Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ажлаа хийж чадахгүй, салбараа дампууруулж байгаа талаар шүгэл үлээж, огцрохыг шаардсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


– Та уржигдар орой шар канистрт шатахуун авч дамлан зарж байгаа талаар бичлэг хийсэн нь нийгэмд нэлээд сэвэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна?

-Энэ бол нэн тэргүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын 100 хувийн буруутай үйлдэл шүү дээ. Яагаад гэвэл, салбарын сайд гэдэг бол тухайн салбараа бодлогоор хангах ёстой. Бодлого нь алдагдсанаас болоод шатахуун түлш хомсдоод, энэ үед доод шатандаа идээ бээр нь илэрч гарч ирж байна. Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Гэтэл тэнд өнөөдөр хүн шатахуун түлш дамлаж зарахдаа хүрч байна. Энэ бол гэмт үйлдэл. Бодлогын шийдвэрийн алдаатайгаас болоод ийм гэмт үйлдэл болох нөхцөл үүсчээ. Иргэд түгээгчид мөнгө өгч байж шатахуун авч байна. Авлига үүсч байна. Энэ бол 100 хувь Г.Дамдиннямын буруутай шийдвэрээс үүдэлтэй.

-Өчигдөр та нөхдийн хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны үүдэнд бүтэн хоёр цагийн лайв хийсэн?

-Тийм ээ, Г.Дамдиннямыг огцруулъя гээд очсон юм. Бид түгээгчтэй холбоотой л юм яриад яваад байгаа юм биш. Би үүнийгээ цахимд нээлттэй зарлаж, 14 цагт тус яаман дээр очсон. Г.Дамдинням сайд биднийг очихоос өмнө хэвлэлийн хурал хийгээд ярьсан зүйл нь “Машиндаа түлш нөөцөлсөн хүн бол ажил явдалтай байгаад бензин авсан гэнээ” гэж хэлж байгаа юм. Ингээд хэлчихвэл нийгмээрээ өрөвдөх юм байна л даа. Гэтэл нөгөө хүн бол миний утас руу дайрч байсан, тухайн үедээ “Ах нь ажил явдал гарсан” гэж хэлээгүй “Байгууллагын эрхээр авч байна. Карттай явж байна” гэж хэлээд хар өнгийн карт үзүүлсэн. Тэгээд ч машин нь байгууллагын машин биш байсан л даа.

Гэхдээ цаашид бидэнд ямар стандарт тогтох гээд байгаа юм бэ. Байгууллагын болон даргын машин бензинтэй явах юм байна, тийм үү. Танил талтай бол бензинтэй юм байна. Тэгвэл танилгүй иргэд бензингүй учраас хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэх гээд явган алхах юм уу. Шатахуун түлш хомсдоогүй байсан бол өнөөдөр шагийн бензин гарч ирэхгүй шүү дээ. Иргэдийг гэмт хэрэг хийх нөхцөл байдал руу Засгийн газар түлхэж байна.

-Та нарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу оруулаагүй. Төрийн тусгайгийнхан үүдэндээ гарч ирчихсэн хүчитгэн хамгаалалт хийгээд байсан. Та сайдтай уулзахаар цаг тохирсон байсан уу?

-Бид олон нийтийн сүлжээгээр 14 цагт очно гэж зарлаад л очсон. Бид цаашаа нэвтэрдэггүй юм аа гэхэд ядаж коридорт нь орох ёстой шүү дээ. Гэтэл биднийг дотогш нь огт нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авсан. Энэ нь эрх баригчдын яриад байдаг нээлттэй засаглал мөн үү. Нээлттэй биш, хаалттай л байсан. Улс төрийн нам очиж байгаа шүү дээ. Аль ч улсад улс төрийн нам иргэдийнхээ дуу хоолой болоод шаардлагаа тавиад явдаг, бид ч ийм л ардчилсан системийг сонгосон шүү дээ, уг нь. Гэтэл яагаад ингэж, босго давах ч эрхгүй хаалт үүсгэж байгаа юм бэ. Иргэдийн дуу хоолойг сонсох улс төрийн соёл ч алга.

-Та “Би ормоор байна аа. Өндөг шидэхгүй. Гараа гавлуулаад оръё” гээд хашхираад байсан шүү дээ?

-Одоо өөр арга байхгүй. Би ороод л хэн нэгнийг барьж аваад зодож нүдэхгүй шүү дээ. Үсрээд л Г.Дамдиннямыг чирж гаргаад, хэдэн ШТС-аар л дагуулж явна биз дээ. Бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцуулаад гэрт нь, эсвэл үсчингийн газар нь хүргээд л өгнө. Гэтэл Г.Дамдинням бидэнтэй муур, хулгана болж тоглож байгаа юм шиг төрийн тусгай хамгаалалтад хэвлэлээр худал яриад байгаа юм. Хэрэв бидэнтэй яваад газар дээрх нөхцөл байдалтайгаа танилцсан бол, явж ирээд бодит шийдвэр гаргах байхгүй юу. Үгүй бол зайл л даа. Г.Дамдинням өөрөө хэлэхдээ, “Намайг явуулчихаар бензин хэвийн болчихно гэж байхгүй шүү дээ” гээд байгаа юм. Ингэлээ гээд энэ хүнийг сайдын суудалд удаан байлгаж болохгүй. Магадгүй, ОХУ-тай очоод учраа ололцож чадах, илүү ур чадвартай, сайд болчихоор хэмжээний хүн байгаа ч юм бил үү.

-Ер нь салбарынхаа сайдыг шатахуун импортлогчид тоож байгаа юм уу. Замын хоёр талд байгаа ШТС-ууд “Өнөөдөр танайх өг. Маргааш манайх өгье” гээд үгсэн хуйвалдаад ч байгаа юм шиг илт аргацаах маягтай шатахуун түлшээ өгч байна шүү дээ?

-Би наадахыг чинь л хэлээд байгаа юм. Зангарагтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч хүн л сайд хийдэг болохоос биш Г.Дамдинням шиг цүнх баригч, “салбадай” сайд хийдэггүй л байхгүй юу. Тийм учраас Г.Дамдиннямыг захын колонкын эрхлэгч л “Чи зайлаач” гэдгийг үйлдлээрээ үзүүлээд байна шүү дээ. Өнөөдөр энэ хүнийг хэн ч сайд гэж харахгүй суганы үс, салбадай л гэж харж байна. Үгүй юм бол, Г.Дамдинням аа, чи сайд шиг салбараа удирд л даа. Чадахгүй, энэ суудалд тэнцэхгүй байгаа учраас л бид чамайг огцруулъя гээд байгаа юм. Би хувьдаа энэ хүний улс төрд гарч ирсэн түүхийг нь санаж л байна. Анх “Цагдаа намайг танихгүй байна” гэж муудалцаж байсныг мэдэх юм. Дараа нь “Миний зургийг дараадах” гэж Төрийн ордон дотор сэтгүүлч, зураглаачийг татаж гүйсэн. Тэгээд сайд болоход нь Ерөнхийлөгч захиж хэлсэн юм билээ, “Чи битгий хулгай хийгээрэй” гээд. Гэр бүл дотор, хүүхдүүд дунд нэг асуудалтай нөхөр байдаг шүү дээ. Аав ээж нь “Миний хүү, битгий архи уугаарай” гээд захиад байдаг. Архи уудаггүй хүүхдийг хэн ч битгий уугаарай гэж хэлэхгүй шүү дээ. Үүнтэй адил, эд нарыг сайдаар тавихдаа Ерөнхийлөгч бас бодсон байна шүү дээ. Тэгээд “Энэ л нэг хулгай хийчихэж магад” гэж санаа нь зовоод захиж хэлсэн байна даг. Г.Дамдинням өөрөө гарч ирээд “Ерөнхийлөгч, намайг битгий хулгай хийгээрэй гэсэн” гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид ийм хүмүүсийг үдэж явуулж байх учиртай. Энэ шаардлагыг улс төрийн нам тавьж байх ёстой. Энэ нь эрүүл үзэгдэл. Харин ийм эрүүл үзэгдлийг байх ёсгүй юм шиг бодож байвал манай улсад жинхэнэ дарангуйлал тогтож байна, зөв зүйл чинь нухчин дарагдаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Иргэд аравдугаар сарын 20-ноос хойш шатахуун түлшний нийлүүлэлт хэвийн болохыг хүлээж, чадлаараа л тэсэж тэвчлээ дээ?

-Г.Дамдинням зургаа дахь жилдээ УИХ-ын гишүүн хийж байна. Түрүүчийн дөрвөн жилдээ Дарханы замаа ч тавьж чадаагүй тойргийн гишүүн шүү дээ. Ийм ажил хийх чадваргүй цүнх баригч, салбадайг суганы үс байсных нь төлөө сайд болгосон нь энэ Засгийн газрын хамгийн том алдаа байхгүй юу. Тэгэхээр одоо Засгийн газар энэ салбадайгаа сайдаас нь чөлөөлөх хэрэгтэй. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг манлайлагчдаасаа сайдаа тавь л даа. Нэг ёсондоо монгол төр эрүүлжих боломжийг олгож бид энэ тэмцлийг хийж байна. Үүнийг хараад Ерөнхий сайд нь, Ерөнхийлөгч нь ийм шийдвэр гаргах нь уу, эсвэл хамгаалаад явах нь уу гэдгийг ард түмэнтэйгээ хамт харж л байя. Цүнхнээс болоод Л.Оюун-Эрдэнэ огцорсон шиг колонкийн түгээгчээсээ болоод Г.Дамдинням огцрох ёстой гэж би хувьдаа бодож байна. Хил дээр цэргүүдийн дунд асуудал үүсэхэд Батлан хамгаалахын сайд огцордог шүү дээ.

Гэтэл яагаад колонк дээр шагийн бензиний асуудал үүсчихээд байхад Г.Дамдинням сайд “Энэ миний асуудал биш. Тэнд байгаа 1000 түгээгчийг би мэдэхгүй” гээд зогсож байгаа юм бэ. Хэзээ ч бүхэл бүтэн салбар хариуцсан сайд ингэж увайгүйтэж байсан түүх байхгүй.

Г.ГАНЧИМЭГ