А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин сургуулийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 148 дугаар сургууль дээр ажиллалаа.

Тус сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орж, 640 хүүхдийн багтаамжтай баригдсан ч шинэ хичээлийн жилд 2100 хүүхэд суралцана. Гэвч сургуульд тохижилт хийх шаардлагатай. Анги танхим дахь ширээ, сандал хүрэлцээгүй, эвдэрч элэгдсэн байдалтай байна. Зарим анги танхимын ширээ, сандлыг эцэг, эхчүүд засаж торджээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Боловсролын яам, сайд нь өөрөө сургууль, цэцэрлэгийнхээ нөхцөл байдлыг нүдээр үзмээр байна. Цэцэрлэг, сургуулийн ширээ, сандал, ор дэр, зөөлөн, хатуу эдлэлд 2025 оны улсын төсөвт гэхэд 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Гэхдээ өнгөрсөн найман сарын хугацаанд Боловсролын яам тендер зарлаж, ажлаа хийсэнгүй. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажил зарлагдаагүй бол төсвийг татдаг. Тиймээс 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан. Бидний ирсэн 148 дугаар сургууль шиг сургуулиудын сандал, ширээг энэ төсвөөр шийдэх боломж байсан. Түүнчлэн нийслэлээс өнөөдөр 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй учраас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна. Нийт 15500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй боллоо. Боловсролын яам, П.Наранбаяр сайдаас энэ асуудалд хариуцлага шаардаж байна” гэлээ.

Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт дахин 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.

Тодруулбал, ХУД, 16 дугаар хороо, Нисэхийн дэнжид 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

ХУД, 24-р хороо, “Шинэ өргөө” хотхоны хажууд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,

СХД, 33 дугаар хороонд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан. Гэвч мөн л тавилга, ширээ, сандал, ор дэр, хатуу, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж нь шийдэгдээгүй байна. Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн болон хатуу хэрэгсэл, гал тогооны тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиг үүргээ нийслэлд хуулийн дагуу шилжүүлбэл ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Захирагчийн ажлын албанаас 6.2 тэрбум төгрөгийг боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэлд нэмэлтээр зарцуулахаар ажлууд хийгдэж эхэлсэн. Нийслэлээс нийт 66.2 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн асуудалд зарцуулж байна. Харин сандал, ширээ зэргийг ханган нийлүүлэх чиг үүргийг Боловсролын яам хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Давхардсан чиг үүргийг нийслэлээс хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх