Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 06 сар 26
Сонгуулийн сурталчилгааны чилийсэн 17 хоног өнөө шөнө өндөрлөнө. Ер нь л УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эцэслэн шийдэгдэх мөч хаяанд ирчихлээ дээ. Энэ удаагийн сонгуульд 1300 гаруй хүн улс төрийн нам, эвслүүдээс нэр дэвшиж, бас бие даагаад өрсөлдөж байна.
Тэд өнгөрсөн хоногуудад божийтлоо явж намаа ч, өөрийгөө ч сурталчиллаа. Нөгөөдрийг хүртэл 24 цагийн турш ам ангайж болохгүй. Тэгээд дахин 24 цаг сонгогдох эсэхээ хүлээнэ. Санал хураалт явагдана. Тэднээс 126 нь “үлдэж”, УИХ-ын гишүүн болно. 1200 орчим нь хэвийн амьдралдаа буцна.
Сонгуулийн сурталчилгаа юм, юмтай л болж өнгөрөв. “Хар, цагаан сурталчилгаа”-ны аль нь багадаж, аль нь ихэдсэнийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан “хар сурталчилгаа”-ны тухайд улс төрийн нам, эвслүүд бие бие рүүгээ багагүй “ус” цацах шиг боллоо. Голцуухан улс төрийн намын дарга нар руу хандсан “хар сурталчилгаа” явсан. “…Яаж” гэдгийг нь нуршиж яриад яахав, бүгд харсан. Харин нэг, хоёр тойргийн нэр бүхий хоёр, гурван хувь нэр дэвшигчид л хоорондоо ийм сурталчилгаа шидэлцэнэ лээ. Бусдаар бага гэхэд болно. Ерөнхийлөө, ийм сурталчилгаа урьд өмнөхүүдийг бодвол харьцангуй бага явсан шүү. Энэ бүсчилсэн том тойргийн онцлог байж мэдэх юм. Магадгүй багаараа сурталчилгаа хийсэнтай холбоотой гэсэн үг.
Үүнээс гадна, сурталчилгааны агуулга урьдынхаараа л байлаа. Зарим телевизийн сувгаар дамжуулсан мэтгэлцээнийг эс тооцвол улс төрийн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөр бараг яригдсангүй. Сонирхсон ч үгүй бололтой юм. Мэдээж хэрэг, УИХ-д нэр дэвшиж байгаагаа ойлгосон, юу ярихаа мэддэг нэр дэвшигчид цөөнгүй байна. Гэхдээ дийлэнх нь сурталчилгаагаа олонд ойр байдлаар хийлээ. Багаараа монгол дээлээр ижилсэж, морь унаж үзүүлэв. Багаараа ар гэрээ, эхнэр нөхрөө танилцуулж “…Тэднээрээ гоёдог” гэж гайхуулав. Багаараа “төмөр өргөж” үзүүлэв. Гартаа туухай ч өргөж үзээгүй ганц нэг нь чирэгдэж байна. Дарагдчих шахаад л, хөгжилтэй сурталчилгаа болно лээ. Бас сонгогчдын сэтгэлийн утсыг хөндөх “уянгалсан” контент ч их харагдсан. Ер нь уйллаа, дууллаа, байдаг бүхнээ л гаргалаа. Гол нь эдгээрийг сонгогчид цахим сүлжээнд шагшраад, тэдэнд улам урам өгөөд байх шиг байгаа юм. Тэгээд л 17 хоногийн турш иймэрхүү “үзүүлбэр”-тэй сурталчилгаа өрнөх шиг боллоо.
Ингэж хувийн амьдрал, хоббигоо танилцуулахаас хэтрүүлэлгүй сонгуульдаж буй нь сонгогчид популизмд автахаа больчихсонтой холбоотой. Бид бие биеэ нутаг ус, удам судраар нь мэддэг. “…Хэн юу хийж чадах вэ” гэдгийг ч гадарлана. Тэр хэрээр, нэр дэвшсэн хүмүүс ч “…Попорвол буруудна” гэдгийг маш сайн ойлгочихсон байна. Тийм учраас учиргүй том өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалт ярьсангүй бололтой. Яахав, барилаа алдаагүй хуучны популистууд ярьдгаа яриад явж л байна. Нэг иймэрхүү л ханатай сурталчилгааны өдрүүд өндөрлөж байна даа.
Сурталчилгааны үеэр нэг анзаарагдсан зүйлийг энд заавал хэлэх хэрэгтэй. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нэлээд нам, эвсэл үзэл баримтлалын хувьд үнэхээр ойлгомжгүй байв. Баруунтнууд, зүүнтнүүд нийлчихсэн нам, эвсэл байгуулсан байна. Бас барууны үзэлтэй нөхөр зүүний намыг сонгуульд удирдаж орсон нэг биш тохиолдол харав. Тэгээд дундаасаа нэг мөрийн хөтөлбөр гаргаж сонгуульд орж байх юм. Тэр хөтөлбөр нь барууны бодлого уу, зүүнийх үү гэдэг нь бас ойлгомжгүй болоод явчихаж байгаа юм. Цаашдаа улс төрийн намууд үзэл баримтлал гэдэг зүйл дээрээ төвлөрөх цаг болсон шиг байна.
Түүнчлэн өнгөрсөн 17 хоногийн туршид нэр дэвшигчдийн ярьсан яриа, үзүүлсэн зүйлүүд бүгд 2024 оны зургаадугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00:00 цагт устана. Та бидний тархинд л үлдэнэ. Сэргээж чадвал шүү дээ. Учир нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид цахим сүлжээг ихээхэн ашиглах шиг болно лээ. Хэдийгээр дараа нь биелүүлж чадахгүй бол, сүүлд ярьсандаа боогдох бол тэр зөв л дөө. Устчихаж байгаа юм чинь. Гэхдээ Монгол төрийн сонгууль гэдэг утгаараа, бас төрийн ой санамжид ч дэмжлэг болох агуулгаар нь нууж хаах, айж мэгдэх зүйлгүй, учраа мэддэг цөөнгүй улстөрч сонин хэвлэл ашиглаж сурталчилгаа юмаа хийнэ лээ. Явж явж түүх л дээ, тэр. “...Үг нисэн одож, цаас үлддэг” гэдэг дээ. Цахим сүлжээнийх устаж, цаасан сониных үлдэнэ.
Ер нь бол хэлэх гээд байгаа санаа маань, та бид “...Ирэх жилүүдэд амьдралыг минь, хувь заяаг маань шийдэж, хууль батлах хүмүүсийг сонгоно” гэдгээ л бодож “дугуйлах” хэрэгтэй. “…Тийм боловсролтой, мэдлэгтэй, чадвартай юу” гэдгийг нь харах шаардлагатай. Хамгийн чухал нь эрх ашгийг эрэмбэлж чаддаг, ингэхдээ улсын эрх ашгийг эхэнд нь, хувийнхыгаа сүүлд нь тавьдаг байх ёстой.
Түүнээс биш “...Энэ гоё эхнэртэй”, “...Тэр тэнхээтэй залуу”, “...Тэд их гоё ярьдаг” гээд сонговол алдана. Тэр утгаараа, сонгуулийн сурталчилгаа, бодит амьдрал хоёр бас л өөр байж таараад байгаа юм.
Яг үнэндээ, манайхан сүүлийн 30 жилийн хугацаанд ардчиллын бодит үр дүнд итгэл алдарчихаад байна. Улс орны аюулгүй байдал, эдийн засаг, та бидний амьжиргаа, сайн сайхан байдалд нөлөөлж, хяналтаас гадуур олон хүчин зүйл бий болсон. Чухамдаа энэ парадоксыг арилгахад шинээр сонгогдох УИХ нэн чухал үүрэгтэй юм. УИХ бол Монголын ардчиллын гол байгууламж болохын хувьд та бидний хүсэл зоригийг илэрхийлж, бүхий л хэрэгцээг зүй ёсоор мэдэрч, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд туслах үүрэгтэй. Тэр нь хууль батлах замаар хэрэгждэг.
Энэ удаагийн сонгууль ч ийм үр дүнгийн төлөө УИХ-ын төлөөллийг хангах зорилгоор Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар холимог тогтолцоогоор явагдаж байна. Тэр зорилго биелэх юм бол олон намын, бас нийгмийн сегментүүдийн төлөөлөл шинэ УИХ-д орж ирнэ.
Тийм болохоор дахиад хэлэхэд, та бид сонголт хийхдээ тухайн нэр дэвшигч УИХ-ын гишүүн байх чадамжтай эсэхийг харж л сонголтоо хийх хэрэгтэй. Сайтар шинжээд сонгож чадвал шинэ УИХ-ын 126 гишүүнээс зөв үйлдлүүд, үр дүнгүүд хөвөрнө. Чадаагүй бол дахиад л урьдынх шиг сонголтдоо харамсаад л хоцорно. Дөрвөн жил түүнийхээ шанг хүртэнэ. Түүнээс цаашаа ч үргэлжилж мэднэ.
Гаднын улс орнууд парламент, ер нь төрийн албаа ёс зүйтэй байлгахад ихэд анхаардаг. Манайх ч энэхүү зарчмыг ёс зүйн дүрэм буюу хэм хэмжээнд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Уг нь байдаг ч хэрэгжүүлдэггүй, тэгэхээр чанаржуулах шаардлагатай гэсэн үг. Тухайлбал, Канадын Албаны ёс зүйн дүрмийн оршилд “…Парламентад ажиллах нь олон нийтийн итгэл гэдгийг хүлээн зөвшөөрөх”, “…Парламентын гишүүн хувь хүнийхээ хувьд шударга гэсэн олон нийтийн итгэл, үнэмшил болон парламентад байгууламжийнх нь хувьд нийгмээс үзүүлж буй хүндэтгэл, итгэлийг алдахгүй байх”, “…Парламентын бүх гишүүн нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан хэм хэмжээг мөрддөг гэдгээ олон нийтэд батлан мэдэгдэх ба энэ нь үнэхээр ажил хэрэг болдог эсэхийг олон нийт дүгнэж цэгнэх боломжтой ил тод тогтолцоо бүрдүүлэх”, “…Хувийн ашиг сонирхлыг албан үүрэгтэйгээ хэрхэн зохицуулах талаар парламентын гишүүдэд тодорхой ойлгуулж, удирдамж өгөх”, “…Нийтлэг мөрдөх дүрмийг боловсруулж гаргах, хараат бус, аль нэг талыг бариагүй зөвлөгч зохистой зан үйлийн талаарх асуултад хариулт өгч байх боломж бүрдүүлэх замаар парламентын гишүүдийн дунд нэгдмэл ойлголт бий болоход дэмжлэг үзүүлэх- гээд тодорхойлчихсон. Энэ бол парламентат улс орнуудын жишиг.
Маш товч хэлэхэд, улс орны, нийтийн эрх ашгийг эхэнд нь, хувийнхаа эрх ашгийг сүүлд нь тавьдаг УИХ-тай, УИХ-ын гишүүдтэй л болох ёстой юм. Энэ мэтийг багцлаад л “…Хууль баталж, хувь заяаг минь шийдэх хүмүүс гэж бодож л дугуйлаарай” гээд байгаа юм. Сонголт мэргэн болог?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.