олох учиртай. Энэ хоёр газар, тэнгэр шиг ялгаа бий шүү. Манай мэргэжилтнүүд өөрсдийнхөө мэддэг бүхнийг сурагч хүүхдүүдэд тулгах гэдэг буруу ойлголтоос салсан цагт сурагчид сайн сурна, сайн хүмүүжнэ, өөрсдийн ирээдүйг харж тэр талынхаа хичээлд түлхүү анхаардаг болно. Бүх хичээлд сайн сурна гэдэг харьцангуй ойлголт шүү дээ.
Ахмад багш, судлаач Ч.БАТСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.