Монгол Улсын Их Хурлын 2024 оны 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Налайх дүүргийн 3 дугаар хороо буюу 1-3-2 дугаар хэсэг дэх санал авах байранд гэр бүлийн хамтаар ирж саналаа өглөө.
УИХ-ын 13 дугаар тойргийн энэ хэсэгт нийт 1485 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 23.5 хувьтай байна.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох 9 дэх удаагийн сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн болгоны саналын ард эх орны тусгаар тогтнол, ард түмний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашиг оршиж байдаг. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, Эрх зүйт төрөө бэхжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцоорой гэж хүсье. Ялангуяа залуустаа хандаж хэлэхэд, сонгуульдаа идэвхтэй оролцох нь Та бүхэн ирээдүйгээ өөрсдийн итгэл үнэмшлээрээ бүтээх боломж юм” хэмээн залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Улсын хэмжээнд нийт 2198 санал авах байр ажиллаж байгаа бөгөөд нийт 2.224.233 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн 13:00 цагийн мэдээллээр улсын хэмжээнд ирц 29.3 хувьтай байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.