Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 08 сар 13
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь салбар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хангамж тэр дундаа ачааны вагоны хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм.
Энэ хэрэгцээг өнөөдөр ОХУ, БНХАУ-аас худалдаж авах, урт богино хугацаагаар түрээслэх замаар хангаж байна.
Тэгвэл “Кэй Эйч Эм Зэт Фактору” ХХК нь Монголд ачааны вагон угсрах, үйлдвэрлэх засварлах үйлдвэр барих томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус компани нь уг төслийг хэрэгжүүлснээр жилдээ 1000 ачааны вагон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах юм.
“Кей Эйч Эм Зэт Фактору” ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монгол Улсад анхны 5 ширхэг ачааны вагон угсрах төслийг хэрэгжүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН болон төмөр хийцийн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж буй “Түмэн төмөрт” ХХК-тай хамтран туршилтаар 10 ширхэг хагас вагоныг хамтран үйлдвэрлэхээр тохирч анхны вагоноо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойн өмнөхөн үйлдвэрлэжээ. Энэ вагоныг УБТЗ-ын ачааны хагас вагон угсрах туршилтын цехийг түшиглэн үйлдвэрлэсэн бөгөөд тэвш түүний дагалдах төхөөрөмжийн бүх эд анги, хос дугуйг Монголдоо үйлдвэрлэн амжилттай угсарснаар манай улсад хүнд машин механизмын үйлдвэрлэл хөгжих цаг ирснийг харуулж байна.
Монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, ачааны төрөл, хэрэгцээ шаардлагад тохирсон техникийн үзүүлэлт сайтай харьцангуй хямд ачааны вагон дотооддоо үйлдвэрлэдэг болсноор өөр улсаас вагон түрээслэх, импортоор худалдан авах валютын урсгалыг зогсоож, уул уурхайн бүтээгдэхүүн болон бусад ачааг тээвэрлэхэд шаардлагатай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хангамжийг шийдвэрлэх юм.
Дашрамд сонирхуулахад өмнө нь УБТЗ-ын инженер техникийн ажилтнуудын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн вагон угсрах туршилтын цехэд 2017 онд угсарсан 5 ширхэг хагас вагон өнөөдрийг хүртэл төмөр замын тээврийн үүргийг найдвартай гүйцэтгэж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.