ИЧИМХИЙ, БҮРЭГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 06 сар 07

Хэрэв та хүүхдээ бүрэг ичимхий хэмээн дүгнэн анзаарч байвал дараах асуултуудад хариулаарай.

- Хүүхдээ бусадтай харьцуулж шүүмжилдэг үү?

- Хүүхдийг насанд тохироогүй ачааллаар шахдаг уу?

- Хүүхдийн өөрийн хийсэн зүйлийг үгүйсгэж заавал дүрэм журмын дагуу хийхийг шаарддаг уу?

- Хийсэн үйлдлүүдээс нь алдааг нь давтан ярьдаг уу?

- Санаа нийлэхгүй, хийхийг хүсэхгүй байгаагаа танд хэлэх боломж нөхцөл өгдөг үү?

- Хүүхдийн танд л ярьсан нууцыг бусдад дамжуулан ярьдаг уу? (Гэр бүлийн гишүүд ч бусдад хамаарна)

- Хүүхдийнхээ өөрөө шийдэх асуудлыг өмнүүр нь орж хийдэг үү? (Хүүхэдтэй муудалцсан үед та өмөөрч нөгөө талтай сөргөлдөх г.м)

Магадгүй та дээрх асуултуудын дийлэнх хэсэгт тийм гэсэн хариулт өгсөн бол хүүхэд өөртөө итгэл итгэлгүйн улмаас бүрэх болдог.

-Олны өмнө гарах дургүй, анхаарлын төвд орохоос эмээдэг, бие даан асуудлыг шийдэж чаддаггүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй бусдын юу гэхийг дагадаг, орчноо солих дургүй, хүмүүстэй энгийн харилцаанд (мэндлэх, танилцах) орохдоо ч түгшүүртэй байдаг.

Тиймээс хүүхэд ичимхий бүрэг байвал:

Түүний хамгийн сайн хийдэг зүйлийг олж мэд. Түүгээр нь урамшуулж гэр бүлээрээ суралцах, улмаар дүү нартаа зааж өгөх санал тавиад үз.

Өөрийн дотны найзуудаа гэртээ урих, найзындаа очдог өдөртэй байхыг зөвшөөр. Магадгүй найзгүй бол үе тэнгийн хамаатны хүүхдүүдтэй тодорхой хугацаанд давтамжтайгаар үлдээж үзээрэй. Өөрөө бие даан хүүхдүүдтэй ойлголцох боломж олгох хэрэгтэй.

Хүүхдээ ичимхий бүрэг гэж дэргэд нь хэлж ярихыг болих хэрэгтэй. Хүүхэд өөрийгөө өөрчлөхөөс илүү энэ байдалдаа эвлэрчихдэг.

Орчин солих, шинэ зүйл хийх үед заавал урьдчилан сануулж байх. Айлд зочлохын өмнө тэр айлд хэн хэн байдаг, яагаад зочлох болсон тухайгаа г.м

Гэр бүл дотроо багаараа хамтарч хийж болох тоглоомуудыг тоглоорой. Энэ үедээ сайн хийж чадаж байгаа үед нь тохирсон урамшуулал хэлэхээ мартав аа. "Чи манай баг болсон учраас бид хожлоо", "Гайхалтай гярхай байлаа", "Чи ээжээсээ ч илүү төвлөрч чаддаг юм байна" г.м

Аав ээж өөртөө хувцас авах, гэртээ хүнс авахдаа саналыг нь онцгойлон сонсоорой.

Сайн танихгүй болон олон хүний дэргэд сайн мэдэхгүй зүйлийг нь асуух, хүсэхгүй байгаа зүйлийг нь хийлгэхгүй байхыг хичээгээрэй. Мэндлээрэй, баярлалаа гэж хэл г.м. Та өөрөө л үлгэр жишээ тод дуугаар талархлаа илэрхийлэхэд болно.

Хүүхдээ сонсож түүнд итгэж, хайрлаж буйгаа МЭДРҮҮЛЭХ боломжийг эрж хайгаарай. Хүүхэд 4 (~5 дунджаар) насандаа танил орчиндоо бүхнийг удирдагч, хөдөлгөөнтэй дуу чангатай, пээдгэр байдаг хэрнээ шинэ орчинд бүрэг ичимхий, дуугүй, юмны араар орж нуугдах шахам болдог эсрэгцэл зан илэрдэг. Энэ бол хэвийн үзэгдэл шүү. 

 

 

Г.Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх