АН С.Баярцогтыг үеийн үед хамгаална

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 02 сар 09

АН-ынхан  хэдэн үеэрээ  С.Баярцогт гэж хүнд өртэй юм шиг алдаа эндэгдэл бүрт нь өмгөөлж хамгаалсаар  ирсэн.  Хамгаалсаар ч байх бололтой юм.  Сүүлд л гэхэд  Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулахаар АНУ-ын “Painter law firm” нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт суулгасан нь илэрсэн. 

 Эхний ээлжинд  455 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулахын зэрэгцээ төвсийн хөрөнгийг  шамшигдуулсан  зориулалтын бус зүйлд хууль бусаар  зарцуулсан гэдгийг  УИХ-ын  гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог  нар огцруулах хэрэгтэй гэж үзсэн.  

Энэ асуудалд  АН-ын бүлэг  С.Баярцогтын зөв ч бай, буруу ч бай цээжээрээ хамгаалах нь зүйтэй гэж үзсэн бололтой  “С.Баярцогт сайд Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр гарын үсэг зурсан байгаа юм. ЗГХЭГ-ын дарга бол Их хуралтай харьцдаг албан тушаал. Огцруулах өргөдөлд С.Баярцогтыг гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн байна гэсэн байна. Гэтэл С.Баярцогт гэрээ байгуулдаг хүн биш. “Эрдэнэс-Оюутолгой” компани гэрээ байгуулсан. Мөнгөний дүнгийн тухайд 17,5 тэрбум төгрөгийг өгчхөөгүй байгаа. 400 гаруй сая төгрөг 2014 онд шилжүүлсэн байна. Үлдсэн 17 тэрбум 45 сая төгрөгийг шилжүүлээгүй. Иймд уг асуудлыг гүтгэлэг гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд үзсэн байгаа” хэмээн. Ш.Түвдэндорж гишүүн мэдэгдэл хийсэн.

Харин  “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн байр эсрэг тэсрэг байгаа болохоор хэрхэн дүгнэх нь  гишүүдийн эрх.  Цаг нь болохоор тэгээд асуудал шийдэгдэх биз гэдгийг  З.Баянсэлэнгэ гишүүн “бөөрөнхийлөөд” орхисон. МАН-ынхан энэ асуудалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байдлыг  ажиглагчийн үүднээс харзнаж байна.  

Засгийн газраас С.Баярцогтыг хамгаалахын төлөө  тун ч хурдан мэдэгдэл гаргасан байгаа. мэдэгдэлд: ... Бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байх бөгөөд үүнийг Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус, явуургүй арга гэж үзэж байна... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтоосон Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах үндсэн ажлын хүрээнд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны албан бичигт хариу хүргүүлэх нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бүрийн хуулийн дагуу хариуцан гүйцэтгэдэг үндсэн ажил, үүрэг болно. Төрт ёсны уламжлал, төрийн институт хоорондын бичиг хэргийн харилцааны талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй байх учиртай, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс ийнхүү асуудалд туйлын хариуцлагагүй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа явдалд гүнээ харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.  

Энэ бүхнээс ажаад байхад  Монголчууд  чадварлаг мэргэжилтэнгүй болоод гадаадын компаниас  зөвлөгөө авч байгаа  юм байна.  Нөгөө талаас  С.Баярцогт гэрээнд гарын үсэг зурахдаа бусдын шахалтаар зурсан юм бол  яг энэ шалтгаанаар хэчнээн ч алдаа гаргаж болно.  Тэр бүрт нь Засгийн газар, АН хамтраад өмгөөлөөд байх юм байна.  Ядаж байхад  энэ үйлдэл нь  Мега төсөл хариуцсан  М.Энхсайхан сайдын ажлыг хийчихсэн байгаа юм.  Яагаад М.Энхсайханы хийх байсан ажлыг  очиж очиж  С.Баярцогт хийчив? Хийх хийхдээ яагаад  гэр бүлийн хоёр гишүүнтэй хуулийн товчоогоор хийлгэв? Гэх зэргээр олон эргэлзээ төрүүлж байгаа юм.  

Харин энэ бүхнээс  Монгол улсад ашиггүй  гэрээ хийхэд нь АН С.Баярцогтыг хамгаалсан.  Оффшор данс нь дэлгэгдэхэд  АН бас л хамгаалсан. Энэ удаад ч гэсэн хамгаалах нь.  Тэгэхээр АН  үеийн үед С.Баярцогтыг хамгаалах юм байна.  АН С.Баярцогтод хэдэн үеэрээ өртэй бололтой  

Э.Мөнгөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх