С.Баярцогт огцрох уу, үлдэх үү

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 10
С.Баярцогт огцрох уу, үлдэх үү
Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар удаагүй байгаа энэ үед гишүүнийг нь огцруулах шаардлага спикерт өргөн баригдаж хэлэлцэгдэж эхэллээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тухай асуудал юм. Анх шийдлийн Засгийн газрын танхимын гишүүдийг батлахад хамгийн их шүүмжлэлд өртөж байсан хүн бол С.Баярцогт. Түүнийг гадаад дахь оффшор дансаа нуусан гэх зэргээр шүүмжлэл өрнөж, ЗГХЭГ-ын даргаар ёс зүйгүй хүн томилох гэлээ хэмээн багагүй хэл ам гарсан. Гэсэн хэдий ч тэрбээр ЗГХЭГ-ын дарга болж чадсан юм. 

Гэтэл УИХ-ын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Тэд огцруулах үндэслэлдээ “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай гэрээ хийж 17 тэрбум, 500 сая төгрөгийг шилжүүлсэн байна” гэсэн. 

Харин дээрх асуудалтай холбоотойгоор Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд,  “Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах үндэслэл нь “бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байх бөгөөд үүнийг Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус, явуургүй арга гэж үзэж байна” гээд  Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан “Эрдэнэс оюу толгой” 17500.0 сая төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө бөгөөд энэхүү зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулах асуудлыг “Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна” гэсэн байна. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн гадаадад айлчлалаар яваа энэ үед үйл явдал гэнэт өрнөж, С.Баярцогт ч багагүй сандарч буй бололтой. Тиймдээ ч нэлээд бухимдуу яваа аж. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар "Шударга ёс" эвслийн бүлгээс уг асуудлаар иргэдээс маш их санал ирж байгаа тул "Судлах шаардлагатай" гэж үзээд, ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр С.Баярцогтыг огцруулах асуудлыг хоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэлцэхээр болж  хойшилсон. 

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр, “Шударга ёс эвсэл энэ асуудлаар завсарлага авч байгаад харамсаж байна. Намайг хангалттай гүтгэж, доромжиллоо. Засгийн газрын болон миний нэр хүндэд халдлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нарыг надаас уучлал гуйж, энэ асуудлаа татаж авах гэж байна гэж бодож байсан. Би УИХ-ын Ёс зүйн хороо, шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдэд ажил ямар процессоор явагдсан талаар мэдээлэл хүргүүлчихсэн байхад судлах зүйл байхгүй, З.Баянсэлэнгэ дарга аа. Судлах шаардлагатай гэж үзэж байгаа бол татаж ав” хэмээн бухимдангуй хэлсэн юм. Ямартай ч С.Баярцогт огцрох уу, үлдэх үү гэдэг нь ирэх долоо хоногт тодорхой болох нь ээ. 
 
П.ТУУЛ 

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх