Хүүхдэд хориглож болохгүй 5 зүйл

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 06 сар 11

1.Бие даах оролдлого:

Алив би хийе

Ямар удаан юм бэ? Холдож бай

Завааруулаад хаячих юмаа  

Хүүхдийг бодвол бид юмыг илүү хурдан, цэвэрхэн хийдэг болохоор хүүхдээр хийлгэж байснаас хамаагүй амар. Гэхдээ хэдэн жилийн дараа та хүүхдээ юу ч хийж чадахгүй, юу ч хийх хүсэлгүй, хариуцлагагүй гэж загнах шаардлага гарч ирж магадгүй. Ирээдүйн өөртөө итгэлтэй, бие даасан хүн болох нь өнөөдрийн оймсоо өөрөө өмсөж сурах гэж буй бяцхан хүнээс эхэлнэ.

2.Алдаа гаргах:

Би чамд хэлсэн биз. Хүн хэлээд байхад. Миний үгэнд орохгүй бол яадаг болохыг харж байгаа биз.

Муу хүнийг зарж зарсан хойноо өр

Олигтойхон ч юм хийж чадахгүй.

Алдаа гэдэг зүйлийг багаас нь буруу гээд ойлгуулах юм бол алдаа гаргахгүйн тулд юу ч хийхгүй байх нь дээр гэж үзэх болно. Тиймээс гаргасан алдааг боломж, туршлага гэж олж харахад туслаарай. Амжилттай хүмүүсийн гол нууц- алдаа гаргахаас айдаггүй. Алдаан дээрээсээ суралцаж яаж ийм алдаа гаргахгүй байх вэ? , алдаагаа хэрхэн засаж болох вэ? гэдэг талаас нь хэлж өгөх юм бол ирээдүйн өөртөө итгэлтэй амжилттай нэгэн болох болно. Жишээ: хүүхэд ханан дээр зурсан. Алдаагаа засах боломж болон алдааг дахин гаргахгүй байх- ханан дээр зурсан зүйлийг арилгуулах, зурмаар бол гадаа цемент дээр шохойгоор зурах, дэвтэр дээр зурах гэх мэт.

3.Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх:

Чи юугаа мэддэг юм. Миний хэлснээр хий.

Чиний бодлыг ерөөсөө асуугаагүй байна.

Томчууд бид хүүхдэд юу илүү сайн бэ? хэрэгтэй вэ? гэдгийг мэддэг. Гэхдээ ийм байдлаар харилцаад байвал хүүхдийн хувьд үргэлж бусдын үгээр юмыг хийх, өөрөө шийдвэр гаргаж сурахгүй байх, хариуцлага хүлээж сурахгүй байх болно. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэж сонсох болохоос биш хүүхдийн үгээр бүхнийг хийнэ гэсэн үг биш. Жишээ: би энэ цамцыг өмсмөөргүй байна гэж хэлэх үед миний охин энэ хоёр цамцны алийг нь өмсмөөр байна гэдэг ч юм уу? Хүүхдийн үзэл бодлыг сонсоорой. Танаас өөр үзэл бодолтой, өөр сонирхолтой бяцхан хүн байгаа шүү. Таныг хүчээр дургүй зүйлийг тань хийлгэх гээд байвал ямар вэ?

4.Сэтгэл хөдлөл:

Юундаа уурлаад байгаа юм

Айгаад байх зүйл ерөөсөө алга

Хүүхдийг уйлсан, айсан, уурласан үед аав ээжүүд хүүхдээ жаргалтай инээсэн байдал руу шилжүүлэхийн тулд ихэвчлэн сэтгэл хөдлөлийг нь үгүйсгэдэг. Гэхдээ хүүхэд сэтгэл хөдлөлөө таньж мэдсэнээр яаж удирдах аргад суралцах боломжтой. Айхыг нь хориглолоо гээд хүүхэд тухайн зүйлээс айхаа больдог уу? Мэдээж үгүй. Мөн хориглох тусам өөр сөрөг хэлбэрээр илэрхийлэгддэг болохоор та хүүхдэдээ болон өөртөө улам их асуудал нэмнэ гэсэн үг.

5.Хүүхдийн хөдлөх хэрэгцээ:

Хувцсаа муухай болголоо

Зүгээр томоотой суу даа.

Тоглоомын талбай дээр "хувцсаа муухай болголоо" гээд хүүхдээ загнаад байдаг. Хүүхэд гүйж, харайж, заваарч байж хорвоотой танилцдаг бас хөгждөг. Хүүхэд усаар тоглох дуртай байдаг. Тэгвэл яагаад ванн дотор багахан ус хийгээд тоглуулж болохгүй гэж. Шалтгаан: хамаг юм нь нойтон болдог, энд тэндгүй ус болдог гэх мэт. Шийдэл: тоглож дуусахаар өөрөөр нь хувцсыг солиулах, ус асгаж болох өөр сав өгөх, асгасан зүйлийг хүүхдээр өөрөөр нь арчуулах гэх мэт...

 

Сэтгэл зүйч Г.Хулан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх