Хуурамч Ардчиллын баг хууларч байна...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 24

 

 

- ХЭРВЭЭ Элбэгдоржийг сөрөг хүчин байх үед хэн нэгэн өлсгөлөн зарлаж, үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх нь АРДЧИЛЛЫН нэг баталгаа болдог, бүр чулуу бариад улайран дайрч болдог, галдан шатааж ч болдог, энэ нь шударга ёсны төлөөх эрс шударга тэмцэл болдог,
 
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно өлсгөлөн зарлах нь огтоос болдоггүй, утгагүй, шударга ёстой ямар ч хамаагүй, мэдлэг мэдээлэлгүй төөрөгдөл, эсвэл төрийг дарамталж ажлыг нь тайван хийлгэдэггүй рекетчингүүд болдог, тиймээс шөнө дүлээр гэнэтхэн хүч хэрэглэн ачаад явчихдаг ИЙМ ХАЧИН ГАЖ ХАОС байдлыг АРДЧИЛАЛ гэх аваас ИЙМ АРДЧИЛАЛ долоон уулын цаагуур далд орог...
 
- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжинд лааз өшиглөж явах үед Төр засгийг шүүмжлэх нь ШУДАРГА ШҮҮМЖЛЭЛ болдог, авилгалчдыг хуруу заан чичилбэл, гадаадынхныг "Эх орны минь баялгыг цөлмөн хоосоллоо" хэмээн чангаас чанга хашгирваас ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ болдог, 
 
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хойно Төр засгийг, авилгалчдыг шүүмжилбэл "муу амт", "өө хайгч", "ул шагайгч" болдог, гадаадынхныг "Эх орны минь баялгыг шударга бусаар авч байна" гээд хашгирч орхивоос "Популист" болоод зогсохгүй хамтран ажиллах гэж байсан сайн сайхан хөрөнгө оруулагчдийг үргээж, эх орны хөгжилд хор хохирол авчрагч муухай адгийн тэнэг ХОРЛООЧИН болдог ийм ХАЧИН ОЙЛГОМЖГҮЙ, АВЦАЛДААГҮЙ байдлыг ШУДАРГА ЁС гэх аваас ИЙМ ШУДАРГА ЁС тэр эрлэг тамруугаа арилаг...
 
- ХЭРВЭЭ монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгддэг АРДЧИЛСАН НАМ-ыг сөрөг хүчин байх үед шударга ёсны төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж дарга өлсгөлөнгийнхөн дээр ирж, эв санааны нэгдлээ илэрхийлж, хамт сууж өлсдөг, Элбэгдорж цовоо цоглог дуугаар чанга яригч барин монгол даяар уриалан дуудаж, хашгичиж болдог, Бат-Үүл хууль зөрчөөд хүнд даацын тракторуудыг төв талбайд авчирч болдог, 
 
- ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сэнтийд, Бат-Үүлийг хотын мэрийн суудалд заларсан хойно ШУДАРГА ЁСНЫ төлөө өлсгөлөн зарлавал Гончигдорж өлсгөлөн зарлагчдаас холуур тойрч, Ордны нөгөө хаалгаар сэмхэн гардаг, өлсгөлөнд суугчдыг нүдэнд орсон хог мэт хялайн хардаг, Элбэгдорж үл мэдээчин, үл сонсоочин, үл тоогоочин болдог, Бат-Үүлийн цагдаа нар хүнд даацын трактор байтугай хүүгээ эргэхээр халуун сав барьсан хөгшнийг ч талбай руу ойртуулдаггүй ийм ХАЧИН ХОРЛОГООНТОЙ байдлыг ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ЭРХ ЧӨЛӨӨНӨӨС гавтайгаа гасалж хэвтэх нь хол дээр хэрэг болно.
 
- ХЭРВЭЭ Элбэгдоржийг гудамжны тэмцэгч байх үед Ерөнхийлөгчийг авилгач гэж чангаар хашгирч чадвал жинхэнэ Ардчилсан үзэлтэн болдог, ХАРИН Элбэгдоржийг Ерөнхийлөгч болчихсон хойно Ерөнхийлөгчийг шүүмжилбэл коммунист, социалист үзэлтэн болчихдог ийм ХАЧИН МУЙХАР, ГАРАХ ГАРЦГҮЙ байдлыг ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ гэх аваас ИЙМ ОЛОН УРГАЛЧ ҮЗЭЛ энэ дэлхийгээс зайлбал таарна.
 
-ХЭРВЭЭ Монголын ардчиллын үнэт зүйлийг тээгч гэгдэх АН-ыг сөрөг хүчин байх үед олон нийтийн эсэргүүцлийг Олон нийтийн ТВ-ээр гаргахгүй, бодит байдлыг мэдээлэхгүй байгаагийнх нь төлөө ТВ-ийн үүдийг эвдлэн дайрч орж болдог, сэтгүүлчийг доромжилж, камерийг нь булааж, цохиж болдог, ХАРИН АН-ыг төрийн эрх барьж байх үед Төр засгийн бодлогыг шүүмжилж, өлсгөлөн тэмцэл хийсэн тэмцэгчдийг хомроголон ачиж буй бурангуй явдлыг Олон нийтийн ТВ-ээр бүү олон олон нийтийн бусаар нь ч огтхон ч мэдээлдэггүй, үл мэдээчин болдог ийм үзэгдлийг ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ гэх аваас ИЙМ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ газрын гав руу орог... ТЭР АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТЭЭГЧ-тэйгээ хамт...
 
- Эцсийн эцэст Монгол дахь хуурамч ардчиллын баг хууларч байна. Ийнхүү хуурамч баг хуулрах хэрээр ард түмний ардчилалд итгэх итгэл алдарч, ардчиллаас өөрийн эрхгүй зугтах үзэгдэл илэрхий ажиглагдаж буй нь үнэн хэрэгтээ бодит ардчиллын замд учирч болзошгүй хамгийн том гарз, ухралт болно. Ардчиллыг өмчлөгч, ардчиллын үнэт зүйлсийг тээгч гэгдэх цөөхөн хэдэн хүмүүсийн гайгаар ард түмэн ардчиллаас ийнхүү ухрах аваас, ардчиллаа нэгмөсөн булшилж орхих аваас ГАЙГ нь ганц энэ хэдэн хүн биш бид бүгдээрээ үүрнэ.
 
- Хамгийн гол дургүйцэж буй зүйл маань энэ өлсгөлөнг зам зуурт нь зогсоох боломж манай Төр засагт хангалттай байсан, нөхцөл байдлаа ярилцаж, болох болохгүйгээ хэлэлцэж, зөвшилцөх боломж бүрэн байсан.
 
Гэвч харамсалтай нь Ерөнхийлөгч ЗГ, УИХ-ын зүгээс тийм оролдлогыг өчүүхэн ч, бүр хумсын төдий ч хийсэнгүй. УИХ-ын дарга З.Энхболд "Энэ өлсгөлөн зарлаад буй нөхдүүд ямар ч мэдээлэлгүй, огт буруу ойлголттой байгаа юм биш үү?" гэж чуулган дээр ярьж суусан. Үнэхээр тийм бол яагаад тэр байхгүй мэдээллийг нь өгөөд, өөрөө ч болсон очиж уулзаад буруу ойлголтыг засаж залруулж болоогүй юм бол... Үл тоосон хандлага нь огт таалагдахгүй байна.
 
Өлсгөлөн зарлагчид ЗГ-ыг огцор, АН-ыг тараа, Элбэгээг барьж хорь гэх мэт огтоос боломжгүй зүйл шаардаж, муйхарлаагүй дээ... Одоо харин энэ байдал бүр муйхар явдал руу хальтрах вий дээ.
 
Эрх баригчид өлсгөлөн зарлагчдыг хүчээр ачин, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөнд нь халдсан муйхар явдал руу хальтарлаа. Харин ард түмэн ухаантай байж, тэдний үйлдсний адил муйхарлаж л болохгүй. С.Зориг агсан "Би Монголын ард түмний саруул ухаанд итгэдэг" хэмээх үгийг зүгээр нэг амнаасаа унагачихаагүй. Хэрвээ бухимдаж, хөөрсөн ард түмэн эрх баригчидийн адилаар муйхарлах аваас ядарсан эдийн засгаа улам сөхрүүлж, тэмээн дээр ямааны гарз нэмэхээс цаашгүй юм болно.
 
Ингэхэд НОЁН УУЛ маань аргагүй л ИХ үнэ цэнэтэй НОЁН уул юм байна даа.
 
Б.Номинчимэд
2015.2.24

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх