Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 20
Улс орон эдийн засгийн хүндрэлд байгаа энэ цаг үед улстөрчид ирэх сонгуулийнхаа талаар ярилцаж эхлэх нь тэр. 2016 онд болох сонгуулийн тухай яриа эхлүүлэх нь цаг үеэ олсон хэрэг мөн үү?
.
Гэтэл хэдэн сандал ширээний төлөө тулга тойрсон зүйлийн тэмцэлдээн ийнхүү эхэлж буй бололтой. Ажлаа сайн хийвэл ард түмэн бид та бүгдийг тэр сурталчилгаа, амлалтгүй аяндаа сонгоод үнэлгээг чинь хийгээд өгнө. Харин хий амлаж, хөлдөө хий оруулах хэрэг юунд байна. Ямартай ч ирэх сонгуулийн амлалт ийнхүү эхэллээ дээ. МАХН ирэх сонгуулиар таван асуудал танилцуулж байгаа юм байна. Үүнийг тоймлон хүргье.
МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр "Эхний ээлжинд малчдад төрөөс цалин олгодог болъё. Манай улс 51 сая малтай, 145 мянган малчин өрхтэй. Малчин өрх бүрт сарын 350-700 мянган төгрөгийн цалин олгох санал байна. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл сард дунджаар 100 тэрбум төгрөгийн зардал гарна. Малчдад цалин олгосноор малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Хүн амын төвлөрөл багасах боломжтой. Мөн малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн дээд хязгаарыг тогтоох боломж бий. Үүгээр дамжуулан махны үнийн дээд хязгаарыг 5000 төгрөгөөр тогтооё гэсэн саналыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүллээ. Зөвхөн мах биш малын гаралтай бүх хүнсний бүтээгдэхүүн юм" гэлээ.
Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгох юм байна. Ямар салбарт ажиллаж байгаагаас үл хамааран дээрх нэмэгдлийг олгох гэнэ. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 1.9 сая хүн амьдарч байгаагаас 1.4 сая нь гэр хороололд амьдарч байгаа аж. Энэхүү нэмэгдлийг олгож эхэлснээр гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлэх, усан хангамж, ариун цэврийн байгууламж, гудамж талбайн нөхцлөө сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж буйг гэнэ.
ТББ-уудыг дэмжих зорилгоор Хүн амын орлогын албан татварын санд хуримтлагдсан татварын нэг хувийг хуваарилахаар тусгажээ. Ингэж чадвал ТББ-ийн бие даасан үйл ажиллагаа сайжирч, иргэний нийгмийн байгууллагууд үүсч бэхжих нөхцлийг бүрдүүлж чадна гэж үзжээ. Улсын нийт төсөв 6.1 их наяд төгрөг байгаагаас хүн амын орлогын албан татвараас нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болдог байна. Үүний нэг хувь нь нэг тэрбум төгрөг юм.
Татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог системд өөрчлөлт оруулах тухай байв. Өнөөдөр мөрдөгдөж байгаа системээр бол Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр цалингийн үнэлэмж, доод хэмжээг тогтоож байгаа юм. Тэгвэл МАХН-аас дэвшүүлсэн саналын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар дангаараа тогтоодог болох юм. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг, нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 1200 төгрөг байна. Системд өөрчлөлт орсноор нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 2000-3000 төгрөг болж, сарын цалингийн доод хэмжээ 320-480 мянган төгрөг болох тооцоо хийжээ.
Эдийн засгаа хөл дээр нь босгочихоод сонгуулиа хоёрдугаарт тавьчихаж болдоггүй юмдаг уу даа.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.