Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 22
・ 1
|
Төсвийн тодотголын хэлэлцүүлэг хоёр дахь даваагаа давж, гурав дахь руугаа шилжлээ. Өөрөөр хэлбэл, чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар байнгын хорооноос гаргасан санал бүрийг нэг бүрчлэн хэлэлцэв. Ингэснээр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого, зарлага дээр тус бүр 5 тэрбум төгрөг нэмж тусгах, Үндэсний номын сангийн барилга 2015 онд санхүүжих дүн 2 тэрбум 450 сая төгрөг гэснээс 1 тэрбум 400 сая төгрөгийг хасах. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр сумыг төвийн эрчим хүчтэй холбох ажлын гүйцэтгэлд 1 тэрбум төгрөг, Замын цагдаад гэмт хэрэг илрүүлэх хэрэгсэл худалдан авахад 450 сая төгрөг тус тус тусгах зэрэг саналуудыг дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын гаргасан 2015 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг царцаах санал дэмжлэг аваагүй байна.
Мөн Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав.Санал хураалтын явцад урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд 2015 онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд зориулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 90.000.0 сая төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцын урсгал зардалд нэмж тусгах. Алдарт эхийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19,448.9 сая төгрөгөөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын урсгал зардлыг нэмэгдүүлэх. Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардлыг 9,140.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг санал дэмжигдлээ.
Түүнчлэн урсгал зардал бууруулах саналын хүрээнд, улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад албан томилолт, дотоод албан томилолт, тойрогт ажиллах зардал. Зочин төлөөлөгч хүлээн авах зардал, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг тус бүр 5 хувиар бууруулж, нийт 467.2 сая төгрөгөөр урсгал зардлыг бууруулах санал дэмжлэг авлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.