Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
4 цагийн өмнө
Сэлбэ гол дагуу S'Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн хамгаалалтын даланг барихдаа өндөр бетон ханууд босгожээ. Энэ нь ямар учиртайг мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл "2023 онд Барилга, Хот Байгуулалтын Яамны захиалгаар Сэлбэ сэргэлт төслийн зураг төсөл хийгдсэн юм. Тухайн зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт ерөнхий гүйцэтгэгчээр, түүний дор усны мэргэжлийн 10 гаруй байгууллага хамтран судалгааны иж бүрэн зураг, төслийг боловсруулсан байдаг.
Энэ нь Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд 21.4 километр, инженерийн шийдэлтэй үерийн далан суваг, авто зам, явган хүний зам, тохижилт багтсан том бүтээн байгуулалтын зураг төсөл.
2023 оны долдугаар сарын 4-нд S'Outlet дэлгүүрийн орчимд үер буусныг бид мэдэж байгаа. Тухайн өдөр Сэлбэ голын хуучин үерийн далан нь секундэд 45 м.куб усыг хүлээж авч чадаагүй.
Хамгаалалтын далан нь 100 жилд нэг удаа тохиолддог их үерээр секундэд 208 метр куб усыг өнгөрөөх ёстой. Ингэж байж үерийн далангаар ус халихгүй, аюул багатай байна гэсэн үг.
Тооцооллоор Сэлбэ голоор 2023 онд болж байсан үерээс 5-7 дахин дахин их ус орж ирнэ. Үүнээс хамгаалахын тулд хуучин шороон даланг тэгшилж, дөрвөн метрийн өндөртэй бетон хана босгож байна. Үерийн үеэр сэтэрсэн Сэлбэ голын баруун эргийн шороон далангийн өндөр нь 3.5 метр байсан. Буянгийн замын урд буюу S'Outlet дэлгүүрийн буурины хэсэг нам дор учраас өндөр харагдаж байгаа байх. Далангийн гадна талаар шороон дүүргэлт хийгдэх учир бүтээн байгуулалт дууссаны дараа харагдах байдал нь өндөр бетон харагдахгүй.
Үерийн далангийн үндсэн бетон хийцлэлийг зургаадугаар сард дуусгасны дараа Сэлбэ голын эргээр иргэд амарч суух усны урсцын тохируулгатай, ногоон байгууламж, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж зэрэг тохижилтыг хийх бол далангийн гадна 2-2.3 метрийн орчимтой шороон дүүргэлт хийж, явган болон дугуйн зам тавина. Харин үерийн далангийн орчимд зай байхгүй тул авто зам тавих барихгүй" гэж тайлбарлалаа.

Үерийн далангийн бүтээн байгуулалтын нийт төсөв 20.5 тэрбум төгрөг бөгөөд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" барьж байгаа билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.