“Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2014 10 сар 12

Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн ирэх оны төсөв хүнд байдалд орж мэдэхээр болоод байна. Яг энэ сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “ММ” агентлагийн “Ярилцъя” нэвтрүүлгээр сэтгүүлч Х.Эрдэнэбулгантай ярилцаж байр сууриа илэрхийллээ.

 

-НИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-ын гишүүд хотыг дампууруулах уу,эсвэл аврах эсэх нь  ирэх оны төсвийг хэрхэн батлахаас шалгаална гэжээ. Та төсвийн төслийн талаар иргэдэд ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?
-Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн төсвийг бие даалгахаар болж байгаа тухай хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байсан. Энэ ярилцлага олон нийтийг зориудаар төөрөгдүүлж, ташаа мэдээлэл өгсөн. Үүнийг засч ярих нь зүйтэй гэж бодож байна. Сайн анзаарсан бол Ч.Улаан сайд зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярина гэгч болсон. Засгийн газраас УИХ-д  2015 оны нэгдсэн төсвийн танилцуулга өргөн барьжээ. Энэ төсөл УИХ-аар батлагдвал үр дагавар нь маш аюултай. Ч.Улаан сайд шиг туршлагатай хүн  энэ төсөл хотын эдийн засгийг шууд дампуулна гэдгийг мэдэж байгаа. Би хувьдаа Ч.Улаан сайдыг яагаад ийм зүйлийг санаатай хийж байгааг гайхаж байна. Хэрвээ уг төсөв УИХ-аар батлагдвал  Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын ажилчдын цалинг олгож чадахгүй, хэрвээ цалин тавих гэж оролдохоор болбол  бүх иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дээр татварыг 2 дахин нэмэхээр болно.  Үүнийг Ч.Улаан сайд мэдэж байгаа. Энэ бол улс төрийн зорилготой, нийгмийг тогтворгүй байдал руу түлхсэн зориудын өдөөн хатгалга гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ талаар Ерөнхий сайдад удаа дараа мэдэгдсэн боловч тун хайхрамжгүй хандаад байна.  Бидэнд багш, эмч, соёлын байгууллагын цалин, урсгал зардал гээд 280 тэрбум төгрөгийг олго, 53,4 тэрбум төгрөгийн ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр үнэгүй зорчуулсныг татаасыг өг,  94 тэрбум төгрөгийн халамжийн санг олго гэж хэлсэн. Эдгээр нь сар бүр өгч байх ёстой төсвийн урсгал зардал юм. Өөрөөд хэлбэл, төсвийн тухай хуульд Зарлагаа бүрэн санхүүжүүлэх гэдэг нь урсгал зардлаа  урсгал орлогоор санхүүжүүлэх ёстой гэсэн үг юм. Тийм учраас улсын төсөвт энэ ачааллыг өгдөг. Яагаад гэвэл онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвар гэх мэтээр улсын төсөв урсгал орлоготой. Энэ нь өдөр бүхэн орж байж иргэдийн цалинг өгч, ургсгал зардлаа өгдөг.

 

-Таныхаар бол хуулийн дагуу улсын төсвөөр хариуцах ёстой зардлуудыг нийслэлд үүрүүлэх ёсгүй юм байна, тийм үү?
-Төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг улсын төсөв хариуцна гэж заасан байдаг. Энэ нь нийслэлийн төсөвт байдаггүй, хариуцуулдаггүй.  Нийслэлд байдаг төсвийн хамгийн их нь хүн амын орлогын эх үүсвэр 56 хувьтай байдаг. Хүн амын орлогын эх үүсвэр нь хүмүүс цалингаа авсны дараа цалин болон түүнтэй адил орлого суутгаж бий болдог. Нийслэлийн төсвийн цалингийн фонд улсын төсвөөс цалин тавьсны дараа бий болдог орлого учир хамгийн том орлого нь болдог. Үл хөдлөх хөрөнгө болон бусад татварууд улирал жилээр авдаг, нэг удаа олгодог татвар юм. Гэтэл  ийм төсөв дээр урсгал зардал хариуцуулчихаар цалингаа тавьж чадахгүй болно. Төсөв энэ чигээрээ батлагдвал нэгдүгээр сард 30 тэрбум, 4 дүгээр сард 60 тэрбумын алдагдалд орж дампуурах аюулд хүрээд байна. Хэрвээ бидэнд  аваанз, сарын сүүлийн цалинг  хариуцуулж байгаа бол онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн татвар, хотын гаалийн татвар, урсгал орлогыг өгвөл бид цалингаа тавьж болно. Уг нь 2003 оноос өмнө ийм зүйл байсан. Бид аж ахуйн орлогын албан татвар НӨАТ, онцгой татвар, нийслэлийн төсвийн орлого байдаг байхад  цалингаа төвөггүйхэн тавьж, зарим дүүрэгт татварын  ашигтайгаар гарч байсан. Гэтэл Ч.Улаан сайд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг гарган ирж энэ орлогыг улсын төсөвт хураан авч, зогсоосон. Тиймээс Сангийн сайд энэ эмзэг асуудлыг мэдсээр байж яагаад ийм зүйл хийсэнд гайхаж байна.

 

-Тэгэхээр хотын зүгээс Засгийн газарт яг ямар шаардлага тавьж байгаа вэ. Хэрвээ төсөв батлагдчихвал бүтээн байгуулалтын ажлууд зогсох уу?
-Бидний зүгээс ганц л зүйл шаардаж байгаа. Үнэхээр хотыг бие даалгах гээд байгаа юм бол 2003 оноос өмнөх санхүүгийн тогтолцоог бий болгоё. Бид урсгал орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртөгийн албан татвар, гаалийн татвараа авъя. Тэгвэл бид Засгийн газрыг харахгүйгээр бүх ажлаа хариуцаад явж болно. Одоо бол хот ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болж байна. Сарын дундуур цалин тавья гэхээр урсгал орлоготой төсөв байхгүй. Ямар нэгэн байдлаар зээл авах хэрэг гарна. Гэхдээ нэгдүгээрт зээл авах эрхийг Засгийн гараас зөвшөөрөл авдаг, хоёрдугаарт банкууд бидэнд зээл өгдөггүй. Яагаад гэвэл урсгал зардалгүй учраас. Ингээд ямар ч хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй, дээрээс нь татвар нэмнэ гэхээр энэ нийгмийг бүхэлд нь сүйрүүлнэ. Нөгөө 22 байршилд хийж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлт, Азийн хөгжлийн банктай хамтарч Чингэлтэй, Баянхошуу дүүрэгт барих хотын дэд төв барих ажил зогсонги байдалд хүрнэ. Хөрөнгө оруулалтад 320 сая доллар зарцуулахаас 90 саяыг хот гаргах ёстой. Энэ зогсоно гэсэн үг. Ерөнхийдөө  нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтыг ажлууд бүгд зогсоно. Ийм л дампууралд хүрэхээр байна. Яагаад урсгал орлогогүй төсөвт урсгал зардал байж болдоггүй гэдгийг  мэдсээр байж  аюул руу түлхэж байна вэ гэдэгт л гол асуудал байгаа юм. Энэ бүхэн  Ч.Улаан сайд 2003 онд төсвийн удирдлага санхүүжилтийн хуулийг оруулж ирснээс болж байгаа юм.

 

Хүмүүс цалингаа авч чадахаа болихоор зах зээл дээр хэн ч бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болино. Яагаад хүмүүсийн цалинг тогтвортой өгдөг вэ гэхээр зах зээл дээрх эргэлтээ барьж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж байхын тулд шүү дээ. Тийм учраас төсвийн урсгал орлогын төсвийн урсгал зардал байдаг юм. Өөрөөр хэлбэл, урсгал гээд нэрлээд байгаа зүйлийг артерийн судас гүйж байна гэж үзвэл үүнийг яг одоо таслах гээд байна.  Үүнийг тасалчихвал тэгээд л  бүх бизнес дампуурах ийм л эрсдэлтэй. Ийм үед бид иргэдээс татвараа авъя гэвэл иргэдэд юугаараа төлөх болж байна.
Нийслэлд хүн амын 50 хувь, банкны хадгаламжийн 80 гаруй хувь, зээлийн 90 хувь, ДНБ-ий 63 хувь ногдож байна. Сүүлийн гаргасан түүвэр судалгаагаар хотын хүн ам 1,360,000 болж байхад эдийн засагт “тэсрэх бөмбөг” хаядаг нь яаж байгаа юм. “Чингис” бондын мөнгийг зах замбараагүй тараасныхаа бурууг нийслэлчүүдэд үүрүүлж болохгүй шүү дээ. Хариуцлагаас бултсан, хуул зөрчсөн ийм үйлдлийг хүлээн зөвшөөрч чадахгүй.

 

-Мал, автомашин, үл хөдлөхийн татварыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Тэгвэл өнгөрсөн оны дүн нь хэд байсан, одоо энэ татварыг 2 дахин нэмэгдүүлбэл хэд болох боломжтой вэ? 
-Нийт орлогын 56 хувь нь хүн амын орлого шүү дээ. Өөрөөр хэлбэл цалингаа тавьчихаад буцааж авдаг, иргэддээ үйлчилгээ үзүүлж байгаагийн төлөө авч байгаан хураамж. Үл хөдлөх хөрөнгийн татвар 10 гаруй хувьтай байдаг. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгийн татварыг хуулиар чөлөөлчихсөн. Тухайлбал гэр хорооллын айл иргэдийн өмчилж авсан газрын татварыг үл хөдлөх хөрөнгийн татвар, орон сууцны газрын төлбөрийн бүгдийг  чөлөөлж өгсөн.

 

-Энэ төсөвт хөрөнгө оруулалт тавигдсан уу?
Байхгүй. Улсад оруулах хөрөнгө оруулалт 0 байна. Бидний байсан хамаг эх үүсвэрийг залгичихаад байна. Тэгэхлээр энэ төсвийг УИХ-аар батлуулахгүй. Хэрвээ  УИХ баталсан тохиолдолд бүх хариуцлагыг өөрсдөө хүлээхээс өөр аргагүй. Энэ төсөв батлагдвал би НИТХ-д 2015 оны төсвийн төсөл оруулах ямар ч бололцоогүй болно. Яагаад гэвэл энэ төсөл хууль зөрчиж байна. Хуульд улсын төсвийн  хүлээх чиг үүрэг дотор эрүүл мэнд, боловсролын, соёлын байгууллагын ажилчдын цалин улсын төсөвт байдаг. Нийслэлийн төсөвт зөвхөн халамжийн зардлыг нийслэл дүүрэгт хуваах байдлаар хийсэн байдаг. Одоо Нийгмийн хамгааллын сайд босоо удирдлагтай, төсвийн зарцуулалт нь хэвтээ байгаа учир энэ хуулиа зөрчиж байгаа юм. Нэг ёсондоо менежмент, тавилт хоёр нь зөрчихсөн гэсэн үг.

 

-2003 оноос өмнө байсан эрх зүйн орчинг бий болгоё гэвэл дахин хууль өөрчлөх шаардлагатай юу?
-Шаардлагатай байлгүй яахав. Одоо Засгийн газар нэгдсэн төсвийн төслийг эргүүлэн татаж шинээр өргөн барих ёстой. Хотод орлого, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар,  гаалийн албан татварыг нь өгье гэж өөрчлөх хэрэгтэй.  

үргэлжлэлийг энд  дарж үзнэ  үү

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх