Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2015 01 сар 26
Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
- Гацууртын ордыг ашиглах эсэх нь сүүлийн үед асуудал дагуулж байгаа. Таны бодлоор уг ордыг ашиглах нь зүйтэй юу?
- Бид өнөөдөр зээл авах уу? Хөрөнгө оруулалт хийх үү? Татвараа нэмэгдүүлэх ёстой юм уу гэсэн сонголт өнөөдөр байна. Бид хөрөнгө оруулалт нэмнэ гэвэл уул уурхайн салбараасаа өөр гаднын бизнесмений сонирхол татчихаар салбар одоогоор алга. Зарим бизнес эрхлэгчид урт нэртэй хуулиас болж газар доор таван тэрбум ам.доллар дарагдчихаад байна гэж яриад байгаа. Энэ бүхнийг өнөөдөр бид цэгцэлж, нэг талд нь бодох ёстой нь үнэн. Гэхдээ Гацууртын ордыг ашиглахыг би дэмжихгүй байгаа. Энэ нь гурван шалтгаантай.
Нэгд, Гацууртын ордыг яагаад ашиглуулаагүй юм гэсэн асуулт байгаа. Стратегийн орд биш. Хэрвээ стратегийн орд байвал энэ урт нэртэй хуулинд орохгүй. Стратегийн орд биш бол урт нэртэй хуулинд ороод ашиглахгүй гэсэн үг. Гацууртын орд бол стратегийн орд биш гэж тогтоогдоод ашиглахгүй байсан. Тэгэхээр ашиглахгүй байгаа зүйлийг гэнэтхэн стратегийн орд гэж оруулж ирж байгаа юм бол бүх хүн өөрийгөө таван тэрбум ам.долларын стратегийн ач холбогдолтой гээд нэмээд байж болно. Өөрөөр хэлбэл хууль буцаан хэрэглэгдэх ёсгүй байхад хүчээр хуулийг буцаан хэрэглэхийг оролдож байгаа.
Хоёрт, мэргэжлийн байгууллагууд нь хүннүгийн үеийн олдвор газар доор байгаа байхгүй тухай яриад байгаа. Жишээ нь археологичид хүннүгийн олдвор 5км-ийн цаана байгаа гэдэг мэдэгдэл хийж байгаад би харамсаж байгаа бөгөөд гайхаж байгаа. Та нар хөдөө хээр явахаар хэрэгсүүр энд тэндгүй л байгаа. Тэрэн шиг тухайн газарт хэрэгсүүр огт байхгүй байсан бол нутгийн иргэд өнөөдөр ингэж шаналж орилж явахгүй ш дээ. Хэрэгсүүр дотор юу байгааг археологичид яаж үзчихсэн юм. Манай “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн яваад энд хэрэгсүүр байгаа юм байна гээд харсан. Энхболд дарга “Хүрз бариад очихоор ухаад гарах юм байна л даа” гэж хэлж байсан. Хэрэгсүүрийг хүрзээр ухдаггүй. Хэрэгсүүр чинь гадна талдаа гэрийн буйр шиг чулуу овоолчихсон, хүн хараад хэрэгсүүр байна гээд мэдчихдэг. Олон хэрэгсүүр тэнд байна гэдгийг нутгийн иргэд бидэнд мэдээлэл өгөөд, энд хэрэгсүүр байгаа юм байна гэдгийг мэдээд байгаа болохоос түүн дотор араг яс, асар үнэтэй эд зүйл байж болно. Үүнийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр нүдэн дээр хэрэгсүүр харагдаж байгаа болохоор эсэргүүцээд байгаа.
Гуравт, байгалийн тэнцлийн талаар мэргэжлийн хүмүүс хэлээд байна. Өөрөөр хэлбэл бид нар бүлэг дээрээ мэргэжлийн хүмүүсийг нь дуудаж асууж байсан. Гацууртын орд өөрөө цэвдэгтэй газар гэж байсан. Цэвдэг гэдэг нь хөрсний доорх суурийг хамгаалдаг. Тэгэхээр цэвдгийг нь авчихаар тэнд үнсэн саарал хөрс л үлдэнэ гэсэн үг. Цэвдэг байгаа тохиолдолд тэнд эргээд ямар ч тохиолдолд өвс, ургамал, мод ургана. Модыг нь ухаад дахиад мод тарихад доороос нь чийглээд ургана гэсэн үг. Тэгтэл цэвдэгийг нь ухаад хаячихаар юу ч байхгүй. Энэ болгоны тухайн яриад байгаа юм. Тэрнээс бид өнөөдөр газар доор байгаа алтыг нь ухуулахгүй, алт бол муухай, мөнгө бол муухай гэж яриагүй. Энэ байр сууриар л яриад байгаа. Харамсалтай нь энэ гурван шалтгааныг өнөөдөр авч үзэхгүй ярихгүй байгаад УИХ-ын гишүүний хувьд би жаахан санаа зовж харамсаж л байна.
- Ерөнхийлөгч хориг тавиад лиценз олгохыг зогсоогоод байсан. Харин өчигдрөөс хайгуулын лицензийг олгож эхлээд байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
- 108 лицензийг тендер шиг санал хурааж олгох гээд байна гэж ойлгож байгаа. Ингэж өгөх л байсан юм бол хүнийг яагаад шоронд хийсэн юм бэ гэдгийг гайхаад байгаа юм. Бусдад лиценз өглөө гээд шоронд хийчихсэн ш дээ. Огт өгөх ёсгүй юмыг өгсөн гэж шоронд хийж байгаа юм бол одоо тэр хүнээ гаргах хэрэгтэй. Намайг гишүүн болохоос өмнө тийм дуулиан болсон ш дээ. Лиценз өгөх ёсгүй, Ерөнхийлөгч хориг тавьчихсан байсан. Ийм байхад дураараа өгчихлөө гээд хүнийг хорьсон. Одоо шоронд байгаа хүнээ гарга л гэж бодож байна.
- Монгол улсын нийт газар нутгийн 19.88 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэж байна. Таны хувьд энэ хувь өндөр санагдаж байна уу?
- Нэг үү? Хоёр уу? 19 уу гэдэг дээр биш өнөөдөр хяналтын зарчим яригдаад байна. Тэгэхээр бид нэг зүйлийг шийдэх ёстой. Нэгд лиценз төрийн монополь байх ёстой юу? Лиценз хувийн компаниудад байх ёстой юу? Гэдгийг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр хувийн компаниудад байгаа болохоор өнөөдөр Улаанбадрах сумын иргэд шиг хардалт үүсээд байгаа юм. Тэгэхээр лиценз төрийн монополь байх бөгөөд, төртэй хамтарч ажиллах талаар л ярина. Тэрнээс хувийн компанитай төр хамт хамтарч ажиллана гэсэн яриа байж болохгүй.
УИХ-аар цөмийн энергийн гээд олон хууль орж ирнэ. Би бол ингэж бодож байна, Росатом гэдэг шиг, нэгэнт бусдад олгочихсон зөвшөөрлийг бид яах юм? Булааж авч болохгүй. Тэгэхээр тодорхой хугацаа л зааж өгчих хэрэгтэй. Таван жилийн дотор лицензийн хугацаа дуусна, хугацаа дуусахаар улсдаа буцааж тушаа гэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол онцгой монополь байх ёстой. Тэрнээс бид нөхөн төлбөр энээ тэрээ гэж тухайн компанитай байлдаад хэрэггүй шүү дээ. Тэдний ард мафи, мөнгө угаадаг гадны компаниуд байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Таван жилийн хугацаа өгье улсдаа буцааж өг. Өнөөдөр Монгол улсын иргэн зориулалтаар газраа ашиглаагүй бол гурван жилийн дотор хураалгаад байгаа юм? Үүн шиг таван жилийн дотор ямар нэг хөрөнгө оруулалт байхгүй бол шууд хурааж авах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр хаягдсан лицензүүдийг цуглуулах ёстой.
- Ураны хайгуулын лицензтэй байж, уран олборлоод байна гэдгийг Улаанбадрах сумын иргэд яриад байгаа. Үүний улмаас хүн малд сөрөг нөлөө их гарч байгаа. Хайгуулын лицензээр олборлолт хийх...
- Ураны хувьд тийм биш л дээ. Уран олборлолт гэж огт байхгүй. Нутгийн иргэд олборлож байна гэж хардаж байхгүй юу даа. Амархан ч эд биш. Хүн боловсролынхоо хэмжээгээр хардах ёстой л доо.
Миний хэлж байгаагаар, ураны талаар нэгдсэн байр суурь, бодлого зайлшгүй байх хэрэгтэй. Өнөөдөр үүнд зориулсан Цөмийн энергийн газар гэж байгаад түүнийгээ татан буулгачихлаа. Өнөөдөр энэ талаар мэдэж байгаа хүмүүсийг аль болох замаасаа зайлуулах гэж оролдож байна.
Японы эрдэмтэнтэй очоод уулзаж байхад Монгол улсад өнөөдөр нэг л бодит үнэн байгаа гэж байгаа. Монгол улс өнөөдөр шар нунтгийг зарах ёстой юу, үгүй юу гэдгээ эхлээд шийд. Хэрвээ шар нунтгийг зарах ёстой гэвэл хогоо ав. Зарахгүй гэвэл хогоо авахгүй. Шар нунтгаа өгөөд хогоо авахгүй гэвэл зарснаасаа гурав дахин их мөнгө төл гэдэг ийм л дүрэм үйлчилдэг. Яг үүн шиг олборлолт гэдгийн ард цөмийн хаягдал хог л байгаа.
- Тэгэхээр та уран олборлохыг эсэргүүцдэг юм байна?
- Би эсэргүүцэж байгаа ч биш. Эерэг ч байгаа биш. Миний нэг дүрэм байгаа. Ард түмэнд мэдлэг олго. Ард түмнээсээ хогоо булшлах ёстой юм уу, булшлах ёсгүй юм уу гэдгийг асуу. Хэрэв хогоо булшилна гэж байгаа бол шар нунтгаа заръя.
- Монгол улсын сайд М.Энхсайхан өчигдөр Таван толгойн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж байгаа. Үүн дээр таны санал?
- Тавантолгой юу? Үүн дээр ямар баг орж ирж байгааг эхлээд харах хэрэгтэй ш дээ.
- Гурван хөрөнгө оруулагч байгаа?
- Үгүй ээ. Миний асуулт нь таван толгой байгаа юм уу? Гурван толгой байгаа юм уу? Хоёр толгой байгаа юм уу? Нэг толгойг нь залгичхаад дампуурчихсан компани үлдсэн толгойнуудыг нь гоё болгоод өгнө гэдэгт би лав итгэхгүй. Та итгэх үү? Тэгэхээр өнөөдөр мега төсөл гэж ярихын тулд бид энэ байгаа төслийг цаашаа үргэлжлүүлэх бололцоо, боломж байгаа юу гэдгийг харах ёстой. Бид нар өнөөдөр алтны компанид санаа зовох хэрэггүй. Алтны компани бол тодорхой алтаа аваад явдаг. Нүүрсний компани бол аюултай. Газрыг хэдэн зуугаар ухна, жинхэнэ там болгоно. Нүүрс гэхээсээ илүү байгаль орчноо ярих хэрэгтэй. Тэр утгаараа Таван толгой, Оюутолгойг ярихдаа нэн тэргүүнд байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэж үзэж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.