Сургуулиудын кредитийн төлбөр 25-35 мянгаар нэмэгджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 08 сар 07

Энэ жил нийт 33.414 шалгуулагч ЭЕШ өгчээ. Жил ирэх тусам их, дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж буйг боловсролын байгууллагууд онцолж байгаа юм.

Харин үүнийг дагаад сургуулиудын төлбөрт өөрчлөлт орох нь бий. Тэгвэл Монголын топ сургуулиудын төлбөр хэд байгаа тухай багц мэдээллийг хүргэе. 

 

сонин mn

ШУТИС:

 

Нэг кредит нь 148-170 мянган төгрөг

 

Монголын топ сургуулиудын нэг нь яахын аргагүй ШУТИС. Ялангуяа хөвгүүдийн хувьд ирээдүйд инженер болохоор төлөвлөж байгаа бол энэхүү сургуулийн үүд хаалга нээлттэй байна. ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн нэг кредитийн үнэлгээ нь 148-170 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98-157 мянган төгрөгийн төлбөр төлөх ажээ. Тус сургууль нь хөтөлбөрөөсөө хамаараад нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107 мянган төгрөг байжээ. Харин 2023-2024 оны хичээлийн жилд энэ нь 47 мянган төгрөгөөр нэмэгдэж 157 мянга болоод байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд дахин 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

сонин mn

МУБИС:

 

Нийт төлбөр 3.5 сая

 

МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлөх ажээ. МУБИС-ийн намрын элсэлтийн хугацаа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-н хүртэл байна. Харин нийт төлбөр нь 3.5 сая байгаа юм байна. 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд байжээ. Харин өнгөрсөн хичээлийн жилд нэг кредит хичээлийн төлбөр 93600-112800 төгрөг болж 19 мянган төгрөгөөр нэмэгдэж, нийт төлбөр нь 2.9 сая байжээ. Харин энэ жил нийт төлбөрийн хэмжээ 600000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

сонин mn

МУИС:

 

Нэг кредит нь 123 мянган төгрөг

 

Монгол Улсын их сургуулийн төлбөр нэг кредит нь 123600 төгрөг байна. Суралцагч хамгийн ихдээ 21 кредит судлах боломжтой. “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар, нууц үг авах ажээ. Тус сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 98600 төгрөг байсан. Харин мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 100-120 мянган төгрөгийн хооронд байжээ. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн төлбөр 123300 болж 25300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

сонин mn

АШУҮИС:

 

Нийт төлбөр 4.3 сая 

 

АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар 4.3 сая байгаа гэв. Одоогоор дараах хөтөлбөрүүдэд нэмэлт элсэлт зарлаад байна. Тус сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр хамгийн багадаа 40700 төгрөг болдог. Харин Хүний их эмч, Шүдний их эмч зэрэг эрэлт сайтай ангиудын нэг кредитийн төлбөр нь 117610 байсан. Өнгөрсөн жилийн хувьд Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр 67200 төгрөг, Шүдний их эмчийн анги нь 130 мянган төгрөг болж, дунджаар 26500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол энэ хичээлийн жилд ч энэхүү мөнгөн дүн нэмэгдсэн харагдаж байна.

 

сонин mn

СЭЗИС:

 

Нийт төлбөр найман сая

 

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяар, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцах ангиасаа шалтгаалан нэг кредитийн төлбөр 215 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилийн төлбөр дунджаар найман сая орчим ажээ. Хоёр жилийн өмнө СЭЗИС-ийн нэг жилийн төлбөр нь дунджаар 5.9 сая төгрөг байв. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд 185 мянган төгрөг байжээ. Харин өнгөрсөн жил 212-250 мянган төгрөг болж 27-65 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх